Буриадын оюутан “Мөрөөдлийн сая рубль” шоунд түрүүлэв

49

Буриадын оюутан “Мөрөөдлийн сая рубль” шоунд түрүүлэв

 

Д.ЭНХЭЭ

 

Буриад улсын Тункийн районы Кырен тосгоны уугуул коллежийн оюутан, 16 настай Юлия Мухамадеева өөр нэгэн оролцогчийн хамт Оросын холбооны "ТВ3” сувгаар зохион байгуулсан "Мөрөөдлийн сая рубль” шоуны ээлжит нэвтрүүлэгт түрүүлэв. Тэд мөнгөн шагналаа хувааж, тус бүр 500 мянган рубль хүртжээ. Нэвтрүүлгийг өнгөрсөн баасан гаригт үзүүлсэн аж.

 

Төрөлх тосгондоо гүүр барих нь түүний мөрөөдөл байв

 

-Тосгондоо шинэ гүүр барих явдал миний мөрөөдөл. Манай тосгонд олон хүн голын хоёр эргээр амьдардаг. Гэтэл гүүр үнэхээр хуучирч, эвдэрсэн. Би энэ гүүрнээс унаж, мөрөө гэмтээж байсан удаа бий. Ер нь хэн нэгэн унаж бэртэх явдал байнга гардаг. Хүүхдүүд энэ гүүрээр нааш цааш гүйлдэж, тоглодог, настай хүмүүс харин тийшээ зүглэхийг ч хүсдэггүй. Яагаад гэвэл тэдний хувьд гүүрний онгорхой цоорхой дээгүүр харайж гарах нас нь биш хэмээн Буриадаас ирсэн бүсгүй "Мөрөөдлийн сая рубль” хөтөлбөрийн нэвтрүүлгээр ярьжээ. Энэ гүүрнээс нэг эрэгтэй хүн унаж нуруугаа бэртээж гэмтээсэн тохиолдлыг ч Юлия мөн дурссан байна. Тэрээр:

"Ихэнх хүн машинаар явцгаадаг л даа. Захиргааныхан бүгд машин унадаг болохоор энэ гүүр тэдэнд ямар ч хэрэггүй. Өдөр бүр явгаар явдаг жирийн бидэнд л энэ гүүр хэрэгтэй. Ийм байж болохгүй, ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэгээд л эгч бид хоёр шинэ гүүр барихаар шийдсэн юм. Би төрөлх тосгондоо тус нэмэр болж хүмүүсийн сайн сайхны тусын тулд ямар нэг зүйл хийхийг хүссэн юм " хэмээн Тункийн районы залуу оршин суугч яриагаа үргэлжлүүлэв.

Продюссер Яна Рудковская, жүжигчин Настасья Самбурская, спортын тайлбарлагч Дмитрий Губерниев, гоо сайхны Natura Siberica, "Агафья эмээгийн жор” хэмээх брэнд бүтээгдэхүүнийг үндэслэгч Андрей Трубников нараас бүрдсэн шүүгчид оюутан бүсгүйн яриаг анхааран сонсож, хийсэн тооцоо, гүүрийн зураг төслийг нь ч үзэж сонирхжээ.

-Тосгонд амьдардаг 5-6 мянган хүний 2000 орчим нь өдөр бүр энэ гүүрээр явдаг. Зэрэгцэж, ялангуяа, хүүхэд хөтөлж явж болдоггүй нарийхан болохоор заримдаа бүр урт дараалал үүсдэг. Гүүрийг тойрч явахаар бол дөрвөн км зам туулна. Гүүрийн урт 70 метр хэмээн Юлия Мухамадеева онцолсон. Шүүгчдийн бүрэлдэхүүн шинэ гүүртэй болох Юлягийн мөрөөдөл болон зээ охиноо Тажик руу биологийн эцэгт нь өгч явуулахгүй Орос орондоо авч үлдэхийн тулд шүүхээр шийдүүлэхийг хүссэн Москва мужийн оршин суугч 54 настай эмэгтэй Жанна Мисбах Соловьева нарыг шалгаруулжээ.

 

Шүүгчдийн санал талцаж, шагналаа ч бас хоёр хуваахаар шийджээ

 

-Амаргүй нөхцөл байдал үүслээ. Жанна, танд олон хүн, бас бид бүгдээрээ тусална. Нэг сая рублийг би Грета Тунбергээс илүү эрч хүч гаргаж байгаа ногоон даашинзтай энэ сайхан бүсгүйд өгмөөр байна. Шведийн сурагч охин барууныхны хувьд шүтээн болсон бол миний хувьд Буриадаас ирсэн Юля үнэхээр мундаг байлаа. Тийм болохоор сая рублийг би түүнд өгөх саналтай байна хэмээн Дмитрий Губерниев сонголтоо хийв.

"Мөрөөдлийн сая рубль”-ийн хэнд олгох талаар шүүгчдийн санал хуваагдаж, эцэст нь уг мөнгийг тэнцүү хувааж авахыг оролцогч хоёрт санал болгожээ. Тэд ч энэ саналыг зөвшөөрч, холбооны улсын түвшинд зохион байгуулдаг шоуны дөрөв дэх удаагийн тэмцээнд хоёулаа шалгарсан ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.