Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

58

Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

 

Төв хэсэгтээ хивс дэлгэж, бусад хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  нэгэн асарт дэлхий шагшин магтдаг Монголын циркчид бэлтгэлээ хийж байгаа гэхэд итгэхэд бэрх. Гэвч циркийн барилга нь хувьчлагдаж, хуучин байр нь ашиглалтын шаардлага хангахаа больсон нөхцөлд циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  уран бүтээлчид иймэрхүү орчинд хийхээс өөр арга байсангүй. Тодруулбал, Дашчойлин хийдийн дэргэдэх хуучин циркийн байрыг 1894 онд барьж эхлээд 1903 онд ашиглалтад оруулсан. Тиймээс үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас 2012, 2015, 2019 онд гурван удаа ирүүлжээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Гэвч циркчид өөрсдийн гэсэн байргүй ойгоо угтав.  Аргаа барахдаа Монгол Улсын консерваторийн хашаанд асар майхан барьж, үе үеийн төгсөгч гэсэн  250 хүнээс өөр үзэгчгүйгээр  Циркийн сургуулийн ойн тоглолтоо энэ сарын 10, 11-нд хийв. 
 
 
 
Уг нь анх цирк долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.  Энэ урлагт үнэхээр хайртай, сэтгэл зүрхээ зориулдаг хэсэг уран бүтээлчдийн хүчээр төрдөө гологдсон Монголын циркийн урлаг өнөөдрийг хүртэл хөл дээрээ тогтож, дэлхийг гайхшруулж явна.  Урлаг ойлгодоггүй хэсэг хүний шуналын балгаар циркийнхэн сургуулийн ойгоо "майхан”-д тэмдэглэсэн нь энэ юм.
 
 
 
Цаашид хүйтрэх учраас ойн тоглолтоо түр майханд хийгээд циркийн урлаг шинэ цирк ашиглалтад ортол амралтаа авлаа. Харамсалтай нь хэзээ буцаж "ажилдаа орох” нь тодорхойгүй. Энэ талаар Монгол Улсын консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал, УГЗ Н.Оюун "Хувьчлагдсаных нь дараа түрээс төлж циркийн мэргэжлийн хичээлээ Аса циркт үздэг байсан.  Гэтэл Аса цирк засвартай, хуучин цирк XIX зууны үед баригдсан учраас сургалт явуулах боломжгүй болсон. Тиймээс сургалтаа зогсоохгүй байх бүх аргыг хайж,  энэ зуныг  асар циркээ барихад зарцуулж өнгөрүүллээ.  Ойн тоглолтдоо зориулж есдүгээр сарын нэгнээс энэ цирктээ бэлтгэлээ хийж эхэлсэн.  Аса цирк арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэсэн. Гэвч хугацаандаа амжиж орох уу гэдэг нь эргэлзээтэй. Бас циркчдээ оруулж зориулалтаар нь ашиглах эсэх нь баталгаатай биш.  Аса цирк ашиглалтад ортол сургууль дотроо бэлтгэлээ хийхээс өөр аргагүй. Гэхдээ стандартын дагуу  хичээллэх боломжгүй. Циркийн сургалт нь өндөр түвшинд хүрсэн боловч сургах орчин нөхцөл нь хаягдсан хэвээр байна. Тиймээс Аса циркийг циркчдэд нь өгөөсэй гэж хүсч байна” гэж ярилаа. Тэртээ 1971 онд одоогийн "Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Энэ талаар Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү "Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн.
 
 
 
Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” хэмээн хэвлэлд ярилцага өгөх үеэрээ ярьжээ.
 
 
 
Өөрийн гэсэн байргүй,  бэлтгэл хийх сургуульгүйгээс циркийн агаарт эргэх, олсон дээр тэнцвэрт тоглолт хийх гэсэн олон төрлийн үзүүлбэр урын сангаас хасагдаад байна. Энэ талаар Циркийн сургуулийн төгсөгч Б.Золбаяр "Мэргэжлийн урлагийн байгууллага хувьчлагдана гэдэг бол маш том эмгэнэл юм. Циркийн байраа хувьчилчихаад сар бүр улсаас 15 сая  төгрөг өгөөд циркчдийн бэлтгэлийг хийлгэнэ гэдэг хошин шогтой адил. Цирк амьтангүй болсон. Мөн бэлтгэл хийх орон зай байхгүйгээс агаарын гимнастикийн үзүүлбэр ойрын 15 жил огт тоглогдсонгүй. Улсын цирк нь байхгүй болчихоор энэ чиглэлээр төгссөн хүүхдүүд хаана  очих вэ. Шинэ залуу төгсөгчдийг бэлтгэлээ хийх орон зай, орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн бэлтгэлийн заалтай болгомоор байна” гэсэн юм.
 
"Байрыг нь бус урлагийг нь хувьчилсан”
 
Өнгөн талдаа өнөөдөр үүсэн энэ асуудал дан ганц циркийн нэг байртай холбоотой мэт харагдана. Гэвч гүн рүү нь шигдвээс Монголыг дэлхийд сурталчилдаг урлагаа  бид хавцлын ирмэг дээр чирээд ирэв. Хэн нэг нь огцомхон хөдлөх юм бол унах аюултай байдалд бид орчихлоо. Энэ талаар Циркийн тэнхимийн багш, найруулагч МУСТА Ю.Гэрэлбаатар "Циркийн барилгыг сайжруулна гэж хувьчилсан боловч циркийн урлагийг нь хамтад нь хувьчилчихлаа. Төр засгаас дэмжээгүй ч  сургуулийн тэнхимийн багш нар бор зүрхээрээ өнөөдрийг хүрлээ. Бусад орон соёл урлагаа дэмжихэд асар их хөрөнгө зарцуулдаг. Учир нь урлагаараа эх орноо сурталчилж, улмаар олон сая долларын орлого улсдаа оруулдаг юм. Гэтэл Циркийн сургууль 2015 оны тавдугаар сарын 25-нд шатсанаас хойш тухайн үеийн салбар яам, улсын цирк, Циркийн сургуулийн удирдлага гурвалсан гэрээ хийж, сарын түрээс төлж бэлтгэл хийсэн. Бид жилийн 2-3 сард нь л бэлтгэлээ зориулалтын бус газарт хийж байна. Хичээлийн жилдээ 2-4 анги авах ёстой байтал  байргүйгээс хоёр жилдээ өнжиж нэг анги авч байна” гэсэн юм.
Төрөөс циркчдийн  гадаад руу тоглолтоор явах зардлыг нь дааж дэмждэггүй юмаа гэхэд байрыг нь бэлдэж өгчихөөд энэ урлагт "сарвуу”-гаа хүргэхгүй байхад циркчид өөрсдөө урлагаа хөгжүүлээд дэлхийн түвшинд аваачихаж чадна. Энэ талаар Монголын циркийг үндэслэгч УГЖ Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа "Эцэг маань циркийг тийм амар байгуулаагүй. Зовж зүдэрч байж босгосон. Гэтэл циркийн урлаг ийм асар майханд ортлоо дорд орохыг харна гэж бодож байсангүй.  Дэлхийд эх орны нэрийг сурталчилж байгаа урлагаа ийм байдалд оруулсан төр засагт үнэхээр их гомдож, харамсч байна. Шинэ цирк яг зориулалтаар нь ашиглах эсэх нь эргэлзээтэй. Намайг нэг очиход урд талд нь банк орчихсон, коридортоо худалдааны  лангуунууд  байрлуулчихсан байсан. Ийм хэцүү байдалд орсон ч бэлтгэлээ боломжоороо хийж байгаа циркчдийнхээ  хичээл зүтгэлээр маш их бахархаж байна” гэлээ. Циркийн сургуультай болохгүй бол энэ урлаг тун удахгүй "амьсгал хурааж”, Монгол Улсыг сурталчилдаг гол салбар үгүй болох нь ээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.