Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд МАН онцгой анхаарч байна
Ердөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Парламент Ерөнхийлөгчийн сонгууль явагдах "гол дүрэм” буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Эрх баригчид болон сөрөг хүчин хуульд ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Тэр дундаа МАН-ынхан хуулийн төсөлд онцгой анхаарч байгаа сурагтай. Ерөнхийдөө сонгуулийн хуулийг МАН өөрсдийн таалалд батлах нь тодорхой. Гэхдээ ямар хувилбар эрх баригчдад ашигтай байх вэ гэх асуудал ид яригдаж байна. АН ч өөрсдийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байр сууриа илэрхийлээд эхэлсэн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 50 нас болгосон. Мөн сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сонирхолтой, онцлогтой болох нь тодорхой.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 42.4.3-т "Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өр, зээл тэглэх асуудал өмнөх сонгуулийн үеэр яригдаж байсан учраас энэ асуудлыг "хааж”, ийм заалт оруулсан бололтой.