Цэцэрлэгийн хүүхдүүдийг хордуулсан багшид цаазын ял оноожээ
БНХАУ-ын Жяозуо хотын нэгэн цэцэрлэгийн 25 хүүхдийг санаатайгаар хордуулж, нэг хүүхдийн амь насанд хүрсэн багшид цаазаар авах ял оноожээ.
Ван Юн гэгч хамт ажилладаг багштайгаа муудалцаж, өш хонзон авах зорилгоор өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд ангийнх нь хүүхдүүдийн хоолонд нитрит их хэмжээгээр хийж хордуулсан хэргээр баривчлагдаж, энэ хэрэг нь дэлхийн нийтийг цочирдуулж байв. Тухайн үед өглөөний цай уусан 23 хүүхэд бөөлжиж, ухаан алдаж унасан байна. Хэргийг шалгасны дүнд Ван Юн хүүхдүүдийн өглөөний унданд нитрит их хэмжээгээр хийсэн болох нь тогтоогджээ.
Есдүгээр сарын 28-нд Жяозуо хотын шүүх Ван Юнд цаазын ял оноосон талаар "Global Times” сонинд мэдээлээд байна.
Тэрбээр хамт ажилладаг багштай хүүхдийн хүмүүжлийн асуудлаар маргалдаж, муудалцсаны дараа хүүхдүүдийнх нь хоолонд их хэмжээний нитрит хийсэн болохыг шүүх онцолжээ. Нитрит амт оруулагчийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг ч их хэмжээгээр хэрэглэх нь амь насанд аюултай юм.
Энэ нь Вангийн хүн хордуулсан анхны хэрэг биш гэж Жяозуо хотын шүүх мэдээлсэн ба үүнээс өмнө тэр цахим худалдаанаас нитрит авч, нөхрөө хордуулж байжээ. Азаар аминд нь хүрээгүй гэнэ.
Шүүх амиа алдсан хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятад улсад цаазын ялыг хортой тариа хийх эсвэл буудан хороох замаар гүйцэтгэдэг гэж тус сонин тодруулжээ.