Банкны салбарт 6.9 их наяд төгрөгийн зээл ЭРСДЭЛД оржээ
КОВИД-19 монголчуудад "Өнөөдрөө л аргалж байвал боллоо” сэтгэлгээ суулгаж байна. Гэвч маргааш, түүний цаана дахиад маргааш гэж бий. Алсын хараа гэх мэт нь холдчино, харин цар тахал дууссаны дараах Монголын эдийн засгийг энэ төр засаг хэрхэн харж байдаг юм бол.
Цар тахлаас сэргийлсэн арван сарын хугацаанд бэлтгэлээ бүрэн хангаагүйг үзэхэд, ерөнхийдөө хариулт байхгүй. Бүх зүйл сайхан болно л гэсэн алсын хараагаар бүх асуудалд хандаж буйг банкны салбарт үүссэн хүндрэлээс харж болно.
Хөл хорионы нөлөөгөөр бизнесийнхэн банкны зээлээ төлөх чадваргүй болж хойшлуулах арга хэмжээ авч эхэлсэн. УИХ ч үүнийг хүчиндэж, төрийн зохицуулалтын байгууллагуудын шийдвэр гарсан. Улмаар банкны салбарын нийт зээлийн 40 хувь эрсдэлд орсон талаар Монголын банкны холбоо мэдээлжээ.
Нийт зээл гэдэг нь 17.2 их наяд төгрөг. Үүний 40 хувь гэхээр 6.9 их наяд төгрөг болж байна. Энэ бол III улирлын эцэс гэхэд банкнаас гарсан 100 төгрөгийн зээл тутмын 40 төгрөг эргэж төлөгдөх эсэх нь эрсдэлтэй болсон гэсэн үг.
Эрсдэлтэй 6.9 их наяд төгрөгийг задалбал, хоёр их наяд нь чанаргүй зээл, 1.2 их наяд нь хугацаа хэтэрсэн зээл, 3.7 их наядыг нь цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөх чадваргүй босон зээл эзэлсэн байгаа юм. Арилжааны банкуудын хувьд 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг "хугацаа хэтэрсэн” ангилалд багтаадаг бол 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг "чанаргүй” гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зээлийн ангиллыг 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг "хэвийн” гэж үзэх маягаар өөрчилсөн.
Арилжааны банкууд 41,533 иргэний 2.2 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулжээ. Ипотекийн зээлийн хувьд эргэн төлөлтөөсөө хамааран шинээр олгогдох хэмжээ нь тодорхойлогддог. Тиймээс царцсан бизнесийн зээл, ипотекийн зээл аль альнийх нь эргэн төлөлт удаашрахын хэрээр шинэ зээл олголт хумигдана. Үүнийг л арилжааны банкуудын хамгийн том эрсдэл гэж харж байна.
Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэлийн 40 хувь эрсдэл хүлээж магадгүй гэхээр бүр муу үр дагавар авчирна. Харин төрийн байгууллагуудын зүгээс гаргасан шийдвэрээ үр дүнтэй, хэрэгжилт нь хэвийн байгаа мэт харагдуулахын тулд асуудлыг тайлбарлахаас цааргалаж эхэлсэн. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан хэтийн тооцоолол нь ч зөрүүтэй. Тооцоолол хэрхэн зөрж байна гэхээр, саяхан Монголбанкны ерөнхийлөгч ирэх оны эдийн засгийн өсөлтийг зургаа хувь гэж харж буйгаа хэлсэн байна. Тэгвэл Монголын банкны холбоо ирэх оны өсөлтийг хоёр хувь гэж харжээ. Үүнийг 2021 оны эхний хагас хөл хориотой байхтай холбон тайлбарлаж байна. Нийт эдийн засгийн өсөлт, ирэх оны идэвхжилийг дөрвөн хувийн зөрүүтэй үнэлж байна гэдэг өөрөө тооцооллын хувьд том асуудал байгааг илтгэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН