Улстөрчдийн чансааг “КОВИД-19” тодорхойлж байна

370

 

Улстөрчдийн чансааг “КОВИД-19” тодорхойлж байна

 

Улстөрчдийн чансааг сар бүрээр нь тодорхойлж судалдаг МЭК судалгааны байгууллагын арванхоёрдугаар сарын дүн гарчээ.

Сар бүр тогтмол гардаг уг судалгааны дүнг төдийлөн олон хүн олж үзэж чадаагүй бололтой гэж үзээд сонирхуулахаар шийдлээ. Улс төрийн орчин гэдэг сараар байтугай хоногоор байрлал нь өөрчлөгддөг эд. Гэхдээ энэ удаагийн судалгаанаас харахад цар тахлыг манайх дотооддоо алдсантай холбоотойгоор хөл хорио тогтоосны нөлөөлөл ихээр мэдрэгдсэн байх юм. Ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын хувьд хийсэн алхам, хэлсэн үг бүр нь ямар нэгэн нөлөөлөл үзүүлж байгаа бололтой. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 804 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар энэ сарын 7-10-ны өдрүүдэд авсан аж.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ судалгааны дүнгээр Ерөнхийлөгчийн оноо өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй 6.1 хэвээр байна. Тэрбээр энэ төрлийн судалгаанд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан буюу 2017 оны наймдугаар сард 7.6 хүрч байлаа. Түүнээс хойш багахан уруудаж энэ түвшинд ирээд гацчихсан байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг өөрөө хэл амнаас бага болохоор тэгтлээ олон нийтийн дунд нэр хүнд нь савлаад байдаггүй онцлогтой. Гэхдээ цар тахлын үед иргэдийн олонх нь гэртээ байгаа болохоор цахимд идэвхтэй байгаа. Дээрээс нь орлого нь буурсан, бизнес нь дампуурлын ирмэгт ирсэн гээд хүмүүсийн бухимдал өндөр байна. Ийм үед рейтингээ хадгалсан нь судалгааны байгууллагын дурдсанаар бол "Ковид-19” тархалттай холбоотой өрх бүрт нэг сая төгрөг өгөх уриалга, Монгол бичгийн хичээл, зарим өрхийн орлого огцом буурсан зэрэгтэй холбон тайлбарласан байна.

Тэгвэл УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ өнгөрсөн сарынхаас 0,1 оноогоор буурч 3,6 болжээ. 2020 оны ээлжит сонгуулийн дараа 4.2 оноотой эхэлсэн парламентын чансаа аажмаар тасралтгүй буурсаар байгаа юм. Ер нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН дангаараа засагласан боловч парламентын нэр хүнд дотоод хагарал зөрчилдөөн, эдийн засгийн асуудлуудаас болоод сайнгүй явж ирсэн. Энэ удаа оноо нь буурахад "Ковид-19” тархалтын үр дагаварыг бууруулахад идэвх хангалтгүй байдал, УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл, зарим өрхийн орлого огцом буурсан явдал нөлөөлжээ. Түүнчлэн арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын үйл ажиллагааны үнэлгээ ч буурчээ. Өнгөрсөн сард 6.1 байсан бол энэ судалгаагаар 5.6 болсон байна. Үүнд УОК-ыг өөрийн биеэр удирдаагүй явдал, "Ковид-19” хөл хорионы явцад Засгийн газрын зарим гишүүний үйлдэл, "Ковид-19” хөл хорионы үед Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссийн үйл ажиллагааны уялдаа холбоо алдагдсан байдал, зарим өрхийн орлого огцом буурсан явдал нөлөөлсөн гэж судалгааны байгууллага дурдсан байна. Энэ судалгааны асуулгыг авч өнгөрсөнөөс хойш Засгийн газар бүх айл, зарим аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл тэглэх, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулах шийдвэр гаргасан. Тиймээс дараагийн судалгаан дээр өссөн байх нөхцөл харагдаж байна. Учир нь бүхий л улстөрчид, төрийн байгууллагын чансааг ковидын нөхцөл байдалтай уялдуулж харах шаардлага үүсээд байгааг дээр дурдсан билээ.

Цар тахал алдагдсантай холбоотойгоор рейтинг нь суларч байгаа хүмүүсийн дотор хотын дарга Д.Сумъяабазар байна. Тухайлбал, хотын дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагааны үнэлгээ ажлаа авснаас нь хойш сүүлийн дөрвөн судалгаагаар тувт уруудсаар одоо 3.1 оноотой болчихсон байна. Өмнөх сард 3.4 байлаа. Үүнд "Ковид-19” хөл хорионы үед УОК болон НОК-ийн үйл ажиллагааны уялдаа холбоо алдагдсан байдал, НОК-ийн шийдвэрүүдээ иргэдэд мэдээлэх, түгээх, тайлбарлахад гарсан алдаанууд, зарим өрхийн орлого огцом буурсан явдал нөлөөлжээ. Түүнчлэн үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч ангиллын судалгааг хотын дарга Д.Сумъяабазар 25 оноотойгоор тэргүүлжээ. Ард нь 16 оноотой П.Анужин гишүүн явж байгаа юм. Түүний араас Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар оржээ. Тэгвэл үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч гэсэн ангилалд Ерөнхий сайд 31, Ерөнхийлөгч 28 оноотойгоор тэргүүлсээр байна. Эрх баригчдын оноо буурах хэрээр энэ төрлийн судалгаанд бие даагч, сөрөг хүчний гишүүд жин дарах шинжтэй болоод ирлээ. Тухайлбал энэ жагсаалтад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн ар дээр бие даагч Н.Алтанхуяг, ХҮН-ын Т.Доржханд, МАХН-ын С.Ганбаатар, АН-ын О.Цогтгэрэл нар жагссан байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>