Б.Энхбаяр: Монголд “Ковид-19”-ийн вирусээс ард түмнээ урьдчилан сэргийлэх болон эмчлэх бүрэн боломж бий

64

“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаартаа Польш улсын Тарнобжег хотод монгол уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа хүний их эмч, эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаярыг урьж ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Өглөөний зочин” ярилцлагын буландаа намайг урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Миний бие Балбарын Энхбаяр. Аавыг маань Дашдооровын Балбар гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул, багш мэргэжилтэй хүн байсан. Ээжийг минь Дүвзээгийн Лантуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул хүн. Аав, ээжийн минь удамд нутагтаа нэртэй бариач, монгол эм тангаар эмчилдэг хүмүүс байсан.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1987 онд арван жилийн сургуулиа төгсч, 1994 онд Анагаах ухааны их сургуулийг монгол уламжлалт, европ анагаах ухааны хосолсон хүний их эмч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгссөний дараагаар Ардын эмнэлгийн хүрээлэнд Монголын шилдэг эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээсээ их зүйлийг сурсан. 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл Польш улсад Монгол уламжлалт анагаах ухааны мэргэжлийн чиглэлээр эмчийн ажлаа хийж байна.

-Польш улсад цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

-Польш улсад 2020 оны гуравдугаар сараас эхлэн Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Тухайн үедээ Засгийн газраас зарим хязгаарлалтыг шат дараатай хийж, цар тахлын нөхцөл байдалтай хослуулан хорио цээрийн дэглэмээ тохируулж байсан. Европын орнуудыг бодвол Польш улс харьцангуй хохирол багатай даван туулж байгаа гэдгийг хэлмээр байна.

Учир нь Европын орнуудыг бодвол өрнийн болон дорнын анагаах ухааныг зэрэг хөгжүүлдгээр маш их онцлогтой давуу талтай. Хоёр анагаах ухааныг хослуулсан улс оронд ковид-19-ийн эмчилгээ маш их үр дүнтэй байгаа нь олон улсын эмч эрдэмтдийн анхаарлыг татсаар байна.

Монгол уламжлалт анагаах ухааны үр дүнтэй эмчилгээнүүд нь богино хугацаанд бага зардлаар оношлогоо урьдчилан сэргийлэх эмчилгээг зэрэг хийдгээрээ бусад оронд авч хэрэгжүүлж байгаа эмчилгээнээс маш онцлогтой юм. Тийм учраас монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээ цар тахлын үед Европын улсуудад маш их эрэлт хэрэгцээтэй байна. Польш улсад ажиллаж байгаа монгол 100 гаруй эмч нар цар тахалтай бүс нутагт энэ чиглэлээрээ үр дүнтэй ажиллаж байна.

-Польш улсын сургуулиуд нь хичээллээд эхэлсэн үү?

-2021 оны нэгдүгээр сарын 18-аас хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар бууруулж, нэгээс гуравдугаар ангийн сурагчдийг танхимаар хичээллүүлж эхэлсэн. Учир нь хүүхдүүд цахимаар хичээллэхэд нүдний хараа муудах, төвлөрч сууж хичээлдээ анхаарахгүй байгаа учраас танхимаар хичээллэх нь үр дүнтэй гэж үзэж хичээллэж эхэлсэн байгаа.

Танхимаар хичээллэж эхлэхийн өмнө:

-Бүх сургуулийн багш нарыг PCR шинжилгээнд хамруулсан.

-Сургуулиуд хичээл эхлэхийн өмнө сурагчдийн халууныг үзэж сургууль руу оруулж байгаа. Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхэд тэр дор нь мэдэгдэж, шууд сургуулийн гаднаас буцаах арга хэмжээ авч гэрээр нь цахимаар хичээлийг нь хийлгэж байгаа. Харин гуравдугаар ангиас дээш ангийн сурагчид, оюутнуудын хичээл цахимаар орж байгаа.Нэг онцлог нь анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудын зарим хичээлүүд нь танхимаар хичээллэж байгаа.

-Манай улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр ковид-19 халдварын тохиолдол дотоодод бүртгэгдсэн.

Энэ цагаас хойш өнөөдрийг байдлаар улсын хэмжээнд 1100 гаруй хүн халдвар авсан байна. Манай улсад ковид-19 халдварын эсрэг вакцин орж ирээгүй байна. Вакцингүйгээр эмч нар маань ковид-19 халдварыг эмчилж, эдгээж байгаа. Вакцин Монгол Улсад орж иртэл ард иргэд дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

-Манай Монгол Улс бусад орнуудыг бодвол маш олон давуу талтай. Жишээлбэл Дорнын болон өрнийн анагаах ухааныг зэрэг хөгжүүлсэн, хүн ам цөөн, сийрэг, газар нутаг томтой, Монголын үндэсний үйлдвэрлэлийн экологийн хүнс, болон барааны чанартай бүтээгдэхүүнтэй дэлхийн цөөн улсуудын нэг юм. Үүнийгээ цаг хугацаа алдалгүй үр дүнтэй, оновчтой зөв ашиглах нь чухал юм.

Монгол уламжлалт анагаах ухаан 5000 мянган жилийн түүхтэй, практик, нотолгоон дээр тулгуурласан байдаг. Өрнийн анагаах ухаан 100 жилийн түүхтэй. Өрнийн анагаах ухаан нь оношлогоо, шинжилгээнд маш их дэвшилттэй ахиц гарч байгаа хирнээ зарим өвчнүүдийн үед эмчилгээнд нь ахиц гарахгүй байгаа. Энэ нь нэг ёсондоо өрнийн анагаах ухаан ихэвчлэн өвчний шинж тэмдгийг эмчилдэгтэй холбоотой . Тэгвэл монгол уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг цаг алдалгүй шинж тэмдэг болон өвчнүүдийн шалтгааныг зэрэг эмчилдгээрээ олон талын давуу талтай юм.

Монгол уламжлалт анагаах ухааны 10 үндсэн эмчилгээнд 5 зөөлөн, 5 ширүүн засал гэж бий. Тэрхүү 5 ширүүн заслын эмчилгээний нэг нь Монгол галтай соруул засал буюу галтай бумба эмчилгээ юм.

Галтай бумба тавих уламжлалт эмчилгээ нь вакцингүй үед вакцин болж байсан. Дархлаа сэргээх галтай бумба эмчилгээний үндсэн найман сонгомол цэгээс гадна давхар 12, нэмэлт 25 гээд нийт 45 цэг бий. Энэ нь бариа засал,самнуур, хатгуур, төөнүүр болон зүүний цэгээс өөр байдаг юм. Хүний биеийн температур 36.5 хэм байдаг.

Тэгвэл галтай бумбаны дотор талын температур биеийн температураас өндөр 38.2 хэм хүрдэг учраас хүний дархлааны эд эсийг сэргээж, идэвхжүүлдэг. Сэрсэн дархлааны эсүүд ямар ч бактер, вирустэй байлдаж эхэлдэг.Тиймээс галтай бумба эмчилгээ вакцингүй үед вакцин орлох хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг арга юм.

Галтай бумба эмчилгээг хэрэглэж сурснаар ганцхан Ковид-19 -ийн үед ч биш мутацид орж байгаа вирусийн халдварт өвчнүүдийн үед, жил бүрийн дэгддэг томуу томуу төст өвчлөлийн үед, хоолойны ангина, гаммерит, амьсгалын дээд болон доод замын үрэвсэлт өвчнүүдийг үр дүнтэй эмчилснээр цаашид гарч болох хүндрэл астма, үе мөч ревтамизмаар өвдөхгүй байх маш их олон талын ач холбогдолтой эмчилгээ бол монгол уламжлалт анагаах ухааны галтай соруул засал буюу галтай бумба эмчилгээ юм.

Мөн Монгол уламжлалт галтай бумба эмчилгээ бол Аутогемотерапи буюу антивирус, антибактерийн эмчилгээг зэрэг хийдгээрээ давуу талтай.

-Та Монгол уламжлалт галтай бумба эмчилгээгээр дагнаж хэдэн жил ажиллаж байна вэ?

-Монгол уламжлалт галтай бумба эмчилгээ оношилгоогоор дагнан ажиллаж байгаа мэргэжилтэн хүн нь миний бие байгаа юм. 20 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж олон улсын хурал зөвлөгөөнд илтгэл тавьж, гадаад дотоодын ном сэтгүүлд энэ талаараа бичиж, хэвлүүлж байна.

-Ковид-19 халдвар авсан Польш улсын иргэд танд хандаж байна уу?

-Монгол уламжлалт анагаах ухааны галтай бумба эмчилгээг Польш улсад бүх төрлийн ажил эрхэлдэг хүмүүс, бүх насны хүмүүс хийлгэж байна. Нэг жишээ хэлэхэд: Галтай бумба эмчилгээ хийлгэж байсан нэг эмэгтэйн нөхөр нь ковид-19 халдвар авсан. Харин галтай бумба эмчилгээ хийлгэж байсан эхнэр нь халдвар аваагүй байгаа юм.

Бас нэг өөр жишээ хэлэхэд гэр бүлийн эхнэр, нөхөр хадам ээжтэйгээ хамт монгол уламжлалт анагаах ухааны галтай бумба эмчилгээ хийлгэж байна. Гэтэл тухайн гурван үйлчлүүлэгч ковид-19 халдвар аваагүй.

Харин тухайн гэр бүлээс эмчилгээ хийлгээгүй байсан охин, хүү хоёр нь ковид-19 халдвар авсан байх жишээтэй гэх мэт маш олон тохиолдлууд байна. Мөн ковид-19 вирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс ирж монгол уламжлалт анагаах ухааны галтай бумба эмчилгээгээр дархлаагаа сайжруулж байна.

Ингэснээрээ ковидын дараах ой санамжаа алдах, үс унах гэх мэт бусад гарч болох хүндрэлүүдээс давхар урьдчилан сэргийлж байгаагаараа маш их ач холбогдолтой эмчилгээ юм.

-Эмчилгээнд хэрэглэсэн бумбаа олон удаа ашиглах боломжтой юу?

-Хэрэглэсэн бумбаа хэдэн ч удаа ашиглаж болно. Учир нь галтай бумба тавихдаа дотор талыг спиртээр арчиж дотор нь гал өгдөг учраас вирус, бактери байх боломжгүй. Нэг ёсондоо асептик, антисептик, дизинфекци давхар явагдаж байдаг онцлогтой.Уг вирус 57 хэмийн температурт идэвхгүй болж, 75 –аас дээш хувийн этилийн спиртэд хоруу чанар нь багасдаг нь тогтоогдсон.

-Галтай бумба тавих эмчилгээг заавал мэргэжлийн эмч хийх ёстой юу ?

-Тийм. Мэргэжлийн эмч болон сувилагч нарыг энэ үр дүнтэй эмчилгээний арга техникт суралцъя гээд холбогдох Эрүүл Мэндийн яам, УОК-оос хүсвэл бид мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран зааж сургахад бэлэн байна.

-Халдварт өртөхгүйн тулд хамгийн түрүүн мэдвэл зохих зүйл юу вэ?

-Хамгийн түрүүнд дархлаагаа сайжруулах, амьсгалын дээд болон доод замын өвчнийг бүрэн эмчлэх ёстой.Суурь өвчний шалтгааныг эмчлээгүй учраас л вирусийн халдвар авангуутаа нас барж байна. Суурь өвчнөө бүрэн эмчилсэн хүмүүс халдвар авлаа ч хөнгөн тусна. Урьдчилан сэргийлье гэвэл маскаа зүүгээд, гараа угаахаас гадна суурь өвчтэй бол бүрэн эмчлүүлэх хэрэгтэй.

Хүн бүр ковид-19 халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамрагдах боломжгүй гэж байгаа шүү дээ. Жишээ нь:Архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүс. Тэгвэл эдгээр хүмүүс хэрхэн халдвараас сэргийлэх боломжтой вэ?

-Вакцин хийлгэхэд насны хязгаар заасан байгаа. Жишээ нь “Pfizer” вакциныг 16 ба түүнээс нас дээш насны, “Moderna”вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст. Харшилтай болон астматай хүмүүст вакцин хийхгүй байгаа.

Учир нь ковид-19 эсрэг вакцинууд нь зарим өвчтөнүүдэд гаж нөлөө үзүүлж, харшил үүсгэж, астматай хүмүүсийн астмийг хүндрүүлж байгаатай холбоотой. Гэтэл эдгээр хүмүүсийг ковид 19 вакцинд хамруулахгүй гэсэн заавартай байна.Тэгэхээр ковид-19 цар тахлын халдварын вирус нас харгалзахгүйгээр суурь өвчнүүдийг харгалзахгүйгээр хүнд халдаж байгаа. Одоогийн байдлаар дэлхийд 95 сая гаруй хүн ковид 19 халдвар авч хоёр сая гаруй хүн нас барсан байдалтай байна.

Тэгвэл вакцинд хамрагдахгүй 16,18 наснаас дооших хүмүүс болон харшилтай, астматай хүмүүс яах вэ? Энэ хүмүүс халдвар аваад тараагаад бай гэсэн үг юм уу. Мөн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа нэг хэсэг хүмүүс нь вакцин хийлгэх сонирхолтой байгаа, нөгөө хэсэг хүмүүс нь вакцин хийлгэх сонирхолгүй байгаа. Гэтэл ковид-19 халдварын вирус алийг нь ч ялгахгүй халдвараа тараасаар байна.

Тэгвэл энэ бүхний хариулт нь Монголын уламжлалт анагаах ухааны үр дүнтэй эмчилгээний аргууд юм. Монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээг өрнийн анагаах ухааны эм тариатай шаардлагатай бол хослуулан хэрэглэж болно. Ямар нэгэн хоорондоо харшлах зүйл огт байхгүй.

-Бид хоёр ярилцах цаг ингээд дуусах дөхөж байна. Та Монголчууддаа хандаж, эрүүл мэндийн энгийн зөвлөгөө өгөөч?

-Нэгдүгээрт: Миний яриад байгаа цусан хангамжийг бууруулж, дархлааг сүйтгэдэг гол зүйл бол архины төрлийн ундаа, тамхи. Зуршлаасаа салж чадахгүй бол ядаж багасга. Өлөн дээрээ татсан 1 ширхэг тамхины хор 5 ширхгийг татсантай тэнцэх никитоныг биед шингээдэг. Орой 19 цагаас хойш татсан 1 ширхэг тамхи 10 ширхэг тамхины никитонтой тэнцдэг. Учир нь орой нар жаргангуут агаар дахь хүчил төрөгч багасч нүүрс хүчлийн хий нэмэгдээд ирдэг. Энэ үед тамхи татах нь биеийг илүү хордуулдаг. Сүүлийн үед залуус шивээс хийлгэдэг болсон нь янз бүрийн вирус тээгч болох халдварлуулах нэг эх сурвалж болж байна. Элэгний С, В вирус ч шивээсээр дамжин халдварладаг. Арьсыг аль болох гэмтээхгүй байх хэрэгтэй

Хоёрдугаарт: Гар утас, компьютер дээр удаан сууж болохгүй. Цусан хангамжийн зогсонгишилт үүснэ.

Гуравдугаарт: Монгол уламжлалт хүнсээ хэрэглэ.Хятад, Солонгос хоол гэхээсээ илүү Монгол хоолоо ид. Борви тойгны шөл, аарц, хярамцагтай аарцтай гурилтай шөл, адууны махтай сармистай шөл, хонь, үхрийн махаар хийсэн аарцтай шөлтэй хоол хийж идэх хэрэгтэй. Хярамцаг төмрөөр баялаг учраас цусан хангамж сайжруулж, дархлаа дэмжинэ.Чацарганы шүүс амин дэмээр баялаг. Европт амьдарч байгаа бидэнд олддоггүй тансаг хэрэглээ чинь манай Монголд л байна.

Манай улсад ковид-19 халдварын шинэ голомт үүсэхээс өмнө урьдчилж арга хэмжээ авах боломжтой юу?

-Монгол Уламжлалт анагаах ухааны галтай бумба эмчилгээ, уламжлалтын эм тангаар эмчилж болно. Ковид-19 халдвар болон бусад бактерийн гаралтай, вирусийн гаралтай халдварт цар тахлын өвчний үед монгол анагаах ухааны үр дүнтэй маш олон эмчилгээний аргуудыг өвчний үе шатуудаас хамаараад нэн даруй монгол орон даяар эмчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай байна.

Жишээ нь Япон, Америк гэх мэт олон улсын эмч эрдэмтэд Монгол оронд ургадаг эмийн ургамал,тэр дундаа чацаргана, чихэр өвс, дэрвэгэр жиргэрүү хунчир, гэх мэт эмийн ургамалд агуулагдаж байгаа эмийн бодисонд ковид-19 вирусийн эсрэг эмчилгээнд маш үр дүнтэй байна гэж бичиж тэмдэглэж байна.

Монгол уламжлалт анагаах ухааны үр дүнтэй эмчилгээг өвчний үе шатаас нь хамаараад цаг алдалгүй хийж хэрэгжүүлснээр Нэгдүгээрт:Өвчнөө оношлох,

Хоёрдугаарт:Урьдчилан сэргийлэх,

Гуравдугаарт: Өвчөө эмчлэх гэсэн гурван асуудал зэрэг шийдэгдээд явах бүрэн боломжтой. Одоо Монгол Улсад ямар үйл явдал болоод байна вэ гэвэл зөвхөн халдвар авсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын араас хөөгөөд, халдвар авсан хүмүүсийн тоог л өдөр бүр яриад байна. Зөвхөн түргэвчилсэн оношлогоо болон PCR шинжилгээ хийж хөл хорио тогтоосноороо ковид-19 цар тахлыг эмчлэхгүй, бас бүрэн гүйцэд хумьж чадахгүй юм.

Хамгийн гол авч хэрэгжүүлэх ёстой, урьдчилан сэргийлэх болон эмчлэх тактикаа орхигдуулж, цаг их алдаж маш их үргүй зардал гаргаж, олон хүнийг ажилгүй болгож, эдийн засгийг боомилж байна. Нэг ёсондоо талд ассан түймрийн араас нь унтраах гээд хөөцөлдөөд байна. Тэгвэл энэ түймрийг хэзээ ч унтрааж чадахгүй. Тийм учраас гал түймрийн салхины араас нь биш урдаас нь гал тавьж хоёр галыг хооронд нь мөргөлдүүлж гал түймрийг цурманд оруулдаг.

Тэгвэл яг үүнтэй агаар нэг арга бол ковид-19 вирусийн халдварт цар тахлын үед Монгол Уламжлалт анагаах ухааны үр дүнтэй эмчилгээний арга болох, монгол эм тан, монгол уламжлалт галтай бумбийг цаг алдалгүй орон даяар авч хийж хэрэгжүүлснээр ковид-19 цар тахлын араас нь биш халдварт өвчин тархахаас нь өмнө угтаж, амдаж, өрсөх, довтлох, устгах гэсэн шинэ тактикт шилжиж шинэ голомт үүсэхээс бүрэн хамгаалж байх ёстой юм.

Тийм ч учраас Эрүүл мэндийн яам, УОК-ын шийдвэр гаргаж байгаа удирдах албаны хүмүүс, гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа туршлагатай монгол эмч эрдэмтэдийнхаа заавар зөвлөгөөг сонсож, харилцан туршлагаа солилцож, цаг алдалгүй үр дүнтэй аргыг шуурхай авч хэрэгжүүлж, мөн монгол улс дахь УОК-ын эмч, эрдэмтдийн багтай холбож өгч хамтран ажиллахыг уриалж байна.

Тэгэхгүй бол УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг зарим нэг асуудал дээр буруу зөвлөгөө өгснөөс болж Монгол Улсад буруу шийдвэр гарч, эрүүл мэнд болон эдийн засагт маш хүндээр тусаж ард түмний аж амьдрал улам доройтож байна.

Эдийн засагтай байж гэмээн эрүүл ард түмэнтэй байна. Эрүүл ард түмэнтэй байж гэмээн эдийн засагтай байна. Гадаадад ажиллаж байгаа монгол эмч, эрдэмтэн бид нарт ямар нэгэн албан тушаал, ямар нэгэн мөнгө төгрөг хэрэггүй, бидэнд ганцхан зүйл хэрэгтэй. Тэр нь бол Монгол Улсын эрүүл ард түмэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тайван байх ёстой юм. Тийм учраас энэ ярилцлагыг Монгол Улсын Засгийн газрын сонорт хүртэл нь share хийж түгээж өгч ковид-19 вирусийн халдварт цар тахлын эсрэг хамтран тэмцэхийг ард түмнээс болон төр засгаасаа хичээнгүйлэн хүсч байна.

-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны эрүүлийг хамгаалах үйлсэд тань амжилт хүсье.

-“Өглөөний зочин” ярилцлагын буландаа намайг урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Хүний амьдрал дэндүү богинохон. Хүмүүс мөнгөтэй хүнд бус эрүүл хүнд атаархдаг болсон. Тэд хамгийн баян. Эрүүл байхын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хий. Өөртөө л найд, хичээ гэж хэлмээр байна.

 

Хүний их эмч Б. Энхбаяр эмчээс уламжлалт анагаах ухааны чиглэлээр асуулт асуухыг хүссэн уншигчид манай Өглөө.Мн сайтад хандаж асуултаа илгээх боломжтой гэдгийг хэлмээр байна. Бид та бүхний асуусан асуултыг Б.Энхбаяр эмчээс асууж өгөх болно.

 

Г.Нараа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.