Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

496

1. ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ТАМГАА ГАРДАЖ АВЛАА

Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Идэрбат, Н.Ганбямба даргаас тамгаа гардан авлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба Хэнтий аймгийн бодлогын баримт бичгүүд, Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өвөлжилтийн мэдээлэл, төсөв санхүүгийн мэдээллийг гардуулан өгсөн юм. Тэрээр хэрсэн үгэндээ “ Бид нэг баг. Баг дотроосоо аймгийн Засаг дарга маань тодорч байна. Бид баг болж 4 жил гар нийлэн ажилласан. Аймгийн маань эдийн Засаг өнөөдрийн байдлаар 506,7 тэрбум төгрөгийн ДНБ-тэй, аймгийн төсөв 4.4 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй байна. Ингээд шинэ Засаг даргадаа гялалзсан сайхан амжилтыг хүсье” гэв.

Н.Ганбямба даргын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар 2016 оноос сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд орон нутагтаа 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, олон арван бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг шинэ шатанд хүргэж чадсан юм. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат орон нутгийн хөгжлийн хөрсийг амжилттай тавьж, 4 гишүүнтэй мэт ажиллаж чадсанд Н.Ганбямба даргадаа талархлаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ.

2. ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ӨӨР АЙМГИЙН ИРГЭН, ААН-д ХАДЛАН, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Аймгийн Засаг дарга Ц. Идэрбат аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлтэй анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан юм.  Үүнд:

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ээлжийн амралттай байгаа бүх агентлагийн дарга нар, сумдын засаг дарга нарыг 8-р сарын 17-ны өдрөөс ажилд нь эргүүлэн оруулах.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, зөвхөн дотооддоо хадлангийн нөөцөө бэлтгэх, Тодруулбал тухайн сумынхаа нийт хадлангийн талбайн 70 хувийг малчид даа хуваарилж, үлдсэн 30 хувийг Хэнтий аймгийн ААН-үүд арилжааны зориулалтаар хадлан тэжээл бэлтгүүлэхээр зохицуулалт хийх.

Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх

Чингис хотын гэр хорооллыг ИШСүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Үргэлжлүүлээд 14 цагт Төв суурин газрын өвөлжилтийн асуудалтай холбогдуулан Чингис хотыг дулаанаар хангагч байгууллагын дарга нар, Бэрх уулын Чандаганы уурхайн удирдлагуудтай уулзалт төлөвлөсөн байна.

Харин ирэх 7 хоногт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж тодорхой болгох зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

3. ЧАНДГАНЫ УУРХАЙН ХӨРС ХУУЛАЛТЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аймгийн засаг дарга Ц.Идэрбат өчигдөр буюу 8 сарын 8-нд “Бэрх уул” ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцлаа.

Тус уурхайн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд хөрс хуулалтын ажлыг 8 дугаар сарын 1-ээс эхлүүлж, гүйцэтгэл 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн нилээд хөрөнгө оруулалт хийж, машин техник худалдан авснаас гадна, даац хэмжигч пүү тавьсан байна. Ингэснээр олон жилийн турш ААН, компаний хооронд үүсдэг нүүрс тээврэлтийн тонн, хэмжээн дээр гардаг маргаан эцэслэгдэж байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нилээдгүй ажлуудыг хийж байгаа тус компаний захирал н.Даваажавд талархал илэрхийлж цаашид нүүрсний чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

4. МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАЖ, ШУУРХАЙ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ
 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа. Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа түүнийг хариуцлагатай, хяналттай, цаг хугацаанд гүйцэтгүүлж, хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, сахилга хариуцлагыг чангатгаж, эрч хүчтэй шуурхай ажиллахыг даалган амжилт хүслээ.

5. ХЭРЛЭН, БОР-ӨНДӨР СУМДЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй Дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2” төслийн хүрээн дэх эрчим хүчний шинэчлэлийн ажлын талаар хэлэлцлээ.

Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум-Чингис хот, Бор-Өндөр сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил 6,8 тэрбум төгрөгөөр хийгдэх юм. Одоогийн байдлаар тендерийн сонгон шалгаруулалт дээрх хоёр суманд тус тусдаа явагдаж, үнэлгээний хороо хянах шатандаа яваа аж. Ц.Идэрбат Эрчим хүчний сайдад уг ажил ирэх 2021 онд бүрэн дуусах тул ажлаа шуурхай эхлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

“Эрчим хүчний төсөл-2” хэрэгжиснээр – Хэнтий аймгийн Чингис хотын 6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинэчилнэ. Ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, зарим хэсгийг нь газар доогуур тавих аж.

Үүнчлэн, Хэрлэн сумын шинэ суурьшлын бүс, захын гэр хорооллуудад найман байршилд дэд станц байршуулж, аймгийн төвд 80 гаруй км 04 кВ шугам шинээр барина. Гэр хорооллын эгнээ гудам бүрт байрлах модон тулгууртай шугамыг бетон тулгууртай, СИП кабелтай болгох бөгөөд, гэр хорооллын хэрэглэгчдэд нэг стандартын тоолуурын хайрцаг тавьж, айл өрхөд хоёр тарифтай /өдөр, шөнө/ ухаалаг тоолуур тавихаас гадна Зарим ААН-ийн хэрэглэгчдэд гурван тарифт тоолуур тавих юм.

Тухайн төслийн үр дүнд шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарах тасралт багасаж, засварын зардал үлэмж хэмжээгээр буурч, хэрэглэгчид хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хянах, зүй зохистой хэрэглэх боломж бүрдэхээс гадна гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдах болно. Мөн эрчим хүчний чанар сайжирч алдагдал буурах зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Бор-Өндөр, Хэрлэн суманд зарлагдсан тус эрчим хүчний шинэчлэлийн ажилд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан үнэлгээний хороо хяналт тавин ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг үнэлгээний хороо гаргана.

6. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН НУРСАН БАРИЛГЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАШААЖУУЛЖ, ХАРУУЛ МАНААТАЙ БОЛГОХООР БОЛЛОО

/2020.08.11/ Аймгийн Хүнсний үйлдвэрийн нурсан эзгүй барилга Чингис хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчинд олон жил саад учруулсаар ирсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Хангал” ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзаж, хараа хяналтгүй, хариуцах эзэнгүй мэт явж ирсэн уг нурсан барилгад цаашид гэмт хэрэг, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авахаар боллоо.

Энэ дагуу эхний ээлжинд Хангал ХХК ирэх 9-р сарын 5-ны дотор өөрийн хөрөнгөөр хашаажуулах , манаачтай болгохоор болсон байна. Дараачийн авах арга хэмжээг тодорхой хугацааны дараа уулзахаар тохирчээ.

7. Ц.ИДЭРБАТ: БАРИЛГЫН КОМПАНИУДЫН МАРГААНААС БОЛЖ ОРОН НУТГИЙН
ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨХ ЁСГҮЙ

Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын сонгон шалгаруулалтын асуудалтай холбогдуулан “Содон Номин Констракшн” ХХК-ийн төлөөллүүд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай уулзаж, түүний байр суурийг сонслоо.

Эргэн сануулахад, Монголын анхны 13 сургуулийн нэг, 97 жилийн түүхтэй “Алтан гадас одонт” Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шинэ барилга улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудалтай, 2 спорт заал, 1 урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар сонгон шалгаруулалт явагдаж, “Монкон Констракш” ХХК шалгарч өнгөрөгч долдугаар сард барилгын шав тавих ёслол болж ажлаа эхлүүлсэн. Тухайн барилгыг 2021 оны 8-р сард ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой.

Харин тухайн барилгын сонгон шалгаруулалтад оролцсон “Хар Чонот” ХХК тендер будлиантай явагдсан нэрийдлээр шүүхэд хандаж, улмаар барилгын үйл ажиллагааг явуулахгүй хэмээж харуул хамгаалалтын компани хөлсөлж, барилгын үйл ажиллагаанд саад учруулаад байгаа юм. Мөн сонгон шалгаруулалтад гомдолтой байгаагаа “Содон Номин Констракшн” ХХК илэрхийлсэн билээ.

Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тухайн асуудлаар өөрийн байр сууриа компанийн төлөөллүүдэд илэрхийллээ. Тэрбээр тухайн ажил Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг. Тиймээс тухайн ажлын үнэлгээний хорооны шийдвэр гарч гэрээ хийгдсэн учраас ажил үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал барилгын ажлыг зогсоох боломжгүй, барилгын ажил үргэлжлэх ёстой. Ямар компани бариад байгаа нь чухал биш. Барилгын ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Үүний ард орон нутгийн, Хэнтий аймгийн эрх ашиг хөндөгдөж байна. 3000 хүүхдийн сурч боловсрох эрх ашиг хөндөгдөнө.

Суурийг нь ухчихсан, ажил үргэлжлээд явж байхад зогсоож өвөлжүүлэх юм бол тухайн суурин дээр чанартай барилга баригдана гэдэг эргэлзээтэй. Компаниудын гомдол маргааныг бид биш шүүх эцэслэдэг. Бид түүнд оролцох эрх байхгүй. Гэхдээ та нар Хэнтий аймгийн ард иргэд, үр хүүхдүүдийг бодооч ээ. Та нарын маргаанаас болж энэхүү ажил зогсвол суурин дээр асар их хүндрэл үүснэ. Үүнээс болоод муу сургууль баригдах нөхцөл үүснэ.

Маргаан дуусаад гүйцэтгэгч гарч ирээд ажлаа хийлээ гэхэд ирэх хавраас наашгүй. 2019-2020 оны хичээлийн жил нэг улирал хичээллээд он гараад цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаагдсан. Хүүхдүүд цахимаар хичээллэсэн. Энэ нь хүүхдүүдийн сургалтын чанарт маш их нөлөөлж байгаа.

Тиймээс аль компани барилга барих нь сонин биш. Гагцхүү өдөр өдрөөр барилгын ажил үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Бид орон нутгийн эрх ашиг, Хэнтий аймгийн үр хүүхдүүдийн эрх ашгаа бодох ёстой гэлээ.

8. Ц.ИДЭРБАТ: ЭМЧ, АЖИЛЧДАД НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ТЭМЦЛИЙГ ЭЦЭС БОЛГОЖ, “ЁС ЗҮЙТЭЙ, ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ АЖИЛЛААРАЙ” ГЭВ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилчидтай уулзалт хийлээ. Тэрбээр Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн удирдлагуудад үүрэг өглөө.

Аймгийн Засаг дарга нэн тэргүүнд Халдвартын эмнэлэгт байрлах тусгаарлах байртай танилцав. Эмнэлгийн үйлчилгээ хэвийн горимд ажиллаж байгаа ч гадна пасад ховхорсон, хана тааз, цонхноос салхи сийгэж, дулаан алдагдаж засвар шаардлагатай байгааг эмч нар дуулгалаа. Аймгийн Засаг дарга тусгаарлах байрыг бэлдэж, 24 цагаар жижүүрлэж, 7 сарын турш тогтмол ажиллачихаад томуу, цар тахлын дэгдэлтийн үед сэрэмж алдахаас болгоомжилж, хариуцлага алдахгүй байхыг анхаарууллаа. Энэ үеэр тэрбээр Халдвартын тасагт шаардлагатай, олон жил яригдсан “ВАКЦИН ХАДГАЛАХ ХӨРГӨГЧ”-ийг нэн даруй шийдвэрлэж өгөхөөр болов.

Түүний дараа Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн үйлчилгээ, дүрс оношилгооны аппараттай танилцаж, эмнэлгийн эмч, ажилчидтай хоёр удаагийн уулзалт хийлээ.

Уулзалтаар Ковид-19 цар тахлын үед хариуцлагатай ажиллаж байгаа, орон нутагт өндөр хэмжээний мэс ажилбар хийсэн зэрэг эмч ажилчдын ур чадварыг сайшаалаа. Мөн өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай холбоотой гомдол тэмцэл хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн, одоо энэ байдлыг эцэс болгохыг үүрэгдлээ. Эмнэлгийн бүх ажилчид, удирдлагууд хуулийн хүрээнд сахилга хариуцлагатай, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, Хэнтий аймгийн 77 мянган хүний эрүүл мэндийг хамгаалах үүргээ ухамсарлаж, нэгдсэн зохион байгуулалтад орж, шинэ удирдлагуудаа дэмжиж, захирах захирагдах ёсонд үйлчилж, ёс зүйтэй ажиллахыг тэрбээр хүслээ. Нэгдсэн эмнэлгийн дарга н.Оюунгэрэлд ёс зүйтэй байж, хамт олноо манлайлан удирдан зохион байгуулж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн нэр төрийг өндөрт өргөж ажиллахыг үүрэг болгов.

Үүнчлэн эмч, ажилчдаас гарсан саналыг хүлээн авч, нэгдсэн эмнэлгийн 400 гаруй сая төгрөгийн алдагдал, мэс заслын ор, засварын ажлыг шат дараатай шийдвэрлэхээ илэрхийлэв.

9. ХЭНТИЙ АЙМАГТ УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

/2020.08.17/ Өнөөдөр өглөө Хэнтий аймагт Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн эхэллээ. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймгийн албан байгууллагын дарга нарыг хамруулсан 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй болж байна.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нээж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Онцолбол, сумдад өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах, өвс, хадлан тэжээлээ сайтар базаах, төсвийн тодотголтой холбоотой асуудал, сум орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгснөөс гадна, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэх, төрийн албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлыг дэвшүүлж, хариуцлага тооцон ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн ХХААГ-аас Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудлын талаар, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 2020-2021 оны намар, өвлийн цаг агаарын төлөв байдал, ОБГ-аас Гамшгаас урьдчилан сэргийлэх болон КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, Цагдаагийн газраас Гэмт хэргийн нөхцөл байдал, БОАЖГ-аас Хэнтий аймгийн аялал жуулчлалын танилцуулга , хэлэлцүүлэг, БСУГ-аас Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар гэсэн дээрх үндсэн сэдвүүдээр хэлэлцэнэ. Харин үдээс хойш Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай уулзана.

Үүнчлэн “Ковид-19” цар тахлын үед баримтлах ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллага зөвлөгөөний үеэр зохион байгуулж байна.

10. 16-СОЁЛЫН ТӨВД 650 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОВ

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилга, дэмжлэгтэйгээр 2020 оны улсын төсөвт суусан 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн 16 сумын Соёлын төвд хөгжим аппартур, техник тоног төхөөрөмж, лед дэлгэц, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн техник хэрэгслийг Аймгийн удирдлагууд харьяалагдах сумдын Засаг дарга нар, Соёлын төвийн эрхлэгч нарт гардуулан өглөө.

11. БҮХ МАЛЧИН ӨРХИЙГ ХАДЛАН АВАХ БОЛОМЖООР ХАНГАЛАА

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, Сумдын ИТХ, Засаг дарга нартай уулзах уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн.

Үүнээс онцолбол, тэрбээр Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврын дуулгаж

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын 2020 оны 03 тоот албан даалгаврыг гаргуулаад байна. Тухайлбал аймгийн аюулгүйн нөөцөд 900 тн өвс, 200 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 3600 тн өвс, 900 тн тэжээл, нийт аймгийн хэмжээнд 4500 тн өвс, 1100 тн тэжээл тус тус бэлтгэхээр шийдвэрлэснийг дуулгаж, Хадлангийн нөөц гарцтай Биндэр, Дадал, Батширээт сумдын нийт 1900 га талбайг хадлан бэлтгэх гэрээгээр ашиглуулан хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудад олгож байгаа бол, орон нутагтаа Галшар сум Баянхутаг сумаас, Дархан, Бор-Өндөр сумд Норовлин, Батноров сумаас, Баянмөнх сум Баян-Овоо сумаас тус тус 500 га, нийт 2000 га талбайд хадлангийн гэрээ байгуулж, хадлан бэлтгэх боломжийг хангалаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, – Ингэснээр сум орон нутагтаа зохион байгуулалтад орж хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулах, бүх малчин өрхийг хадлан бэлтгэх боломжоор хангаж буйг онцлов. Мөн хадлан бэлтгэх ажилд, малчид, аравт, хоршоодыг сайтар хамруулах үүргийг сумдын удирдлагуудад өглөө.

Сумдын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нартай хийсэн уулзалтаар тэрбээр сумдын дотоод асуудал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг шуурхай авахаар болов.

 
12. АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ УДААШРАЛТАЙ БАЙГАА БАРИЛГЫН КОМПАНИУДАД “ХАР” ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ АНХААРУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх барилгын ажил, засварын ажилд сонгон шалгарч ажлаа удаашралтай гүйцэтгэж байгаа компаниудын захирлуудтай уулзаж албан шаардлага хүргэлээ.

Тухайлбал, “Нишин илч” ХХК, “Макс Майнд” ХХК, “Си Эйч Би Жи” ХХК, “Тунгалаг Буянт Дуут” ХХК, “Гранд очир” ХХК, “Юу ЭН ТИ СИ” ХХК, “Илч дулаан ус” ХХК, “Мангал констракшн” ХХК, “Хос ховор сувд” ХХК, “Дөл БМГ” ХХК зэрэг дээрх 10 компани Хан Хэнтий чуулга, Бэрх тосгоны сургууль, цэцэрлэг, Хэрлэн сумын 2-р цэцэрлэг, Цэнхэрмандалын хуучин сургууль, Хэрлэн халуун ус, Дэлгэрхаан сумын спорт заал гэх мэтчилэн хэд хэдэн барилгын ажил, засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Харин захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагаас ажил удаашралтай гэж дүгнээд байгаа юм.

Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш ажил нь удаашралтай, гэрээт хугацаандаа гүйцэтгэж чадахгүй компаниудад хариуцлага тооцно, шаардлагатай бол “ХАР” жагсаалтад оруулах тухай хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.

Тиймээс өнөөдөр захиалагчийн хяналт тавьдаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг өгснөөс гадна, компанийн удирдлагуудад дараах гурван шаардлагыг хүргэлээ.

Үүнд, Гэрээт хугацаандаа ажлаа гүйцэтгэх,

Барилгын ажлын явцтай танилцаад, ажил удааширсан шалтгааныг тодруулах, гүйцэтгэгч компанийн зүгээс шалтгаалсан ажлыг шахаж, хүчин чадлаа нэмэгдүүлж гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөх,

Хэрвээ ажлаа хугацаанаас хэтрүүлж, чанаргүй гүйцэтгэл, засвар үйлчилгээ хийсэн бол салбарын яаманд мэдэгдэж “ХАР” жагсаалтад оруулах тухай анхаарууллаа.

13. КОВИД-19, ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ЗӨВШИЛЦЛӨӨ

/2020.08.19/ Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баасандорж, НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл нарыг хүлээн авч уулзлаа

Тэрбээр наймдугаар сарын 14-нд Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж, эмнэлгийн даргад хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Харин Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баасандоржид Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай нягт хамтарч ажиллахыг хүсээд, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, ирэх 10, 11-р сард томуу, томуу төст өвчин, “Ковид-19” цар тахлын дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмч нартай зөвшилцлөө. Мөн энэ талаар Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай хэлэлцэж, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, өвчин дэгдвэл бэлэн байдлын хэрхэн хангаж ажиллах талаар зөвшилцөв.

14. ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ АЛБА ХААГЧИД ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО
ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу, өнгөрсөн зуны бороонд эвдэрсэн Чингис хот доторх авто замыг засварлах ажлыг Цэргийн дүйцүүлэх албаны 10 алба хаагчид гүйцэтгэж эхэллээ.

Засварын ажилд Битумина ХХК-ийн нойтон аспальт, замын нөхөөсийг ашиглан замын эвдрэлийг чигжэж тэгшилж байна. Тус ажил гурав хоног хоног үргэлжлэх бөгөөд 2 м.кв талбайгаас ихгүй хэмжээтэй эвдрэлийг засаж байгаа гэдгийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ мэдээллээ. Харин заагдсан хэмжээнээс дээш засварын ажлыг авто зам засвар, арчлалтын Харгуй ХХК энэ сарын 20-ны өдөр буюу маргаашаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ. Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагч иргэдэд мэргэжлийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниас зааварчилгаа өгсөн байна.

15.ЧИНГИС ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ
АЖЛЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Хэрлэн сумын багуудын гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн А/357-р захирамжаар Гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлыг судлан инженерийн шугам сүлжээний байршлыг тодорхойлох, зураглал гаргах, ажлын тоо хэмжээ, зургийн даалгаврыг боловсруулах эрх бүхий ажлын хэсгийг та бүхний харж буй захирамжид заасан бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Ингэснээр аймгийн Засаг дарга Чингис хотын захирагчаар ажиллаж байхдаа гаргасан санаачлага нь ажил хэрэг болж, 2021-2024 онд Чингис хотын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын эхлэлийг тавилаа.

16. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
АЖЛЫН ХЭСГҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2020 оны 05 албан даалгавар гарсантай холбогдуулан бүтээн байгуулалт, цагийн үеийн ажил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах бүрэлдэхүүн хоёр ажлын хэсэгтэйгээр сумдад ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг дарга Ц.Идэрбат удирдах ажилтны зөвлөгөөн, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзах уулзалтын үеэр хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Энэ удаагийн шалгалтын бүрэлдэхүүний зорилго нь аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын хэрэгжилт, гүйцэтгэлд анхаарал тавихад оршиж байна.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатаны ахалсан ажлын хэсэг өнөөдөр Баянхутаг, Галшар, Бор-Өндөр суманд, энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Мөрөн, Өмнөдэлгэр сумд Хэрлэнбаян-Улаан тосгонд ажиллах бол ХШҮДАХ-ийн дарга Ч.Баярцолмоны ахалсан ажлын хэсэг өнөөдөр Гурванбаян тосгон, Батширээт, Биндэр суманд ажиллаж, 25, 26-ны өдрүүдэд Баян-Адарга, Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумд, Бэрх тосгонд ажиллаж юм байна.

Шалгалтын дүнг аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах юм байна.

17. ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

/2020.08.24/ Өнөөдөр өглөө 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилт, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны талаар талууд зөвлөлдөв.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав ахлан холбогдох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хэнтий-Ус ХХК, Харгуй ХХК, Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ салбар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

18. ХУУЛЬ БУС ЖОНШ ОЛБОРЛОГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООНО

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн хууль хяналтын байгууллагуудад Мөрөн суманд хууль бусаар жонш олборлож байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд хатуу тэмцэх үүрэг өглөө.

19. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ӨНӨӨДӨР ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэрээ цар тахлын үед анхаарал сэрэмжээ сулруулахгүй хариуцлагатай ажиллаж, Covid 19-ийн 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн хууль хүчний байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газрын зүгээс тавьсан сургалтын үйл ажиллагааг шинээр нээгдсэн анги нэгтгэлүүдийг хамруулан, чанартай зохион байгуулах, Онцгой байдлын ажилтан албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор тус байгууллагад орон сууцны газар олгож дэмжихээ илэрхийллээ.

Мөн аймгийн Цагдаагийн газарт шаардлагатай автомашин, цагдаагийн кабон, албан хаагчдын комьпютер тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд цаашид хорих байрыг Чингис хотоос нүүлгэх бодлого барьж, шинэ Цагдан хорих байр барих ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо.

Аймгийн Засаг дарга эдгээр байгууллагуудад ажиллах цар тахлын болон үер усны гамшгийн үед идэвх зүтгэлтэй ажилласан нийт 33 ажилтанд Дадал суманд амрах эрхийн батламж гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

Маргааш аймгийн Засаг дарга “Хэнтий Ус” ХХК болон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай нь ууулзалт зохион байгуулна.

20. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭНТИЙ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ САЛБАРЫН АЖИЛЧИДТАЙ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэнтий Цахилгаан Түгээх Сүлжээ Салбарын үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний инженер, техникийн ажилчидтай уулзлаа.

Тус салбар Хэнтий аймгийн 13 сум, 9 баг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг хариуцаж, нийт 11143 айл өрх, 143 төсөвт газар, 886 аж ахуйн нэгж нийт 13086 хэрэглэгчдэд жилд дунджаар 43,9 сая кВт/цаг цахилгаан эрчим хүчийг борлуулж, 6-35 кВ-н 1134,8 км шугам 201 дэд станц, дэд өртөөний засвар үйлчилгээг хариуцан 114 хүний орон тоотойгоор хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өвөлжилтийн бэлтгэл хангах, цаг үеийн ажилтай холбоотой гаргасан албан даалгаврынхаа явцын гүйцэтгэлийн үнэлгээг мөн үеэр шалгаж байгаагаа дуулгалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, хөдөөд болон төв суурин газарт засварын ажлаа хийж гүйцэтгэх, 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэх, Ковид-19 цар тахал, томуугийн дэгдэлтээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Төрийн байгууллагад сахилга хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах зэрэг чиглэлүүдээр хийж буй ажлаа тайлагнаж, үүрэг даалгавар өглөө. Хэнтий ЦТС-Салбарын хувьд өвөлжилтийн бэлэн байдал, засварын ажил 64,3 хувьтай үргэлжилж байгааг салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ариунаа дуулгалаа. Тиймээс үлдсэн сар шахам хугацаанд ажлаа түргэвчлэхийг аймгийн Засаг дарга даалгав.

Мөн Чингис хотын хогны менежментийн асуудлыг шийдвэрлэхэд танай салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, удахгүй “Эрчим хүч-2” төсөл хэрэгжинэ, цаашдаа бодлогын томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх зорилт тавьж буйгаа уламжиллаа. Мөн ажилчдаас гарсан саналыг хүлээн авч, тухайн салбарын ажилчдад орон сууцны зориулалттай газрын асуудлыг холбогдох газарт уламжилбал, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах боломжтой гэж үзэж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Тухайн компани 2020 онд ТЗБАХ-ний хүрээнд 9 нэр төрлийн 1,123, 8 сая төгрөгийн ажил төлөвлөгдөж, 5 нэр төрлийн 810,8 сая төгрөгийн ажлыг хийж, 72,4 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны их засварын хүрээнд дөрвөн нэр төрлийн 76,5 сая төгрөгийн ажил төлөвлөж 100 хувь гүйцэтгэжээ.

21. ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН БОХИРЫН ШУГАМЫН НАСОСЫГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛОВ

Хүйтний ам наашилж буй энэ үед хүн ам төвлөрсөн хотын дулаан, цэвэр усны хангамжийн асуудал, бэлтгэл бэлэн байдал нэгдүгээрт тавигддаг. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нар өнөөдөр Хэнтий-Ус ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл, ажлын явцтай танилцаж, Чингис хотыг дулаанаар хангаж буй тус компанийн ажилчидтай уулзлаа.

Компанийн захирал, нягтлан бодогч, инженерүүд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан нэн шаардлагатай байгаа 28 сая төгрөгийн өртөгтэй бохир усны насос, Бэрх дулааны станцын нүүрс түрэгч ковшийг шийдвэрлэж өгөх, цаашлаад Чингис хотын бохир усны гол шугам /коллектор/, ундны цэвэр усны эх үүсвэрийн харуул хамгаалалтын асуудал, уурын зуухнуудад галч тогтвортой ажилладаггүй учраас гал алдах нөхцөл үүсдэг гэх мэтчилэн тулгамдаж буй асуудлыг аймгийн Засаг даргад уламжиллаа.

Харин Ц.Идэрбат өвөл гал алдахгүйн тулд уурын зуухнуудад галч, машинистаар ажиллах ажилчдыг ШШГГ-аас гэрээт байдлаар ажиллуулж болох эсэх талаар судалж үзэхээ илэрхийлж, тооцоо судалгаагаа гаргахыг даалгав. Өнгөрсөн зуны үерийн улмаас Чингис хотын бохир усны хоёр насосын нэг нь эвдэрсэн. Тухайн асуудлыг УОК-т уламжилсан, аймгаас ч шийдвэрлэх боломжтой. Тиймээс хотоо бохирт автах аюулаас нэн даруй сэргийлж, насосын асуудлыг даруй захиалж, угсрахыг даалгалаа. Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын асуудлыг Чингис хотын захирагчтай зөвшилцөж шийдвэрлэх, үүнчлэн орон нутгийн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцож, гүйцэтгэсэн 200 сая төгрөгийн гүйцэтгэлийг тэрбээр холбогдох компаниудтай уулзаж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

22. АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА

/2020.08.26/ Өнөөдөр орой аймгийн Онцгой комиссын 28 дугаар хурал болж, таван асуудлаар хэлэлцэж, холбогдох гурван шийдвэр, Засаг даргын захирамж төлөвлөгдөн, мөрдөгдөж эхэлхээр боллоо.

Тоймолбол, Онцгой байдлын газар, ЭМГ, МХГ-аас Аймгийн хэмжээнд коронавирус (Ковид 19) цар тахлын эрсдлийн үнэлгээ хийсэн танилцуулга, зөвлөмжийн талаар, Цар тахлын өнөөгийни нөхцөл байдал, Хорио цээрийн дэглэм”-ын хяналт цаашид авах арга хэмжээний талаар мэдээлсэн бол Зооноз өвчин судлалын төвөөс Аймгийн нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис нөхөн хангалтын талаар, аймгийн ХХААГ-аас аймгийн Хүнсний нөөцийн талаар мэдээлэл хийж, эцэст нь комиссын гишүүд хэлэлцэж, аймгийн Онцгой комиссын даргын шийдвэр гарлаа.

Үүнд, Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай шийдвэр гарч Шуурхай штабыг байгуулж өдрийн 8 цагаар ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосон бол 9-р сарын нэгнээс эхлэн бүх төр, хувийн хэвшлийн байгууллагаар масктай үйлчлүүлэх шийдвэр гарч байна. Үүнчлэн Коронавирусын халдвар /КОВИД-19/ цар тахлын болзошгүй шаардагдах эрсдэлийг бууруулахад хөрөнгө зарцуулах тухай шийдвэр гарч, аймгийн нөөц бүрдүүлэлтэд шаардагдах 27 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас шийдвэрлэхээр боллоо. Мөн Дадал сумын Гурван нуур амралтын газраас аймгийн Онцгой комиссд 36 хүнийг тав хоног амраах эрхийн бичиг ирснийг хуваарилан болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэх, бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа ОБГ, ЦГ, ЭМГ, Зооноз өвчин судлалын төв, МХГ-ын албан хаагчдад олгох болсноо Онцгой комиссын дарга мэдэгдэж, ЭМГ-т батламж гардууллаа.

23. БҮХ НИЙТЭЭРЭЭ АМНЫ ХААЛТ ЗҮҮНЭ

 

Онцгой комиссын хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат (Ковид 19) цар тахлын болзошгүй эрсдлээс сэргийлж, бүх нийтээрээ Амны хаалт зүүнэ. Бид тайвширч болохгүй гээд үйлчилгээний бүх байгууллагууд “Амны хаалтгүй хүн”-д үйлчлэхгүй байх, олон нийтийн газар амны хаалтгүй явахгүй байх, бага насны хүүхдүүддээ амны хаалт зүүлгэхийг анхаарууллаа.

Ингэснээр 10-р сараас эхэлдэг өвлийн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх давхар томоохон ач холбогдолтойг онцоллоо.

24. БАРИЛГЫН КОМПАНИУД АЖЛАА ШУУРХАЙЛАХГҮЙ БОЛ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ, ЦААШИД ХЭНТИЙ АЙМАГТ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ АНХААРУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хэнтий аймгийн Дэд бүтцийн зөвлөл хуралдаж, 2020 оны хөрөнгө оруулалттай холбоотойгоор гүйцэтгэлийн ажил удаашралтай байгаа зарим компаний удирдлага, инженерүүдтэй уулзалт хийж, гүйцэтгэлийн ажлаа шуурхайлах, чанар стандартыг ягштал баримтлах чиглэл өгч, шаардлага биелүүлээгүй тохиолдолд Саарал жагсаалтад оруулах, цаашлаад Хэнтий аймагт дахин барилгын гүйцэтгэгчээр ажиллах боломж олгохгүй байх талаар анхаарууллаа.

Тодруулбал, эдгээр 4 барилгын ажлын гүйцэтгэгч компаниудад дараах үүрэг чиглэлүүдийг өгсөн байна

1. Өмнөдэлгэр суманд баригдаж буй 640 хүүхдийн сургуулийн 4 тэрбумын өртөгтэй барилгын гүйцэтгэгчээр MGBL ХХК ажиллаж байгаа. Тус компаний хувьд ажлаа эхлээд 1 сар болж байгаа бөгөөд суурийн нүх ухах ажил явагдаж байгаа энэ онд 1 тэрбум, ирэх онд үлдэгдэл 3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж ажил дуусах төлөвлөгөөтэй. Энэ жилийн төлөвлөгөөнд суурийн цутгалтын ажил ороогүй гэдэг шалтгаан хэлж байгаа боловч өнөө жилдээ багтааж сууриа цутгах чиглэл өглөө.

2. Хан Хэнтий чуулгын барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Максмайнд” ХХК Санхүүжилтийн асуудлыг сангийн яаманд уламжилж яаравчлуулах, зургийн компанийг шуурхайлуулах гэсэн 2 санал тавилаа. Тус компаний хувьд санхүүжилтийг нь сангийн яаманд уламжилж өгөхөөр болсон бөгөөд төлөвлөгөө ёсоор 12-р сардаа багтаан ажлын гүйцэтгэлээ чанартай дуусгах, асуудал ярьж, ажил удаашруулахаа зогсоох үүрэг өглөө.

3. Бор-Өндөр сумын орон сууцнуудын дээврээс ус гоожлоо гэсэн иргэдийн гомдол ирсэн. Үүний дагуу тухайн пасадны ажлын гүйцэтгэгч компанийг дуудаж уулзаж, газар дээр нь ажилла, үлдсэн байшингуудын ажлаа дуусга гэсэн үүрэг чиглэл өглөө. Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ажлын хэсэг гаргаж, зохиогч болон Мэргэжлийн хяналт, Бор-Өндөр сумын ажлын хэсэгтэй хамтран дөрвөлсөн хяналт шалгалт хийж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн иргэдийн гомдлыг барагдуулахыг үүрэгдлээ.

Одоогийн байдлаар Бор-Өндөр сумын орон сууцнуудын пасадны ажил 50 хувьтай байгаа юм. Үүнийг энэ 7 хоногтоо ажлын хэсэг гаргаж, 9-р сардаа багтаан ажлаа шуурхай дуусгаж, иргэдийн гомдлыги барагдуулахыг хатуу анхаарууллаа.

4. Хэрлэн 2-р цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчид модон хийцтэй барилгад суурийн болон, давхрын заагт цутгалт хийснээр гүйцэтгэлийн горим алдагдсан тул маргааш МЭргэжлийн хяналтын байгуулагын шалгалт оруулж, алдааг хэрхэн засах гаргалгааг гарган хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангасан барилга барьж, гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, 9-р сарын 15-ндаа багтаан барилгын ажлаа дуусгахыг үүрэгдлээ.

Мөн Туркийн төслөөр хийгдэж буй зоорины гүйцэтгэгч компаний удирдлага ирээгүй тул төслийн багийнхантай холбогдож, ГХБХБГазар зоорины гүйцэтгэлтэй танилцахаар боллоо. Уг барилгын гүйцэтгэгчийг тухайн төслийнхөн шалгаруулж, ажил нь үргэлжилж байгаа бөгөөд ашиглалтад орохоор Хэрлэн суманд хүлээлгэн өгөх юм байна.

Аймгийн Засаг даргын эхлүүлсэн банкны байрны Дахин төлөвлөлт ирэх хавраас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах ажил хэрэгжинэ. Тиймээс “Хэнтий Ус” ХХК өнөө маргаашгүй ажлаа дуусгаж, улсын комиссыг ажиллуулахаар боллоо.

Түүнчлэн Чингис хотын бүх “Хүүхдийн тоглоомын талбай”-г нэг эзэнтэй болгож, аюулгүй байдал, засвар үйлчилгээний асуудлыг тогтмолжуулахаар шийдвэрлэлээ.

25. БАТНОРОВ СУМЫН “ЗОСЫН ХҮЛЭГ” УЯАЧДЫН ГАЛААС АХМАД МОРЬ ЦОЛЛООЧ
М.ЧОЙДОГ ГУАЙД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын санаачилгаар Батноров сумын “Зосын хүлэг” уяачдын гал Хэрлэн сумын 3-р багийн өндөр настан, морь цоллооч, ерөөлч магтаалч Мядын Чойдог гуайд өргөө цагаан гэр барьж өглөө.

Батноров сумын “Зосын хүлэг” уяачдын гал нь 2014 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 30 гаруй гишүүн уяачтай болжээ. Уг галынхан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажлуудад нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа бөгөөд галын тэргүүн Н.Тэгшжаргал насаараа морь цоллосон эрхэм хүндтэй ахмад буурлаа баярлуулж, өргөө цагаан гэр гардуулж байгаадаа бид баяртай байна гэлээ.

26. БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа. Уулзалтад Барилгын салбар, Жижиг дунд үйлдвэрлэгчид, ШТС-ын төлөөлөл, уурын зуух, ахуйн үйлчилгээ, хүнсний ногооны салбар, худалдаа эрхлэгчдээс бүрдсэн 70 шахам бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд Аймгийн ОБГ-аас Корона виурстэй холбоотой зөвлөмж хүргэлээ. Үргэлжлээд Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл хийж өнгөрсөн хавар бизнес эрхлэгчидтэй байгуулсан санамж бичиг, түүний гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нэн тэргүүнд Хэнтий аймгийн төсвийн орлого өнөөдрийн байдлаар 1,3 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Энэ бол бизнес эрхлэгчид та бүхний хөдөлмөр, хүчин зүтгэлийн илэрхийлэл хэмээж, талархал дэвшүүллээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших ажлаа товч танилцуулж, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, шийдвэрлэвэл зохих асуудлыг тэмдэглэн авч, судалж үзэхээр боллоо. Бизнес эрхлэгчдээс ИНБ-уудын сүлжээг байртай болгох, ААН, жижиг дунд үйлдвэрүүд халаалтад хөнгөлөлт эдлэх, Чингис хотоос мал аж ахуй эрхлэгчдийг гаргах, Ногоочдын тогны асуудал, мэдлэгээ тэлэх сургалт авах, 200 тоннын багтаамжтай зоорийн асуудал, Төсөл арга хэмжээ, салбарын мэдээллийн урсгалыг сайжруулах гэх мэтчилэн арав гаруй асуудал дэвшүүллээ. Мөн үеэр аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд өрөө шийдвэрлэн өгч буйг Засаг дарга мэдэгдэв.

Бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах, мэдээллээ тогтмол солилцох, гаргасан санал, дэвшүүлсэн асуудлыг ажил хэрэг болгох талаар талууд зөвшилцөж, уулзалт өндөрлөлөө.

Ташрамд дуулгахад, Хэнтий аймагт Ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 400 орчим иргэн, ААН бий бол 136 хоршоотой аж. Харин 312 иргэн, ААН жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг уулзалтын үеэр мэргэжлийн байгууллага мэдээллээ. 2019 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд санд 1 тэрбум төгрөг хуваарилагдаж 13 төсөлд 730 сая төгрөг, 2020 онд 8 төсөл шалгарч 912 сая төгрөгийн хүсэлт гаргасан байна.

2011-2020 онд сумдын Сум хөгжүүлэх сангаас 1126 төсөлд 9,4 тэрбум төгрөгийн зээл олгосноос 2020 оны хагас жилийн байдлаар 5,8 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн бөгөөд 3,6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл байгаа бөгөөд аймгийн хэмжээнд зээлийн эргэн төлөлт 61 хувьтай байгааг эх сурвалж дуулгав.

27. АМНЫ ХААЛТ ЗҮҮСЭН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХИЙГ АЛБАН БАЙГУУЛЛАГА, ААН-д ҮҮРЭГ
БОЛГОЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ


/2020.09.01/ Аймгийн Онцгой комиссын хуралдааныг үндэслэн Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/369 дүгээр захирамж гарсан.

Тухайн захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд Коронавирусын халдвар /Covid-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс АМНЫ ХААЛТ ЗҮҮСЭН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХИЙГ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, захирлуудад үүрэг болсон.

Энэ хүрээнд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шалгалтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж эхэллээ. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар удирдан нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн газар, төрийн байгууллагууд болон хувийн хэвшилд шалгалт явуулж байгаа бөгөөд шаардлага биелүүлээгүй, амны хаалтгүй үйлчилсэн албан байгууллагууд, ААН-д хариуцлага тооцох юм байна.

Тиймээс хичээл сургууль орж, хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед албан байгууллага, ААН-үүд амны хаалттай иргэдэд үйлчлэхийг, ард иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж, амны хаалттай олон нийтийн газраар зорчиж, амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна. Ингэснээр коронавирусын халдвар, 10-р сараас дэгддэг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

28. ХЭРЛЭН СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

/2020.09.01/ Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хэрлэн сумын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, техникийн үндэслэл, ажлын тоо хэмжээ, шугам сүлжээний байршил тогтоох ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хурлаар гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугамд холбох байршлын зураг гаргаж, цэвэр ус, дулааны магистрал шугам болон салбар шугамуудын байршил тогтоож, ажлын тоо хэмжээ гаргасан үр дүнг хэлэлцлээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тухайн ажлын хэсэг дараагийн хурлаар зургийн даалгавар боловсруулж танилцуулах аж. Ингэснээр ирэх оны төсөвт зургийн ажлыг нь суулгах, Дулааны станцын зураг төсөлтэй уялдуулж, эхний хагас жилд зургаа боловсруулах, ажлаа үе шаттай эхлүүлэх нөхцөл тавигдах юм.

29. ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Харгуй ТӨХК-ийн ажилчид Чингис хот доторх авто замын эвдрэлийг засварлаж эхэллээ. Өнөөдөр тэд “Хишиг” ХХК-ийн уулзвараас ажлаа эхлүүлж, авто замын эвдрэлтэй хэсгийг хуулж нөхөн асфальтаар хучиж, засварлаж байгаа бол үдээс хойш МЦХ- Сэцэн хан төвийн төв зам дагуух авто замын эвдрэл, маргааш баруун дөрвөн зам – 99 хоршооны авто замын эвдрэлийг засварлана гэв.

Өнгөрсөн сард аймгийн Засаг дарга Ц.Идэрбат авто зам засварлах үүрэг даалгавар өгч, Цэргийн дүйцүүлэх албаны 10 алба хаагч 2 м.кв-аас ихгүй эвдрэлтэй авто замыг засварласан бол “Харгуй” ТӨХК үргэлжилсэн борооны улмаас 8-р сарын 20-ны өдрөөс засварлах ёстой авто замын ажлаа хойшлуулаад байсан юм.

Бороотой үед асфальт хөрөх, чийг аваад буцаж задрах эрсдэлтэй байдаг тул засвар үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ гэж Харгуй ТӨХК-ийн талбайн инженер Ц.Гүржав мэдээллээ.

30. АХМАДЫН ХОРООГ АВТОБУСТАЙ БОЛГОХООР БОЛЛОО

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нар өнөөдөр аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзлаа.

Ахмадын хорооны дарга Ч.Адъяа “-Та бүхэн одоогоос хоёр жилийн өмнө ахмадуудаа ордонтой болгосон. Ахмадын хороо байгуулагдаад 30 жил болоход бид өөрийн гэсэн байргүй, үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байсан бол, ордонтой болсноор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж Хэнтий аймгийн ахмадуудын оролцоо улсдаа тэргүүнд эрэмбэлэгдэх болсон. Мөн улсынхаа хэмжээнд өөрийн гэсэн ордонтой гурван аймгийн нэг болсон” хэмээж талархал илэрхийллээ. Ахмадын хороонд “Нандин” өв соёл, чөлөөт танхим, чийрэгжүүлэлтийн танхим, номын сан, караоке, бүжгийн танхим тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.

Аймгийн Засаг дарга ахмадуудад өвөлжилтийн бэлтгэл, 2020, 2021 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, төрийн албаны сахилга хариуцлага, /Ковид-19/ цар тахлын бэлэн байдал, зохион байгуулалтад анхааран ажиллаж буйгаа дуулгаж, ахмадууддаа амны хаалт зүүж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Мөн үеэр Аймаг, сумын Засаг дарга нар Хэрлэн сумын ахмадын хороонд өндөр хүчин чадалтай суурин компьютер, өнгөт принтерийн хамт гардуулан өглөө. Ингэснээр ахмадын урамшуулал, ахмадын хорооны үйл ажиллагааны зардал, амралт сувиллын эрхийн бичгийг ахмадын хорооны өөрсдийн зохицуулалтад шилжүүлэх зэрэг та бүхний хүссэн дөрвөн асуудлыг шийдвэрлэлээ гэж аймгийн Засаг дарга цохон тэмдэглэв.

Уулзалтын үеэр ахмадын хорооноос дэргэдээ авто машинтай болох хүсэлт уламжилхад аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аливаа үйл ажиллагаанд оролцоход ахмадуудад унааны асуудал хүндрэлтэй байдаг, унаатай явлаа ч гэсэн хамт олноороо явах боломж төдийлөн бүрддэггүй. Тиймээс нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө залуу наснаасаа зүтгэж ирсэн ахмадуудаа автобустай болгоно гэлээ. Улмаар суудлын тоо, туулах чадварыг судалж, ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэхээ илэрхийлэв.

31. ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ЗУРГААН КОМПАНИД АЖЛАА
ШУУРХАЙЛАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

/2020.09.02/ Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Дэд бүтцийн зөвлөл ээлжит хурлаа хийж ажил нь удаашралтай байгаа 6 компанийн удирдлагуудыг байлцуулан ажлаа шуурхай гүйцэтгэж улсын комиссод хүлээлгэн өгөх шаардлага хүргэлээ.

Тухайлбал, Бэрх тосгоны сургуулийн барилгын их засвар, Хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын ажил, Норовлин сумын Эрүүл мэндийн төв, Хэрлэн сумын зургадугаар багийн Халуун усны барилга, Мөрөн сумын ЕБС-ын засварын ажлыг гүйцэтгэгч компаниудад ажлаа хугацаанд дуусгахыг шаардлаа. Хэрвээ товлосон хугацаанд ажлын зургийн дагуу чанартай гүйцэтгэхгүй бол аймгийн Засаг даргын зүгээс дараагийн арга хэмжээ авч, “Саарал жагсаалтад” оруулах тухай мэдэгдсэн. Саарал жагсаалтад орсноос тухайн компани үйл ажиллагаагаа гурван жил явуулах боломжгүй болно гэсэн үг.

Мөн хурлаар барилгын магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэгч компани өөрсдийн шийдвэрээр зарцуулахаас сэргийлж, захиалагчийн хяналтын үүргийг хэрэгжүүлэгч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, зургийн зохиогч гэсэн талууд протоколоор баталгаажуулан гаргах шийдвэрт хүрлээ.

Үүнчлэн Баян-Овоо сумын Соёлын төвийн засварын ажилд нэмэлт засварын ажил гарсан тул Сангийн яам руу нэмэлт санхүүжилт хүсэх хүсэлт хүргүүлэх шийдвэр гарснаас гадна, Хэрлэн сумын хоёрдугаар цэцэрлэгийн дээврийн хүчитгэлийн асуудлаар зургийн зохиогч руу мэдэгдэл хүргүүлэх, Банкны байрын дахин төлөвлөлтийн ажлыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх, Дэд бүтцийн зөвлөлийн өмнөх хурлын шийдвэрт хяналт тавих, Хэнтий-Ус ХХК-ийн ажлын гүйцэтгэл 19 сая төгрөгийн өрийн асуудлаар “Хөвсгөл геологи” ХХК руу албан бичиг хүргүүлэх ажил төлөвлөгдөв.

Дэд бүтцийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт таван компанийг ирүүлэн шаардлага хүргэсэн бол, ирэх долоо хоногт мөн 5 компанийн төлөөллүүдийг дуудаж уулзана гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

2020 оны улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтад аймгийн Засаг даргын зүгээс хатуу хяналт тавьж, ажил нь удаашралтай байгаа компаниудад ийнхүү хатуу анхааруулж, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд хүлээн авахаар ажиллаж байна.

32. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ,
ТАРИАЛАНЧДАД ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар “Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөн” -ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож, аймгийнхаа тариаланчидтай уулзан, үйл ажиллагаатай нь танилцаж, санал солилцлоо. Энэ үеэрээ тариаланчдын зүгээс болон тосгоны захирагчийн тавьсан нэн шаардлагатай зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Тухайлбал,

  • Аймгийн зүгээс Хурх тосгоны тариалангийн бүс нутагт ажилладаг цагдааг тогтвортой ажиллуулах, ажиллах орчин нөхцлийг нь сайжруулахад анхаарахаа илэрхийлж, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр тухайн цагдааг эргүүл хяналтын автомашинаар хангахаар боллоо.
  • Хурх тосгоны захирагчид хуулийг орон нутагтаа хэрэгжүүлж, хууль ёсоор тариаланчдад эзэмшүүлж буй тариалангийн бүсэд нэвтэрч суурьшсан малчидтайгаа зөвшилцөн ярилцаж, тариаланчид-малчид-төр гэсэн гурвалсан гэрээ байгуулан тухайн малчдыг шаардлага хангахуйц өвөлжөө хаваржааны газраар хангаж, олон жил бугшсан уг асуудлыг цэгцлэх үүрэг өглөө. Энэ ажилд тариаланчдын зүгээс малчдыг нүүлгэн шилжүүлэх зардлыг хариуцан дэмжиж ажиллана гэв.
  • Мөн аймгийн хэмжээнд тариалангийн бүс нутагт данслагдсан боловч ашиглагдалгүй удсан газруудыг эргэлтэд оруулж, жилд авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлан ажил хэрэг болгохыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад сануулав.

Эцэст нь Хурх тосгоны төвөөс хойш 12 км зайд байрлах тариалангийн бүс нутаг Яргайтруу цахилгаан дамжуулах агаарын шугам холбох ажлын талаар судлан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

33. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН
ОЙД ЗОРИУЛСАН “БАЯРЛАЛАА” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Монгол Улс 1945 оны Чөлөөлөх дайнд ялсны, Зөвлөлт-Монголын арми Японы милитирзмыг буулган авснаар дэлхийн II дайн дууссаны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүний хүрээнд өнөөдөр Батлан хамгаалах салбарын бодлого зорилтыг сурталчлах “Баярлалаа” спорт, урлагийн өдөрлөг Өмнөдэлгэр суманд боллоо. Өдөрлөгт ЦДБЭЧуулга, Алдар БТСХороо, Цэргийн төв эмнэлэг зэрэг БХЯ-ны харъяа байгууллагууд оролцож хамтран ажиллаж байна.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар оролцож, баяр хүргэлээ. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: Бид бүхэн Чөлөөлөх дайны ялалтыг хэрхэвч мартаж болохгүй. Монгол эх орон газар шороог бидний өвөг дээдэс ямар үнээр бидэнд үлдээснийг хүн бүр үр хүүхэддээ зааж захиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байх ёстойг онцлон дурдлаа.

34. ХЭРЛЭН СУМЫН ТАРИАЛАНЧИД, НОГООЧДЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

/2020.09.08/ Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн нээлтийн өнөөдөр боллоо.

Уг Төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад 2020-2026 онд хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Монгол улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдож буй буцалтгүй тусламж, зээлийн гэрээнд оролцогч талууд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сум шалгуур үзүүлэлтэд хүнсний ногооны үйлдвэрлэл, төрийн болон орон нутгийн өмчийн усалгааны системтэй байх, мөн жижиг болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шалгуурыг хангаж сонгогдсон болохыг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.

Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн зохистой дадлын хүрээнд хүнсний ногоо тариалах, хураах, хураалтын дараах боловсруулалт хийх, усны хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангах, сав баглаа боодол, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд үр ашигтайгаар нийлүүлэхэд нь чиглэсэн чадавх бий болгоход дэмжлэг үзүүлж, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах юм.

35. “ҮНДЭСНИЙ ЦОМ 2020”ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАА
ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Хэнтий аймгийн хөлбөмбөгийн шигшээ баг энэ жил “Үндэсний цом” 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзлаа.

МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг уг тэмцээн өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон бол энэ жил Улаанбаатар хотод ирэх 14-ний өдөр болох юм.

“Чингис хотын хөлбөмбөгийн холбоо” ТББ-ын баг тамирчдад аймгийн Засаг дарга Ц.Идэрбат амжилт хүсэж, Чингис хоттой хамтран баг тамирчдын тэмцээнд оролцох зардлыг хариуцаж, дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

“Чингис хотын хөлбөмбөгийн холбоо” ТББ-ыг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өмнөх жилүүдэд дэмжиж хамтран ажиллаж, Чингис хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг хотын захирагчийн ивээл дор хоёр жил дарааллан зохион байгуулж байсан юм.

36. ЧИНГИС ХОТЫН УНДНЫ УСНЫ НӨӨЦ БҮХИЙ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА

Аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанд Хэрлэн голын сав газрын захиргаанаас Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сумдын тодорхой нутаг дэвсгэрт хамаарагдах Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн ус авах байгууламжийн талбай болон газрын доорх усны ашиглалтын нөөц батлагдсан орд газрыг орон нутгийн хамгаалалтад авах саналыг өргөн барьж, төлөөлөгчид хэлэлцэн баталлаа.

Ингэснээр Чингис хотын хүн амыг эрүүл, аюулгүй баталгаат усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, усны нөөцийг хомстол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах зорилгоор Хэрлэн суманд 1049.97 га, Мөрөн суманд 1863.93 га, Баянхутаг суманд 3170,42 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд нийтдээ 6084,32 га газрыг хамарч байна.

37. ХЭНТИЙ АЙМАГТ “СОЁЛЫН ЦАГ” АЯН ӨРНӨЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон Хэнтий аймгийн ЗДТГ хамтран “Соёлын цаг” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Уг аяны нээлтийг өнөөдөр 10 цагаас эхлэн бүх сумдад зэрэг зохион байгууллаа. Чингис хотод зохион байгуулсан аяны нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, АДБ-ийн “Хан Хэнтий” чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ, Музейн дарга Н.Нямсүрэн, Номын сангийн дарга Ж.Тогтох нар хүрэлцэн ирж, Хэрлэн сумын 100 гаруй хүн оролцлоо.

Иргэдэд чуулгын уран бүтээлчид үнэ төлбөргүй тоглолт хүргэсэн бол Р.Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас соёл урлагтай холбоотой “Монголчууд XX зуун” номын дээжис, музейн үзмэр, бүжиг, соёл урлаг, эртний туульс, түүх домогтой холбоотой 80 гаруй номын үзэсгэлэн гаргаж уншигчдад цахим бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ. Номын санчид аянд оролцогч иргэн бүрт төрийн шагналт зохиолч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангаас эрхлэн гаргадаг “Залуу нас” сонин, номоо ариг гамтай уншъя уриан дор хавчуургын хамт бэлтгэж, бэлэг барилаа.

Аймгийн музейгээс Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газар, “Монголын нууц товчоо”, хоёр дахь мянганы суут удирдагч Чингис хаантай холбогдолтой бүтээлүүдийг үзэсгэлэн гаргав. Мөн Соёлын сайдын гаргасан шийдвэрийн дагуу 18 нас хүртэлх хүүхдүүд, ХБИ, ахмадуудад ажлын цагуудаар үнэ төлбөргүй музей үзүүлж, орон нутгийн музейн үзмэр сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид аян Хэнтий аймгийн бүх багт болох аж.

38. АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг, Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн ар гэрт буяны өглөг гардууллаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан 1937-1939 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Зөвлөлтийн заавар онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийн гардан хэрэгжүүлэх бүтэц 25824 хүнийг хилс хэрэгт шийтгэсэн байна. Манай аймгийн хэмжээнд энэ хэлмэгдүүлэлтэд хамгийн их буюу 2627 иргэн хэлмэгдсэн тоо гарсан. Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ үндэстний ой санамж эх оронч сэтгэлгээг хэдий хэмжээгээр таслан хаясныг илтгэж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг төрөөс гаргаж давтаж болохгүй балмад үйлдэл хэмээлээ.

1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

39. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭНТИЙ АЙМГИЙН 265 ЭЭЖИД “ЭХИЙН АЛДАР” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГ ГАРДУУЛЛАА
 

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Хэнтий аймгаас 292 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 20, Хоёрдугаар зэргийн одонг 272 ээж тус тус хүртсэн.

Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 265 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 248 ээжид гардуулан өглөө. Харин 27 ээж хүндэтгэх шалтгаанаар хүрэлцэн ирж чадалгүй, орон нутгаараа дамжуулан одонгоо гардан авна.

40. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД БАЯР ХҮРГЭЖ ЦЭЦЭГ ХҮРГЭЛЭЭ

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Тэгэхдээ одон хүртэх нийт ээжүүдийн төлөөлөл төрийн ордонд Ерөнхийлөгчөөс гардан авч, үлдсэн нь харьяаллынхаа Засаг захиргаанаас эх үрсийн баяраар хүртэж ирсэн уламжлалтай.

Харин энэ жил /Ковид-19/ цар тахлын улмаас эхийн одон гардуулах ёслолын ажиллагааг хойшлуулаад байсан бол МУ-ын ерөнхийлөгч ийнхүү анх удаа ‘’Эхийн алдар’’ одонгийн болзол хангасан нийт эхчүүдэд орон нутагт хүрэлцэн ирж одон гардууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийт эхчүүддээ баяр хүргэж, цэцэг ирүүлснийг одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах орон нутгийн ажлын хэсэг талархлын үгтэй хамт өргөн барилаа.

41. НАМРЫН БАЯР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 14 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

/2020.09.16/ Хэнтий намрын баяр-2020 үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн худалдааг ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, ШИНЭ УРГАЦ, НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН уриан дор явуулж байгаа бөгөөд 15 сумын 200 гаруй баялаг бүтээгчид гар урлал, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ хэнтийчүүддээ борлуулж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Г.Хэрлэнчулуун, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор М.Амбага, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Батболд нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат намрын баяр үзэсгэлэн худалдаанд оролцогчдод баяр хүргэж, баялаг бүтээгчдэд хандан хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Тэрбээр үгэндээ “Манай аймагт энэ жил 5,1 сая толгой мал өвөлжинө. Энэ намар 27000 тонн ургац авах урьдчилсан баланс гарсан. Нэг га-гаас 16 центнер ургац авах боломжтойг тариаланчид дуулгалаа. Манай аймаг Зүүн бүсийн аймгуудын тулгуур төв, зүүн бүсийн замын зангилаа гэдэг утгаараа үйлдвэрлэлүүдийн санал нэлээдгүй ирж байна. Тухайлбал, 30 мянган тонн буудай хурааж авдаг бол гурилын үйлдвэр барих боломжтой болно. Бид Хүнс, хөдөө аж ахуйн яам руу уламжлаад 10 мянган тонн хадгалах боломжтой элеваторыг өнгөрсөн зун шийдвэрлэсэн.

Аймаг 90 мянган га эргэлтийн талбайтай боловч үүнээс 20 гаруй мянгыг ашиглаж байна. Тиймээс салбарын яам, мэргэжлийн байгууллагаас тариалангийн талбайг нэмэгдүүлэх тал дээр дорвитой анхаараач гэсэн хүсэлт ирсэн. Газар тариаланд олон мянган га газар авсан боловч дамалж зардаг, түрээсэлдэг хүмүүст хариуцлага тооцож, эргэлтийн талбайг нэмэгдүүлэх тал дээр анхаарна. МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан аялал жуулчлал бүхий сумдтай нийт жижиг дунд бизнесийн эрхлэгчдийнхээ ажлыг уялдуулах шаардлага тулгарч байна. Тэгэхээр та бүхний хийсэн зүйлсийг сум орон нутагтаа төдийгүй аймгийн хэмжээнд нээлттэй борлуулах боломжийг бүрдүүлэх ажил эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сум бүр ахуйн үйлчилгээний төвтэй болсон, тиймээс хамтарч ажиллах тал дээр аймаг, сумын удирдлагууд дэмжих болно” хэмээлээ.

Энэ удаагийн намрын баяр үзэсгэлэн худалдаагаар Дэлгэрхаан, Баян-Овоо сумд сум сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс онцолбол Дэлгэрхаан сумын Хунчир, Аураг рашаан, Дэлгэрхааны аваргын голд тариалсан тарвас, М.Амбага докторын Хэнтий аймгийн хөрсөнд ургуулсан артишок, хунчир, зэрэг олон төрлийн эмийн ургамлаар бүтээсэн 5 төрлийн эм худалдаалагдаж байна.

42. “ЭРГЭХ ХОЛБОО” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 43 ДАХЬ ФОРУМ ХЭНТИЙ АЙМАГТ
АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бүх сум, тосгонд ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлуудын талаар иргэдийн өөрсдийнх нь  гаргасан хүсэл, сонирхлыг тэр дор нь эрэмбэлээд хамгийн өндөр санал авсан 5-8 ажлыг төрийн бодлогод тусгуулах нэгэн шинэлэг аргыг эхлүүлээд байна.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар газар тариалангийн бүс Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахтай давхацсан учир энэ удаад УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал, Мөрөн, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумын ажилтай танилцав.

Сумандаа хийгдэх шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтад багтсан төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдөөр нь эрэмбэлүүлж, улмаар хамгийн өндөр санал авсан ажлуудыг төрийн бодлогод тусгуулах шинэлэг аргыг жишиг болгож эхлүүлэн эргэх холбоотой ажиллаж буйд иргэд талархаж байлаа. Аймаг, сумандаа иргэд сайхан амьдрахын тулд төр засаг тогтвортой байх, хийх ажлаа урт хугацаанд төлөвлөх нь хамгаас чухал юм. Зарим суманд Соёлын төв, ЕБС, дотуур байрны барилга нэн хэрэгцээтэй байхад нөгөө суманд ЗДТГ-ын байр, спорт заал, ЭМТ-ийн барлгын засвар шаардлагатай байдаг. Энэ бүхнийг шууд ардчиллын зарчмаар иргэдийн саналд тулгуурлан шийдвэрлэж, сум бүрийг хөгжүүлэх замаар Хэнтий аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл юм.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт бүрийг, тэр дундаа хөдөөгийн иргэд, малчдад илүү хамаатай бодлогын шинэчлэлийг салбар салбараар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд ипотекийн зээлийг хөдөөд 6 хувь болгож бууруулах, зүүн бүсийн аймгуудын иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог “Сайд нарын-2” эмнэлэгт үзүүлдэг болох бэлтгэл ажил хангаж байгаа, удахгүй орон даяар  хэрэгжих төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах бодлогыг малчид цаг хугацаа, мөнгө хэмнэх давуу тал болгож малын бэлчээрээсээ ч ашиглах боломжтой зэргийг танилцуулсан юм. Мөн “COVID-19” цар тахалтай холбоотой дэлхий нийтийг хамарсан хүндрэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг ч танилцуулсан.

Хэнтий аймгийн иргэд өвлийн бэлтгэл хангахтай холбоотой хадлан тэжээлийн хүрэлцээ, отрын бүс нутгийн маргаан,  малын бэлчээр, усжуулалтын хүндрэл, зарим хариуцлагагүй уул уурхайн талаар нийтлэг санал, хүсэлтийг УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт илэрхийлж, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

“Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийн уулзалтыг энэ сарын 24-29-нд Хэнтий аймгийн бусад суманд зохион байгуулна.

43. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОТРЫН БҮС НУТАГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОРСОН МАЛЧДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦЭГЦЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЖ, ГУРВАН ЦЭГТ ХЯНАЛТЫН ПОСТ ГАРГАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг, Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн асуудлаар хуралдлаа. Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөллийг хамруулсан тус ажлын хэсэг отрын бүс нутагт зөвшөөрөлгүй зорчих малчин, мал бүхий иргэдийн хөдөлгөөнийг зогсоох, бүс нутагт суурьшиж байгаа малчдын бүртгэлийг нягтлах, гурван цэгт пост гаргахаар боллоо.

44. АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР “НЯМАДО ТРЕЙД” КОМПАНИД 15 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Аймгийн Онцгой комиссын 29-р хурлаар Чингис хотын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Нямадо трейд” ХХК-д аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, Хэрлэн нэгдүгээр сургуулийг шинээр барихтай холбогдуулаад хуучин сургуулийг буулгаснаар тус компанийн уурын зуухны халаалтын 17303 м.куб эзлэхүүн талбай хасагдаж, нэг жилийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл бий болсон юм. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаж, Аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг судалж, 30 хувийн эрсдэл үүсэж буйг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл орлогоор нь тооцож үзвэл 1-р сургуулийн халаалтын төлбөр тухайн компанийн нэг сарын орлогын 48 хувь буюу 26,7 сая төгрөгийн алдагдалд орж байна гэсэн үг. Сүүлийн нэг жилийн байдлаар тооцож тооцоолол /7 сар/ гаргахад ашиггүй ажиллахыг албаны эх сурвалж мэдээллээ. Тус компанийн уурын зуух 300 гаруй айл өрх, 6 орон сууц, 1-р сургуулийн БАМ-ын байр, аймгийн Ясли, Нийгмийн даатгалын хэлтэс, 1-р цэцэрлэгийг халаадаг байна.

Аймгийн нэгдсэн халаалт ирэх 10-р сарын нэгнээс ирнэ. Гэтэл тухайн компани өнөөдрийн байдлаар нүүрсээ татаж аваагүй хүндрэлтэй байдал үүсээд байгаа тул нэг сард 5 сая төгрөгийн дэмжлэг, 2020 оныг дуустал 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх аймгийн Онцгой комиссын шийдвэр гарлаа.

45. Ц.ИДЭРБАТ: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР ЦААСАН ДЭЭР БИШ
АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХ ЁСТОЙ

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Улсын онцгой комиссын 29 дүгээр хурлын тэмдэглэл, МУ-ын Засгийн газрын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон захирамж гарлаа.

Мөн үеэр өнгөрсөн 8-р сарын 28-ны өдөр аймгийн Онцгой комиссын 28 дугаар хурлын шийдвэр, түүний хэрэгжилтийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Идэрбат хангалтгүй гэж үзэж, холбогдох албан тушаалтнуудыг зэмлэж, хариуцлагатай ажиллахыг хатуу анхаарууллаа.

Тухайлбал, ЭМГ-ийн тусгаарлах байрны бэлэн байдлыг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй, амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэхийг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн ААН-ийн дарга, эрхлэгч, захирлуудад үүрэг болгож Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьсан боловч, хариуцлага тооцоогүй. Ковид-19 цар тахлын хоёр дахь давалгаа эхэлхийг ОУБ, Засгийн газраас анхааруулж байгаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэх гэж байгаа атал сонордуулга, сэрэмжлүүлэг, хяналт шалгалт хангалтгүй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудыг ажлаа сайжруулах хэрэгтэйг чухалчлав. Мөн тэрбээр Аймгийн онцгой комиссын шийдвэр цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжих ёстойг хатуу санууллаа.

46. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ “МАКС МАЙНД” КОМПАНИАС ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

 

Аймгийн Засаг дарга Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Макс Майнд” ХХК-ийн удирдлагыг дуудан уулзаж, дулааны хоёр сар ажлаа хийгээгүй орхигдуулсан, хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарч буйг дурдаад ажлаа хариуцлагагүй гүйцэтгэж, Хан Хэнтийчүүдийг хуурч, улсад хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж гэрээгээ цуцлахаа илэрхийлэв.

Харин “Макс Майнд” ХХК-ийн төлөөлөл бидэнд 14 хоногийн хугацаа олгооч, ажлаа графикийн дагуу захиалагчийн хяналтад шалгуулна. Графикт ажлаа гүйцэтгэж чадахгүй бол татгалзахад бэлэн гэлээ. Хан Хэнтий чуулгын барилгыг гүйцэтгэгч компани энэ онд хүлээлгэх өгөх ёстой.

Анх 2012 оноос Хөвсгөл геологи” ХХК Хан Хэнтий чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас царцааж 2015 оны сонгон шалгаруулалтаар “Макс Майнд” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Гэсэн ч барилгын ажил нь дуусаагүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тус компани 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хүлээн авах байсан боловч анх ажил гүйцэтгэсэн компани зураг төсөвгүй ажилласан, хүчитгэлүүд буруу хийгдсэн гэх алдаа дутагдал гарч, тус чуулгын барилгад нэмэлтээр 3,1 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгаж, нийтдээ улсын төсвөөс 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгажээ.

Уулзалтын үр дүнд Аймгийн Засаг дарга “Макс Майнд” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч 14 хоног хянаж үзэхээр боллоо.

47. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЙМГИЙГ ДУЛААНААР ХАНГАГЧ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хүйтний ам наашилсан энэ үед өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн асуудал төв суурин газруудын өмнө тулгамддаг. Ирэх 10-р сарын нэгний өдрөөс аймгийн уурын зуухнууд нэгдсэн халаалт өгнө.

Тиймээс аймгийн Засаг дарга Хэнтий аймгийг дулаанаар хангагч компанийн удирдлагууд, сумдад инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалт тавьж, дулаан хангагчаар ажиллаж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлагатай уулзаж, хоёр асуудлаар хэлэлцлээ.

Тэрбээр анх аймгийн Засаг даргаар томилогдмогцоо өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан дулаанаар хангагч компанийн эзэдтэй уулзаж, Бэрх-Уул ХХК-ийн Чандганы уурхайн хөрс хуулалтын ажилтай танилцаж байсан. Тэгвэл өнөөдөр анх өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, зуухны засвар болон нүүрсний таталт, Бэрх-Уул ХХК-тай гэрээ байгуулсан байдал зэргийг дүгнэж үзэхэд ихэнх компаниуд өвөлд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Хоёрдугаарт Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед дулаанаар хангагч байгууллагуудын санал бодлыг сонслоо. Энэ үеэр дулаанаар хангагч компаниудын эзэд дулааны станцтай 70 градусаас дээш гаргадаг газар тоолуур тавьдаг, манай уурын зуухнууд ихэнхдээ 50-60 градус гардаг тийм учраас дулаанаар хангагч байгууллагууд алдагдал хүлээж болзошгүй гэлээ.

Энэ асуудлыг аймгийн Засаг дарга цаашид судалж үзэх, орон нутгийнхаа компаниудынхаа эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргана гэдгээ илэрхийллээ.

48. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ХЭРЛЭН СУМ, ЧИНГИС ХОТЫН ХӨГЖЛИЙН
ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТӨЛӨӨЛӨГЧДӨДӨӨ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ

Өчигдөр буюу 9-р сарын 23-ны өдөр Хэрлэн ИТХ-ын хурлын хүндэтгэлийн хуралдаан болж, хурлын байгууллагын өнгөрч буй дөрвөн жилийн ажил үйлс, төлөөлөгчдийн оролцоо зүтгэлийг үнэлж дүгнэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын ажилчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2016-2020 онд Хэрлэн сумын ард иргэдийн төлөө, Хэрлэн сум Чингис хотын хөгжлийн төлөө гар сэтгэл нийлж ажилласан Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдөдөө баяр хүргэж, “бидний хамтын хүчээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж, томоохон бүтээн байгуулалт өрнөсөн”-ийг онцлов.

Мөн 2017 онд хогны менежментийг эхлүүлж, боловсронгуй болгосон, 2018 онд Хэрлэн сумын ард иргэдийн гуравны нэг нь ажиллаж амьдарч буй орон сууцны СӨХ-ийг ахин зохион байгуулж гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж 30 гаран хүнийг ажлын байртай болгож, үр дүнд 1500 гаруй өрх гэрэл гэгээтэй, хоггүй орцод амьдарч байна, 2019 онд эко автобусыг Чингис хотын 8 чиглэлд явуулж эхэлсэн. 2020 онд Чингис хот доторх нийтдээ 80 гаруй км урттай гэр хорооллын 90 хувь нь гэрэлтүүлэгтэй болж буйг тэмдэглэв.

Тэрбээр үргэлжлүүлээд олон жил яригдсан дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан эрчим хүч, шугам сүлжээний шинэчлэл, авто зам, газар доорх байгууламжийн ажлууд гэх мэтчилэн Чингис хотын өмнө 20 гаруй жил тулгамдаад байсан асуудлуудыг өнгөрсөн хугацаанд УИХ, ЗГ, Аймаг, Сумын дарга нар, төлөөлөгчид хамтран шийдвэрлэсэн. Үүнд хамтын оролцоо нэн чухал байсан хэмээлээ.

Хэрлэн сумын ИТХ анх удаа төлөөлөгчдөдөө тойрогтоо ажиллах зардал гаргаж өгсөн, багийн ИНХ-аа жилд 2-3 удаа тогтмол хуралдуулсан, 2018 оноос эхлэн баг бүрт 6-8 хүн олон нийтийн ажилтнаар ажиллах болсон, иргэд олон нийтийг оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэсгийн зохион байгуулалтад шилжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх мэт шинэлэг байдлаар ажиллаж, ахиц дэвшилт гарч буйг тэрбээр мөн дурдлаа. Мөн үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас нутгийн удирдлагын байгууллагын үүх түүхийг өгүүлсэн ном туурвиснаа төлөөлөгчдөдөө өргөн барилаа.

49. “ЭРГЭХ ХОЛБОО-43” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ӨМНӨДЭЛГЭР СУМААС ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хэнтий аймгийн 18-р тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөр Өмнөдэлгэр сумаас /2020.09.24/ үргэлжиллээ. Тэд өнөөдрийн сарын 17-19-ны хооронд аймгийн урд, баруун талын 9 суманд ажиллаж иргэдээ сонссон.

Хөтөлбөрийн зорилго нь УИХ-ын гишүүд эргэх холбоотой ажиллаж аймгийн Засаг даргын хамт сумдаар тойрч 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, орон нутгийн ажлыг танилцуулж байгаагаас гадна тухайн сумыг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх саналыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлүүлэн авч байгаа билээ.

Өмнөдэлгэр суманд сүүлийн гурван жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж инженерийн шугам сүлжээ, сумын төвийн нэгдсэн халаалт, шинэ соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга, 2,5 км хатуу хучилттай авто зам, Балдан Брайвун хийдийн их засвар, Хөв цөөрөм байгуулах зэрэг томоохон ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.

Өмнөдэлгэрчүүд УИХ-ын гишүүд, аймгийн Засаг даргад дараах ажлуудыг эрэмбэлэн хүргэлээ. Үүнд:

1. Эрүүл мэндийн төвийн шинэ барилга

2. Ундны цэвэр усны шугам татах

3. Жаргалтхаан- Өмнөдэлгэр сумыг холбосон хатуу хучилттай авто зам

4. Малчдын хороололд 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах

5. ЗДТГ-ын шинэ барилгын ажлыг дэвшүүлэн хүргэлээ.

Мөн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Цагдаагийн автомашин, Ус зөөвөрлөх усны авто машиныг газар дээр нь шийдвэрлэж өгөхөөр болсон байна.

 

50. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН НУРСАН БАЛГАСЫГ ХАШААЖУУЛАВ

Олны нэрлэж заншсанаар хуучин хүнсний үйлдвэр буюу Хэрлэн сумын Баянмөнх багийн нутаг дэвсгэрт байрлах нурж балгас болсон байшинг хашаажуулах ажил хийгдэж эхэллээ.

Энэхүү байшин нь олон жил эзэнгүй орхигдсоноор элдвийн гэмт хэрэг гарч болзошгүй газар болсон бөгөөд гэр хорооллын дунд оршдог учраас хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байсан юм.

Уг асуудлыг аймгийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа эзэмшигч компанитай ойлголцолд хүрч тухайн газраа компанийн зүгээс бүрэн хашаажуулж харуул манаатай болгох асуудлыг шийдвэрлэв.

БЭЛТГЭСЭН: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ С.ГАН-ЭРДЭНЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>