Б.УРАНЧИМЭГ: Долдугаар сарын 1-ний үймээнд хэлмэгдсэн МХЧ-ынханд анх хандив өгч байлаа

613

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2020-09/1601351135_38801607_10217448143214815_2257744069897748480_o.jpg|left -->Б.УРАНЧИМЭГ: Долдугаар сарын 1-ний үймээнд хэлмэгдсэн МХЧ-ынханд анх хандив өгч байлаа<!-- MEnd -->

Нийгэм, улс төрийн хүрээнд хийж буй үйл хэрэг, ажил хөдөлмөрөөрөө олон нийтэд танигдсан, үл танигдсан сайн үйлстэн олон бий. Бидний ярилцсан зочин бол олон сайн дурын ажил хийж, олондоо багагүй хувь нэмрээ оруулж яваа манай залуу үеийн төлөөлөл юм. Ингээд түүнтэй танилцъя

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай энэ удаагийн зочноор ямар учиртай хүн оролцож байгаа юм бол гэж уншигчид сонирхож байгаа байх. Юуны өмнө өөрийгөө танилцуулах уу?

-Намайг Баттулгын Уранчимэг гэдэг. Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд аав, ээжийнхээ ууган охин болон мэндэлсэн. Эрдэнэтийн II микрт тоглож өссөн. Улаанбаатарт нүүж ирээд Нийслэлийн математикын гүнзгийрүүлсэн сургалттай 40-р дунд сургуулийг 2006 онд төгссөн.

БГД-т 24 жил амьдарч байна. Сурагч байхдаа урлаг, спортод их сонирхолтой, дугуйлан, секцэд явдаг, нийгмийн идэвхтэй, ангийн дарга охин байлаа. ЕБС-иа төгсөөд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийг "Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр 2010 онд дүүргэсэн. Их сургуулийнхаа "Сарны танго” цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Их сургуулиа төгсөөд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд анх ажилд орсон. Тухайн үед МАН нягтлан бодогч ажилд авна гэдгийг ээж маань надад хэлээд, 40 орчим хүнээс хоёр шатны шалгалтандаа тэнцэж, 2010 оны есдүгээр сарын 28-нд ажлаа хүлээж аваад одоог хүртэл МАН-ын Сан хөрөнгийн газар ажиллаж байгаа.

Дунд нь 2018-2020 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр "Beijing technology & Business” их сургуульд бизнесийн удирдлагын магистраар сурч, сая зургадугаар сард төгсч ирсэн.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийнхэн болон ТББ-ууд янз бүрийн ажил зохион байгуулдаг. Гэхдээ таны хувьд гэр бүлээрээ "1000 сэндвич” аяныг зохион байгуулсан тухай сонсоод их сонирхолтой санагдаж билээ. Энэ тухай яриач. Энэ санаа хаанаас төрсөн бэ?

-2016 оны зун орон гэргүй улсад зориулж үнэтэй хоол чадахгүй ч, өөрсдийн боломжоороо материал авч ах дүү нартайгаа гэртээ 1000 сэндвич хийгээд Эрх чөлөөний талбай, Сүхбаатарын талбайд хоёр хуваагдаж тараасан. Тухайн үед Далай ламын дүү н.Жигмэсамбуу гэдэг хүн Монголд ирсэн байж таараад, тэр хүн биднийг дэмжиж ундаа, усыг нь гаргасан юм.

Ээжийн хамгийн бага дүү өвөөг бурхан болох үед АНУ-д байсан юм. Тэгээд эгчийг Монголд ирсний дараа бид хоёр ярилцаад өөвөгийнхээ араас буян үйлдэхээр энэ санааг гаргасан юм.

-Тэр хүмүүс та нарыг яаж мэдэж ирсэн юм бол оо?

-Гудамжинд явж байгаа тухайн зорилтот хоёр хүнд л хэлэхэд хүмүүс их амархан цуглачихдаг юм билээ. Ер нь ямарваа сайн дурын хандивын аянд аль болох хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Бодит хандивын боломжгүй үедээ мэдээллийг нь олон хүнд хүргэхийн тулд шэйр хийх мэтээр заавал оролцоотой байхыг хүсдэг юм. Эмээтэйгээ өссөн болохоор би их өрөвчхөн. Өрх толгойлсон ээж, эсвэл өнчин хүүхэд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, өндөр настай хүмүүст илүү их туслахыг хүсдэг. Гудамжинд жин үздэг, тамхи зардаг эмээ, өвөө нарыг их өрөвддөг юм.

-Та эмээтэйгээ өссөн гэхээр ээж, аав нь их л завгүй хүмүүс байх. Аав, ээж нь аль нутгийн, ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Миний аав Завханы гаралтай, Сэлэнгэд төрсөн, хүнсний технологич, механикч мэргэжилтэй ч спортын хүн байдаг юм. Таеквондогийн багш, дасгалжуулагч ажилтай. Одоо Баянхошуунд байрладаг "Кристиана Ноблийн хүүхдийн сан”-гийн асрамжийн газарт багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Ээж маань Увс аймгийн малчин айлын охин, Удирдахуйн ухааны магистр, эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил ажиллаж байгаад одоо "Өнөр бүл” хүүхдийн төвийн Ерөнхий захиралаар ажилладаг. Аав, ээжийнхээ хүүхдийн сайн сайхны төлөөх хөдөлмөрөөр нь би маш их бахархдаг.

-Танай гэрт монголын ирээдүй болсон хүүхдийн хүмүүжил, хөгжлийн асуудлаар багагүй яриа өрнөж, янз бүрийн санал санаачлага танай гэр бүлээс гардаг болов уу.

-Ээж маань бусдын хүүхдийн ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав нь болж явдаг болохоор тун завгүй ажилладаг. Заримдаа өөрийн хүүхдүүддээ цаг зав гаргасангүй гэж гомдоллох нь холгүй л байдаг юм /сурв: инээв/. Би ээж шигээ шаргуу, маш олон ажлыг зэрэг амжуулж чаддаг, хөдөлмөрч хүн болохыг хичээж л явна.

Хааяа халуун ам бүлээрээ цуглаад сайхан яриа өрнүүлнээ. Бид "Зочин ээж, аав” гэж төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Энэ нь асрамжийн газар байгаа хүүхдийг өргөж авахгүй ч тодорхой хугацаанд халамжилж гэртээ аваачдаг, сургууль боловсрол гэх мэт асуудал дээр нь анхаардаг, тус дэм үзүүлдэг байдлаар халуун дулаан хайрыг мэдрүүлэх Австрали улсад хэрэгждэг хөтөлбөр юм.

-Өргөж авахаас юугаараа ялгаатай юм бол?

-Хүүхэд өргөж авсан зарим эцэг эх хүүхдийг зоддог, дарамтладаг, хүчээр ажил хийлгэдэг гэх мэт асуудлууд байдаг. Тэгэхээр бид маш сайн судалгааг үндэслэн "зочин ээж, аав” нараар хүүхдийг халамжлуулаад, хэрэв цаг хугацааны явцад хүсэлт гаргавал өргүүлж болно. Асрамжийн төвөөс тухайн эцэг эхийг маш сайн таньж судласны үндсэн дээр хүүхдүүдтэй уулзуулна. 

-Сонирхолтой төсөл байна. Эргээд таны тухай ярилцъя. Таныг нийгмийн ажилд маш идэвхтэй эмэгтэй гэж ярьдаг юм билээ. Нийгмийн сайн сайхны төлөө болон сайн дурын ажлын хамгийн анхны алхам яаж эхэлсэн бэ?

-Би дүүтэйгээ хөөрхий, өөрсдийн чадлаараа хандив цуглуулсан байдаг юм. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр аймшигтай үйл явдал болсон шүү дээ. Тухайн үед СТӨ-ний байр шатаж, Морин хуурын чуулга маш их хохирол амссан. Энэ тухай сонсоод дүүгээрээ морин хуур тоглуулж, бид Ачлал их дэлгүүрийн гадаа өөрийн хийсэн цаасан хайрцагаа бариад хандив цуглуулсан юм.

Зарим хүмүүс бид хоёрыг бусдын нэр барьж мөнгө олох гэж байна гэсэн ойлголттой байсан байх. Бид тэр хавьдаа дэлгүүрийн хүмүүст хөөгдөж туугдан байж ямар ч байсан 30 гаруй мянган төгрөг цуглуулаад, Морин хуурын чуулгын удирдлагад албан ёсоор хүлээлгэн өгч байлаа. Анх ингэж сайн дурын ажил хийсэн юм уу даа.

-Та одоо үндсэн ажлаасаа өөр ажил хийдэг үү?

-Би "Эх дэлхий-Эко клуб” ТББ-ын тэргүүлэгч. Энэ хүрээнд "Өнөр бүл” хүүхдийн төв, 10-р цэцэрлэгийн хашаанд мод тарих ажлыг хийсэн. Манай клубийн гишүүд байгууллага, албан газруудыг уриалж Туул голоо цэвэрлэх асуудалд онцгой анхаардаг. Туул голын эргээр иргэд маш их хог хаядаг. Энэ бол үнэхээр эмзэглэмээр асуудал.

Мөн залуучууд нийгэмд үйлчлэх "Thanks Man” ТББ-ынхан маань гурван жил дараалан ахлах ангийн сурагчдын дунд Сүхбаатарын нэрэмжит "Түүхийн олимпиад”-ыг зохион байгуулж байна. Энэ жил УИХ-ын сонгууль, цар тахалтай холбоотойгоор өнжсөн байгаа. Дараа жилээс үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Бид эх түүхээ мэдэхгүйгээр эх орон гэж ярих нь учир дутагдалтай гэж боддог.

-Нийгмийн идэвхтэй залуу төлөөллийн хувьд эмзэглэж явдаг, шийдэх боломжтой ямар асуудлыг онцлох вэ?

-Миний бодлоор манай залуучууд бэлэнчлэх сэтгэлгээтэй санагддаг. Аливаа асуудлын араас тууштай гүйгээд, хөөцөлдөөд явдаггүй. Хүн зорьсон зорилгынхоо төлөө өөрөө л тэмцэхгүй бол өрөөлийн өмнөөс тэр болгон тэмцээд явах хүн ховор л байх. Хятад оюутнууд гэхэд л үнэхээр тууштай юм билээ. Хичээлийн танхим нь 24 цаг нээлттэй, шөнөжин гэрэл нь асаалттай хичээлээ хийгээд суудаг. Гэтэл манай залуучуудын дунд шулуухан хэлэхэд туйлбаргүй, залхуу, хойрго байдал нэлээд ажиглагддаг. Эерэг нөлөөллийн давалгаа явдаг хэдий ч төдийлөн үр дүнтэй болж чадахгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Магадгүй сошиалаар ихэвчлэн сөрөг, муу муухай мэдээлэл давамгайлж байгаа нь нөлөөлдөг байх. Дандаа л болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлэхээсээ илүү өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй.

-Нэгэнт хоёулаа нийгмийн асуудал руу өнгийснийх, бага зэрэг гүнзгийрье болох уу.

-Болноо.

-Орон нутгийн сонгууль ч эхэллээ. БГД-ийн иргэний хувьд танай нутаг дэвсгэрт тулгамдаж байгаа ямар асуудлуудыг хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байна вэ?

-Хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх нь зөв гэж сая би хэлсэн. Хоёрдугаарт, залуучууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Энэ талаар олон жил ярьсан ч шийдсэн зүйл алга. Би энэ талаар байнга боддог. Ном уншлагын танхимтай, залуучууд сурч мэдсэнээ хуваалцдаг, эсвэл хөгжилтэй яриа өрнүүлдэг өрөөтэй, олон цагийг өнгөрүүлэх үед хооллочих тухтай цайны газартай, спорт зал бүхий цогцолборыг дүүрэг бүрт байгуулмаар санагддаг юм. Мөн ахмадуудад зориулсан цогцолбор ч хэрэгтэй байна. Одоо хороо болгон ахмадын хөгжлийн төвтэй боловч хүрэлцдэггүй юм билээ. Ер нь анхан шатны үйлчилгээ иргэдэд хүрэлцээ муутай.

Мөн БГД-ийн 18-р хорооны иргэдийн хамгийн том асуудал бол Өрхийн эмнэлэг. Орон сууцны нэг давхарын гурван өрөө байранд өрхийн эмнэлэг ажиллаж байна шүү дээ. Тэгээд өрхийн эмнэлэг барих газрыг сонгоод, Азийн хөгжлийн сангаас 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирсэн байдаг. Гэтэл тухайн газрын маргааныг шийдэлгүй удсаар байгаад санхүүжилт нь буцаагдсан. Уг нь Д.Лүндээжанцан дарга эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэж өгсөн юм байна лээ.

Бараг насаараа амьдарч байгаагийн хувьд БГД-т тулгамдаж байгаа асуудлаас дурьдахад, хорооллын баар караоке, зах худалдааны төвийн хог хаягдал, үнэр танар үнэхээр дийлдэхээ байсан. Хяналтыг дүүргийн иргэдийн хурал, холбогдох албаныхан хангалттай тавих ёстой ч ажлаа хийсэн гэдэг амыг нь дагуулаад л гарын үсгээ зурчихдаг жишээний. Оршин суугчид зүгээр бухимдаад суух биш, бүгд шахаж шаардаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй гэж боддог.

Дээр нь нэмж хэлэхэд, төрийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хүнд сурталтай байгааг олон хүн хэлдэг.  Ер нь намын ялгаварлалаар иргэдэд хүнд суртал гаргадаг юм шиг байна лээ.    

-Ер нь та өөрийгөө нийгэмд хэр нөлөөтэй хүн гэж боддог вэ?

-Би бол олонд танигдсан хүн биш. Гэхдээ өөрийн хүрээлэлдээ нөлөөлж чаддаг гэж боддог. Аливаа зохион байгуулалттай эерэг ажил үйлсэд бусдыг уриалж, хэн нэгний бурууг засах тал дээр нөлөөлж чаддаг.

-Та манлайлагч мөн үү. Манлайлагч гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

-Түрүүн хэлсэнчлэн би олны танил биш ч гэсэн, сая дурьдсан нөлөөллөөрөө манлайлагч гэж хэлж болох байх. Манлайлагч гэж зөв үлгэр дуурайлалтай, нийгэмд зөв үйлийг хийдэг, улмаар бусдад нөлөөтэй, үзэл бодолдоо тууштай, зөв зорилго тэмүүлэлтэй хүнийг хэлдэг.  

-Өөрийнхөө тухай чөлөөтэй ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж, үнэхээр сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлала. Таны гэгээн үйлс дэлгэрэн түгж, гэрэлт ирээдүйг гийгүүлэх болтугай. 

-Баярлалаа.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>