Улаан бурхан өвчний тохиолдол сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд бүртгэгджээ

44

Улаан бурхан өвчний тохиолдол сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд бүртгэгджээ

 

ЛОНДОН.
 /BBC/. Дэлхийн хэмжээнд 2019 онд улаанбурхан өвчний тохиолдол огцом нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хамтарсан тайланд дурджээ. Өнгөрсөн онд 869770 хүн улаан бурхан өвчнөөр халдварласан нь 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
 
Улаан бурхныг ихэвчлэн бага насны хүүхдэд элбэг тохиолддог аюул багатай өвчин гэж үздэг ч 2016 оноос хойш тус өвчний улмаас нас барсан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд тус өвчний улмаас 207500 хүн нас баржээ.
Ийм нөхцөл байдал үүссэнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа, олон хүүхэд улаан бурхан өвчнөөс хамгаалах MCV1 болон MCV2 вакциныг цаг тухайд нь хийлгээгүйтэй холбоотой гэжээ. Вирус дэгдэхээс найдвартай хамгаалахын тулд хүн амын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай аж. "MCV1” вакцинжуулалтын түвшин дунджаар 85 хувьтай байгаа бол "MCV2” 71 хувьтай байгаа аж.
 
"Улаан бурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх арга замыг шинжлэх ухаан хэдийнээ олсон. Иймд хүн бүрийг вакцинжуулалтад хамруулахын тулд нэгдэж ажиллах хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус мэдэгдсэн байна.
2020 онд коронавирустэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бусад өвчний эсрэг вакцинжуулалтын үйл явц зогсонги байдалд оржээ. Хорио цээрийн улмаас 26 улс орны нийт 94 сая хүн хамрагдах ёстой байсан улаан бурхан өвчний вакцинжуулалтыг хойшлуулсан байна. Эдгээр улсаас 8-хан улс вакцинжуулалтыг сэргээсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.