“800 хятад иргэний визийг Хөх хот, Эрээн дэх Консулын газар олгосон”

118

 

“800 хятад иргэний визийг Хөх хот, Эрээн дэх Консулын газар олгосон”

 

УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил албадан гаргасан 800 хятад иргэний асуудал юу болсон бэ. Яагаад тэр хүмүүст гар утасны сим карт олноор нь олгосон бэ. Яагаад бөөнөөрөө орж ирэхэд хяналт тавиагүй вэ. Цахим сүлжээгээр дамжуулж юу ч хийж болохоор байна шүү дээ. Гүйцэтгэх ажиллагаа явуулах хэмжээний баг орж ирсэн байхад манайх тайван үйл ажиллагаа явуулж байсан. Яагаад ийм алдаа дутагдал гарсан бэ?

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй бололцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд яваа. Төрийн байгууллагуудад Монголд байгаа гадаадын иргэдийн нэгдсэн мэдээлэл байдаггүй учраас хяналт сул байгаа. 30-аас дээш хоногийн хугацаагаар байрших гадаадын иргэдийг бүртгүүлдэг. Гэвч бүртгүүлэхгүй байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хил дээр биеийн давхцахгүй өгөгдлийг авна.  Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох байгууллагууд мэдээллийн сүлжээний нэгдсэн баазтай болно. Техникийн шийдлээр гадаадын иргэдийг хянана.

Ц.Даваасүрэн: Ийм байдлаар хуралдмааргүй байна. УИХ-аас нуух юм байхгүй. Шаардлагатай бол хаалттай хуралдъя. Хууль хүчний байгууллагуудын нэг балай юмнууд ийм зүйл яриад сууж байж болохгүй. Тэдний заримыг нь зайлуул. УИХ-д томроод сууж болохгүй. Гүйцэтгэх ажиллагааны нууц гэж солиороод байх юм.

Г.Занданшатар: Шүүх рүү шилжсэн хэргийн талаар яагаад нууцлаад байгаа юм бэ?

Х.Нямбаатар: Тагнуулын байгууллага дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг үүсгээд шүүх рүү шилжүүлсэн. Тагнуулын байгууллагад гишүүдэд мэдээлэл хий гэдэг бичиг өгье. Гадаадын иргэнд виз олгох асуудлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа. Энэ хуулийн төслөөр Гадаадын иргэн харьяатын газар визийн асуудлыг дангаар нь хариуцахаар тусгасан.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн онд 800 хятад иргэнтэй холбоотой  асуудлаар шалгалт хийсэн. Өнгөрсөн онд гадаадад байгаа 45 Дипломат төлөөлөгчийн газар 244 мянга 500 виз олгосноос 100 мянга орчмыг нь БНХАУ-ын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас олгосон байдаг. 800 хятад иргэнтэй холбоотой асуудлыг нэг бүрчлэн шалгасан. Бизнес ангилал буюу Монголд уригч компанитай хятад иргэд байсан. Нэг дор бөөнөөрөө орж ирээгүй. Виз олголтоос нь харахад хоёр сарын турш цувж орж ирсэн байсан. Уригч компанитай холбоотой мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн. 2019 оны аравдугаар сарын 2-нд Ерөнхий сайдын захирамжаар виз олголттой холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ мөрөөр  шалгахад бизнес ангиллын визэд зөрчил байсан. Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард Хөх хот, Эрээн дэх Консулын газруудад чиглэл өгсөн. 800 хятад иргэний визийг Хөх хот, Эрээн дэх Консулын газраас олгосон. 

 
 
Eagle.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.