“Фуллконтакт каратэ”-гийн УАШТ-д 33 багц медалийн төлөө өрсөлдөнө

651

Монгол Улс дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны гишүүнээр 2014 оны есдүгээр сард элссэн. Монгол Улс дахь салбарын даргаар хар бүс 3-р дан цолтой Б.Гомбогэрэл ажилладаг ба хот, хөдөө орон нутагт 15 салбар клубт 260 гаруй тамирчид хичээллэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн ерөнхий газар зэрэг хүчний байгууллагуудад мөн салбар клубууд үйл ажиллагаа явуулдаг.

Тус холбооны зорилго нь Шинкиокушинкай каратэг Монгол оронд түгээн дэлгэрүүлэх, каратэгийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудад бие бялдар ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, олон улс, тив дэлхийн түвшинд Монгол Улсын нэрийг гаргах шилдэг тамирчид бэлдэх, Монгол Улсын хүчний байгууллагуудын албан хаагчдын бие бялдар сэтгэл зүйн чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн сургалт, туслалцаа үзүүлэхэд оршино. Монголын Шинкиокушинкай Каратегийн холбоо байгуулагдсан цагаас эхлэн жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн, өвөл, зуны цугларалт, бүсны зэрэглэл дээшлүүлэх семинар, сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд тамирчид олон улсын тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож тодорхой амжилтуудыг үзүүлж байна.

  • 2016 онд Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан "Астана кап" олон улсын тэмцээнээс тамирчин Т.Баярхүү мөнгөн медаль, мөн тухайн оны 8-р сард Япон улсын Токио хотноо болсон "Каратэ Дрийм" олон улсын тэмцээнд тамирчин Э.Буянбат алтан медаль хүртэсэн зэрэг амжилт үзүүлээд байна.
  • Мөн олон улсын цугларалт сургалтанд манай тамирчид тогтмол амжилттай оролцож, сүүлийн 2 жилд 11 тамирчин дэлхийн шинкиокушинкай каратэгийн холбооны мастер, хар бүс 1-р дан цолыг авсан бол Монгол дахь салбарын дарга Б.Гомбогэрэл багш мастерын хар бүс 3-р дан цол хүртлээ.
  • Дэлхийн Шинкиокушинкай Каратегийн байгууллагаас зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жингүй 4 жилд нэг удаа зохион байгууллагддаг бөгөөд гишүүн орон бүхнээс шилдэгүүд хүч чадлаа сорьдог.
  • Азийн аварга шалгаруулах тэмцээн 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг.

Шинкиокушинкай каратегээр хичээллэгсэд нь нэг нэгнээ хүндэтгэх, дожо буюу хичээлийн танхимд баримтлах тогтмон дэг жаяг, хатуу дүрэмтэй, бүсний зэрэглэл ахиж мастерийн зэрэгт хүрэхэд суралцагчаас их тэвчээр хатуужил, хүмүүжил, каратегийн мэдлэг болон цаг хугацааны шалгууртай. Суралцагчийн бүсний 10 зэрэглэлтэй. Бүсний зэрэглэл бүр нь тодорхой норматив шалгууртай бөгөөд зэрэглэл ахих тусам шалгуур нь хүндэрч бие бялдар болон оюун санааны өндөр чадавхийг шаарддаг.

Шинкиокушинкай карате нь кумите буюу тулааны уралдаан тэмцээний төрлөөс гадна ката /ганцаарчлан хийх иж бүрэн цогц дасгал/ -аас бүрддэг. Ката нь бие бялдрын хурд, хүчнээс гадна биеийн уян налархай байдал, хувь хүний мэдрэмж, анхаарал төвлөрүүлэлт их шаарддаг. Катагийн төрлөөр олон улсын тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгууллагддаг.

2017 онд МШККХолбоо нь шинээр Shinkyokushinkai Karate center нээсэн нь Монгол Улсад бие хамгаалах урлагийн төрлөөр нээгдсэн анхны карате спорт сургалтын төв болсон юм. 2017 онд тус холбооны урилгаар Азийн Шинкиокушинкай каратегийн холбооны Ерөнхийлөгч Сужото айлчлан ирж хамтарсан бэлтгэл хийж, тамирчдын бэлтгэлийг удирдан ажилласан юм.

Мөн 2019 онд Шихан Кенжи Мидори өөрийн биеэр мастеруудад семинар удирдан явуулж манай багш нар зэрэглэлээ ахиулж хар бүс 2-р дан цол авсан билээ.

Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO Shinkyokushinkai/ байгууллагын ерөнхийлөгч, Японы Фулл Контакт каратегийн холбооны гүйцэтгэх захирал, дэлхийн аварга, фулл контакт каратегийн дэлхийн хамгийн техниктнй хүн хэмээн нэрлэгддэг шихан Кенжи Мидори болон Дэлхийн Шинкиокушинкай Каратегийн /WKO Shinkyokushinkai/ байгууллагын Гүйцэтгэх захирал ноён шихан Я.Кой нар 2018, 2019 онд Монгол Улсын ажлын айлчлал хийж байв. МШККХолбооноос зохион байгуулсан 2018, 2019 оны зуны цугларалт оролцож, арга зүйн зааварчилгаа өгөх, 2021 онд Монгол оронд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нөхцөл боломжийг судлах хүндэтгэж, сонирхож байдаг Монгол оронтой танилцах зорилготой зочилж байсан бөгөөд тэрээр олон бөхчүүдтэй нөхөрлөдөг, Монголын сумочид, Чингис хааныг хүндэлж биширдэг нэгэн билээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооноос зохион байгуулж буй “Фуллконтакт каратэ”-гийн 6 дахь удаагийн УАШТ болох гэж байна. Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 13 клуб, дэвжээний 140 тамирчин бага нас, өсвөр үе, идэрчүүд, насанд хүрэгчдийн нийт 11 насны ангилалд 33 багц медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо. Насанд хүрэгчид нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн төрөлд 3 жингийн ангилалаар явагдана.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>