Гүймэг харахад сайхан ч гүйцээж бодвол хорлонтой хуулийн төсөл
УИХ-аар батлах гэж байгаа "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл бололтой. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлого, нарийн ухаанаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ. Уншигч та энэхүү бичвэрийг тэвчээртэй уншиж дуусгавал миний ийн хэлсний учрыг ухаарах болно.
Стоо-п! Асуудлыг монгол хүний алсын хараа, цөлөх ухаанаар шүүн тунгааж, алдаж оносон түүхэн сургамжийг дэнсэлж үзье. Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлаас давсан; их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын урхи болж мэдэхүйц эрх ашиг гэж улс оронд байх ёсгүй. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм-төрийн аюулгүй байдлын суурь зарчмыг уландаа гишгэсэн хортой үр дагавар бүхий төсөл болжээ.
Орон нутгаа бие даасан төсөвтэй, татвар тогтоох, үнэт цаас гаргах эдийн засгийн эрхтэй болгосноор дотоодын хагарал хямрал руу халтирах, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюултай. Улс төр, шашин, соёлын нөлөөгөө эрчимжүүлэхийг гадаадын олон орон хүсдэг онцгой бүс болох Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хэлмээр байна.
Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улс орны язгуур эрх ашгийг хөндсөн, Төсвийн болон татварын тухай хуулиудтай зөрчилдсөн, хууль хоорондын хийдлүүд бий болгох эрсдэлтэй, орон нутгийг хөгжүүлэх оновчтой бодлого нэрийн дор хуулиар дамжуулан нөлөөллийн хүрээгээ нэмэх гэсэн гадныхны урхинд анзааргагүйгээр автсан байж болзошгүй энэ төслийг хууль болгон баталбал эх орноосоо урвасантай агаар нэгэн үйлдэл болно.