Коронагаас жийрхэж, ТАРВАГАН ТАХАЛД ТЭМҮҮЛЭХ адын дон

523

 

Коронагаас жийрхэж, ТАРВАГАН ТАХАЛД ТЭМҮҮЛЭХ адын дон

 

Дэлхий дахинаараа корона вирус гэгч нүдэнд үл үзэгдэх атлаа хүн төрөлхтөнд жигтэйхэн хөнөөлтэй бичил "араатан”-аас эмээн бэргэж, хөл хориулж, явах суухаа цагдуулсаар найман сар гаруй хугацааг үдэж 900 илүү мянган хүн цагаасаа өмнө хальж одов. Монголчууд дотооддоо энэ гайхлыг тарааж алдаагүй боловч "Айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр дор бүрнээ жийрхэн эгдүүцсээр намрын сартай золголоо.

Гэхдээ монголчуудад нэг хачин дон мах цусанд нь шингэтэл шүглээстэй. Энэ нь коронагаас жийрхэх атлаа тарваган тахалд тэмүүлэх адын дон. Хулгар шарын махыг амтлахгүй л бол нойр нь хулжиж, зүүдэлж сэрэх нь холгүй нөхөд захаас аван үргэлжилнэ. Хөлдөөгч, хөргөгчиндөө хадгалж байгаад жилийн дөрвөн улиралд зооглодог нь ч бий. Нийгмийн сүлжээгээр хулгарын тулам, боодогны зураг түгээж, байх суух аргагүй болтол хорхойг нь хөдөлгөнө. Дээрээс нь ийм тийм эд эрхтэн нь ингэсэн тэгсэн хүнд сайн гэж, эгээ л мөнхийн усны дайтай сурталчилгаа хөвөрнө. Тарваганы элэг, цөс, бөөр, давсаг юм болгон ид шидийн гэмээр анагаах увидастай л гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр халуунаар нь, түүхийгээр нь залгих ёстой гэнэ шүү. Ингээд л хурдан унаа хөлөглөж, халуун зэвсэг атгаад хөдөө тийш гарч өгнө дөө. Талын мэрэгчийн нүхийг сахиж, даллуураар даллаж, хошгирч, дэвхэрч, эвхэрч, мөлхөж элдэвлэж байж нухсан хулгарынхаа махыг түүхий залгихыг нь залгиж, шарж түлж ястай үстэй нь зулгааж сая нэг санаа амарна.

Ингэхдээ коронатай зүйрлэх аргагүй аранга ходоод руугаа явуулж буйгаа анзаарах сэхээ байхгүй. Яаран адган өвчихдөө гар хуруугаа эсгэхийг ч юманд тоохгүй. Үгүй ядахдаа үхсэн тарвага зууж ирсэн нохойтойгоо хүртэл булаацалдаж, нохойн шүлстэй юутай хээтэй нь гэдсэндээ хийж байж тайтгарал авна. Ингэж үхэн хатан шунан шүлэнгэтэн байж идэж уусны гайгаар амиа алдсан, өвдөж зүдэрсэн тохиолдол шилээ даран гарсаар. Энэ онд л гэхэд Ховдод, Говь-Алтайд, Завханд тарваган тахлын тохиолдлууд гарч хэдэн хүн амиа өргөчихлөө.

Муу нэрт КОВИД-19-ийн нас баралтын хувь их өндөртөө 100 тохиолдлоос 8-10 орчим гэхэд тарваган тахлынх 30-100 хувь байдаг гэхээр юун титэмт гайхал цаашаа гэмээр аюул. Ийм байхад Монгол Улсын нийт хүн амын тал илүү хувь нь шавааран амьдардаг нийслэл рүүгээ тарваганы тулам, нойтон арьс, бүр байчихаад лаазалсан мах оруулахаар зүтгэж байдаг бөх зүрхтэн тасрахгүй шинжтэй. Коронаг яаж ийгээд эмчилж болж байхад тарваган тахлыг эмнэх бүү хэл илэрмэгцээ өрх гэрээр нь, айл саахалтаар нь хядаад хаячих магадлалтай бактериологийн зэвсэг гэсэн үг. Коронагаар эндэгдэл гараагүй гэж бахархалтайгаар зарлаж буй Монгол Улсад энэ жил тарваган тахлаар өөд болооч хэд хэд болсон нь дандаа өсвөр үеийн хүүхэд, идэр насны залуус. "Сарьсан багваахай, харх иддэг, коронатахаас аргагүй” хэмээн гадныхныг шоглодог бидний амаа олохгүй хүртдэг тарвага ч бас л нэг төрлийн мэрэгч, нөгөө амьтдаас хол ялгаа байхгүй.

Тарваган тахал дэлхийн болоод Монголын түүхэнд ямар балаг тарьж байсныг эргэж нэг санахад ч гэмгүй. Дэлхийн хэмжээнд гэхэд тарваган тахал өнөөгийн корона вирусний адилаар гурван удаа цар тахал маягаар дэгдэж байж. "Юстинианы тархвар” нэрээр түүхэнд үлдэж 531-580 оны хооронд дэгдсэн тахал Хойд Африк, Ойрхи дорнодоор тархаж 100 сая орчим хүний амийг авчээ.

Зүүн өмнөд Азиас эхэлсэн тахал ХIV зуунд Африк, Европоор дэлгэрч, 60 сая хүнийг цааш харуулсан бол 1894 онд өнөөгийн Хонконгод илэрсэн тахал хархаар дамжиж усан онгоцоор "аялсаар” бүх тивд хүрч мөн л хэдэн арван сая хүнийг бүрэлгэжээ. Монголд ч сүүлийн 200 илүү жилийн түүхэнд тарваган тахал гарч, гэр хотлоороо сүйрсэн жишээ цөөнгүй бөгөөд анагаах ухаан хөгжөөгүй байсан үед арга буюу өвчилсөн хүмүүсээ буурин дээрээ үлдээгээд дүрвэн нүүцгээдэг байжээ. Хожим 1931 онд Улаанбаатар хотод "Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг байгуулсан нь ЗӨСҮТ-ийн эхлэл болсон байна.  1930-1940-өөд онд үе үе тарваган тахал гарч тэр бүрд Зөвлөлтийн эмч нарыг авч ирж хүч нэмэгдүүлэн тэмцэж байсан түүхэн баримтууд бий. Ерэн жилийн хугацаанд буюу 1928-2018 оны хооронд 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513 нь нас барсан тухай баримт байна.

Социализмын үед Өвгөнбүргэд-Соболев хэмээх хүүгийн тухай домог мэт яриа дуулддаг байлаа. Үнэн хэрэгтээ энэ бол домог бус, бодит явдал. Дэлхийн II дайны утаа замхрах дөхөж байсан 1945 оны зун Завхан аймгийн Отгон сумын нутагт нүүж одсон айлуудын буурь сахиж хоцорсон  Бавуурааш хэмээх өвгөн нохойгоороо тарвага бариулан хоол залгуулж байсан нь тахал дэгдэх шалтгаан болжээ. Өвгөнийх гэрээрээ сүйрч, гурван настай зээ хүү болох Өвгөнбүргэд эгчийн хамт үлдэхэд хэн ч дөхөж зүрхлэлгүй хөсөр орхиод байсан тэдэн дээр Зөвлөлтийн эмч бүсгүй Любовь Сергеевна Соболева очиж олон хоног хооллож ундалж эргэж тойрсоор хүүгийн амийг аварчээ. Эмчийг очиход амьд хүн байгаа гэдгийг мэдэгдэж чимээ өгч байсан эгч нь нас барсан байсан гэдэг. Ингээд тэр хүү амийг нь аварсан ачтаныхаа нэрийг авч Өвгөнбүргэд-Соболев болоод хожмоо өөрөө бас эмч болж, Дорнод аймагт олон жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажилд зүтгэсэн гэдэг.

Баянхонгор аймагт Цогтын Магсар хэмээх сувилагч эрийн энгэртээ хүүхэд тэвэрсэн хөшөө буй. Мөн л тарваган тахлаар өвчилсөн олон хүний амийг аварч, тэдний төлөө зүтгэж яваад амиа өргөсөн ачтан байжээ.  Хуучны цагт айл хотлоор нь сүйрүүлж байсан тарваган тахал өнөөдөр анагаах ухаан хөгжсөн үед ч аюул занал учруулсаар байна. Коронагаас бэргэдэг шигээ тарваган тахлаас эмээж явбал аминд өлзийтэйг санаж явахад илүүдэхгүй. Ялангуяа хүн ам төвлөрсөн суурин газар, түүн дотроо бөөнөөрөө чихцэлдэн суугаа нийслэлдээ тахал тарааж сүйтгэхгүйн төлөө хулгар шарын мах зөөж зооглохоо азнахад л болох хялбархан зүйл. Корона алдаагүй монголчууд хулгарын тахал үүсгэчихвэл дэлхий даяараа биднээс зай барьж хорвоогийн мухар болоход ойрхон болох вий.

https://zindaa.mn/3do6

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>