Хакухо М.Даваажаргал: Ээждээ нэг үнсүүлчихмээр л байна
Япон улсын Токио хотод дулаахан хэрнээ жавар сэнгэнэсэн, жихүүндүү өвөл болж байна. Корона цар тахал ихсэх төлөвтэй, хүн зоны хөдөлгөөн илт саарсан нь мэдэгдэхүйц, хотын гудамжууд зарим хэсэгт сийрэг, нам гүм байна. Ёкозуна наргүй Токиод болсон өнгөрөгч сарын Сумогийн башёд баруун жигүүрийн Озэки Такакэйшёо баруун жигүүрийн Комүсүби Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ нар тунаж, нэмэлт барилдаанаар Такакэйшёо Эзэн хааны цомыг хүртэж, энэ оны сүүлчийн барилдаан өндөрлөсөн билээ.
Одоо эргээд бодоход тэр башёгийн үеэр хэд хэдэн удаа өглөө бэлтгэл хийлгүй эмнэлэгт очих шаардлага гарсан нь санаандгүй тохиолдлоор сайн үр нөлөө болж дээ гэж дүгнэдэг. Учир нь өглөө бэлтгэлээр хэт өөрийгөө шахаж, хөлсөлвөл бөхчүүд бидний хэллэгэээр цөмөрчих байсан. Бэлтгэл хийгээгүй нь булчин шөрмөсөө амрааж, сэргэлт авахад эерэг нөлөөлөл үзүүлж дээ гэж хэзээ хойно нь бодогдсон. Башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд аваргатай барилдаж 44 дэх түрүүгээ авсан ч сэтгэлд ямар ч баярын гэрэл гэгээгүй, ямар ч байсан арван дөрөв хоногийг дуусгалаа. Ногдсон үүргээ арай л гэж биелүүллээ хэмээн сэтгэл тайвшрахын хажуугаар маш их ядарснаа мэдэрсэн дээ. Тэр хаврын башё бие, сэтгэлийн унах өгсөх хэлбэлзэл, давлагаа ихтэй их сонин уйтгартай ч гэмээр юмуу даа нэг л хачин башё байсан.
Надад нэг хүн "Аварга аа хүн аман дээрээ зорилго, зорилт гэж хэлдэг болохоос бодит амьдрал дээр анхнаасаа тийм зүйл оршдоггүй юм. Жишээ нь, та сумогоор анх барилдаж эхлэхдээ аварга болно. Дөчин хэдэн түрүү авна гэсэн зорилготой байсан юм уу?” гэж хэлж билээ. Бас сонин үг шиг санагдсан шүү.