Самүрайн нэр төрийн үнэ цэнэ буюу монголчуудын гурав худалддаг "сайн аавын нэр"

109

Энэ сэдвийг би олон удаа хөндөж байна даа. Нүүрномд шинэ найзууд олноор орж ирж байгаа учраас дахин бичиж байна. Монголчууд “нэр хугарахаар яс хугар”, “хүн нэрээ, тогос өдөө” гэж ч ярьдаг, үндсэндээ, хүний нэр төрийн тухай л би ярих гээд байна даа. Сүүлийн үед залуусын гаргаж байгаа ааш араншинг хараад байхад энэ тухай үргэлж л хэлж ярьж, “яншиж” сануулж байхгүй бол болохгүй болжээ.
1868 онд Японд Ардчилсан их өөрчлөлт өрнөн, нийгмийн дээд давхарга болох самүрай нар эрх мэдэл өмч хөрөнгөөсөө салж, зүгээр шахуу хүртдэг байсан цалин пүнлүү цагаан будаа нь үгүй болжээ. Амьдрах эх үүсвэргүй болсон нэгэн самүрай бусдын жишгийг даган бизнес наймаа хийхээр шийдэж банкинд ирэн, “мөнгө зээлж авах” хүсэлт гаргажээ. Банкны ажилтан түүнээс “самүрай ноёнтон, та зээлийн барьцаанд юу тавих вэ” гэж асуув. Самүрай “би хүнд худлаа хэлж үзээгүй, зээлээ цагт нь төлнө, асуудалгүй” гэжээ, өөрөөр хэлбэл, самүрай өөрийнхөө “нэр төрийг” барьцаалж байна гэсэн үг. Банкны хүн асуув: За яахав, бид танд итгэлээ гэж бодъё, гэтэл та зээлээ төлж чадахгүй бол яахав? Самүрай хэлсэн нь: “Тэгвэл та нар намайг олны өмнө элэг доог болгож, нэр төрийг минь гутаагаарай” гэж хариулжээ.
Дүгнэлт: Самүрайн хувьд нэр төр нь маш их үнэтэй эд байх нь, амьтан хүний элэг доог болж нэр төрөө гутаалгана гэдэг бол түүний хувьд тэвчихийн аргагүй гутамшигт үйл явдал болох юм байна.
“Манай нутгийн Даш өвгөний хүү байна ш дээ, нааш нь оруул, гээд л том дарга намайг сайхан хүлээж авлаа”. “Дорж гуайн охин л байна, хувинд нь сүү хийж өгөөд явуул” гэх мэтийн яриа хөөрөөг монголчууд амьдрал дээр ч, жүжиг киноноос ч бид сонсож л байсан. Энэ бол монголчууд бидний “сайн аавын нэрийг гурав худалдаж иднэ” гээч шүү дээ. Аавууд ийм сайхан нэр төрийг үлдээгээд “яваад өгдөг” байж.
Яг өнөөдөр монгол хүний нэр төр ямар үнэтэй байна вэ, нэг сая төгрөг үү? Бид бие биедээ итгэж байна уу, санаа зоволгүй зуун мянган төгрөг өгөөд явуулах найз нөхөд хэр олон байна вэ, танд? “Хүнд юм хийж өгвөл ядаж нэг насных нь юм хийж өгөх хэрэгтэй” гэдэг монгол уран дархчуудын ухаан бодол одоо байгаа юу? Та бүхний дунд “төр засаг ийм байхад би нэг их нэр төртэй хүн байх гээд яадгийн” гэсэн бодолтой хүн олон байгаа юм биш биз?
Фэйсбүүк найз та, нэр төрөө бодож амьдарч, ажиллаж чадаж байгаа юу, та үр хүүхэддээ “гурван удаа худалдаж идэх” нэр төрийг үлдээж чадах нь уу? Шуудхан хариулна шүү!
Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.