НАМ биш ЗАМ ялна

34

Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуулийн онцлог нь сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчид яг хөрсөн дээр буусан ямар ажил хийж чадах вэ гэдэгт иргэд сонгогчид илүүтэй ач холбогдол өгдөгөөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгууль үзэл баримтлал гэхээс илүү үйл ажиллагааны сонголт болдогоороо парламентын сонгуулиас ялгаатай.

Цах тахлын улмаас хязгаарлалтын горимд байсан хичээл сургууль хэвийн горимд шилжиж энэ хэрээр түгжрэл гэдэг асуудал нийслэлийн хувьд толгойны өвчин болоод байна. Ямартаа л зарим нэг нэр дэвшигчид түгжрэлээр попорч машин дотроо хоол унд хийж зад ПИАРдсан боловч оноо авах биш өөрийгөө онигоонд оруулж орхисон.

Тэгэхээр нийслэлийн замын түгжрэлээр шоудах биш харин түүнийг шийдэх оновчтой шийдэл, бодитой шийдвэр гаргаж чадсан нам л энэ удаагийн сонгуульд Нийслэлд ялалт байгуулах нь гарцаагүй болоод байна.

Агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан шиг авто замын түгжрэлийг арилгаж чадах аавын хүү л энэ сонгуульд илүү оноо авах нь дамжиггүй.

Улаанбаатар хот өдрөөс өдөрт хүрээ хаяагаа тэлж шинэ шинэ барилга байшин баригдсаар. Ялангуяа нийслэлийн шинэ төв гэж нэрлэгдэх болсон Нисэх, Яармагийн чиглэлд шинэ хот бий болж, төвлөрлийн шинэ цэг тэнд ид үүсэж байна.

Харин тэнд хот төлөвлөлтийн алдааг ахин давтах эрх өнөөдрийн болоод орон нутгийн сонгуулийн дараа нийслэлд эрх барих хүмүүст байхгүй.

Нэгэнт тэнд барилга орон сууц, шинэ суурьшлын бүс бий болж буй учраас хүн амын төвлөрөл одооноос нэмэгдэж байна. Ирээдүйд улам ч олон хүн энэ бүсэд ажиллаж амьдарна. Тэгэхээр тэнд сүүдрээ тусгаж эхлээд буй түгжрэл хэмээх мангааг хэн одооноос шийдэж чадах вэ гэдгийг нийслэлчүүд бултаараа харж суугаа.

Өнөөдөр Нисэх, Яармаг руу Сонсголонгийн болон Яармагийн гүүр гэсэн хоёрхон чиглэлээр л зорчиж байна. Энэ 2 чиглэлийн авто замын ачаалал өглөө оройдоо хэрээс хэтэрч зам дээр таг түгжрэн машиндаа бухимдагсад зовлонт байдлаа зурагжуулан тоочсон мэдээлэл нийгмийн сүлжээгээр үерийн ус шиг тарж байна. 

Тэгвэл эн түрүүнд Нисэх - Яармагаас шууд 4-р цахилгаан станц, 1-р хороолол руу чиглэсэн шулуун зам бүхий гурав дахь  гүүрийг Туул гол дээгүүр тавих цаг нэгэнт болжээ. 

Ингэж 3 дахь урсгалыг бий болгож чадна гэсэн нам энэ удаагийн орон нутгийн сонгуулиар гуйж биш гуядаж санал авах нь тодорхой.

Хэдэн жилийн өмнө Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндийн замтай холбосон хурдны зам барих зураг төсөл нь гарсан. Энэ хурдны замыг одоо нэн яаралтай барих нь түгжрэлийг шийдэхэд бас л нэг түлхэц болно.

АНУ-ын Нью Иорк хот төлөвлөлтөө блок хэлбэрээр шийдсэн. Түүндээ нийцсэн торлосон шоо дөрвөлжин замуудтай. Яг ийм төлөвлөлт манай нийслэлд, ялангуяа шинэ суурьшлын бүсэд хэрэгтэй.

Дээр нь нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх, дугуйн замыг стандартын дагуу олноор барьж байгуулах, сургуулийн хүүхэд төдийгүй төрийн албан хаагчдын, байгууллага ААН-үүдийн автобус хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд шийдэх ёстой олон асуудал шийдлээ хүлээсээр л. 

Нийслэлийн иргэд зам барьсан, түгжээг тайлсан намыг хоёр гараа өргөн дэмжинэ гэхэд хилсдэхгүй.

Хэн нэгнээ түгжилдэж улс төржих биш түгжээг шийдэх улс төр хийсэн нам Нийслэлд тугаа мандуулах нь тодорхой. Өөрөөр хэлбэл ирэх сонгуульд нам биш зам ялах нь гарцаагүй болчихлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.