ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-2

61

ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-2

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-т удирдлагын хямрал нүүрлэж, хариуцлагагүй, ёс зүйгүй, дүрмийн бус байдал газар авч байгааг бид өмнөх дугаартаа баримттайгаар мэдээлсэн.    Харин энэ удаа ИНЕГ-ын дарга нарын санхүүгийн ноцтой зөрчлүүдийг хүргэж байна. Улсын онцгой объект болох ИНЕГ-т үүссэн эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу.  Дараах  баримтуудаас Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний удирдлагууд ямар зөрчил, дутагдалтай ажиллаж байгааг тод харж болно.

 

1.       2018 оны нэгдүгээр сард Засгийн газраас 337(2017) дугаар тогтоол гаргаж Төрийн байгууллага, Улсын үйлдвэрийн газруудыг арилжааны банкуудад харилцахын данс нээхийг хориглосон. Гэвч  ИНЕГ-ын одоогийн удирдлагууд арилжааны бүх том банкуудад төгрөгийн, валютын 30 орчим харилцах данс нээлгэн төрийн өмчит компанийн орлогыг байршуулж мөнгө хүүлж байна. 2017 оноос Л.Бямбасүрэн нь Ж.Бадамжунай, сахал Д.Эрдэнэбилэг нарын хувийн банкууд болох Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Чингис хаан банк, мөн дампуурлаа зарлаад байгаа Капитал банкаар төгрөгийн, валютын харилцах дансаар ИНЕГ-ын гүйлгээг хийж, ирсэн бөгөөд  Чингис хаан банкинд зургаан тэрбум төгрөг байршуулаад авч чадахгүй болсон байна.

2.       ИНЕГ–аас тендерт шалгарсан хэмээн “Гүрэн” ХХК гэх сургуульд зургаан зуун тавин сая төгрөгийг сургалт нэрээр шилжүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө угаасан гэмт үйлдлийг АТГ-аас   эрүүгийн хэрэг нээн шалгаж,  Л.Бямбасүрэн, Ё.Эрдэнэбат нарын дарга нарыг яллагдагчаар тогтоосон  тул  Нийслэлийн прокурорын газраас ял төлөвлөн шүүхэд шилжүүлээд байна.

 

3. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нар  ЗТХЯ–ны АТБХЗХэлтсийн дарга асан С.Мөнхнасанд 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон зөрчлийг АТГ-аас  эрүүгийн хэрэг нээн  шалгаж, Л.Бямбасүрэн, Б.Алтанцом, С.Мөнхнасан нарыг яллагдагчаар  тогтоосныг Нийслэлийн Прокурорын газраас ял төлөвлөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлжээ.

 

4.       Л.Бямбасүрэн, Санхүүгийн дарга Ч.Нямсүрэн нар  ИНЕГ-ын  төсвийн мөнгө, эд хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй, хэтэрхий үрэлгэн, зориулалтын бусаар зарцуулж ирсэн юм. Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас ИНЕГ-ын 2018 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт,  шалгалтын тайланд урьдсан дараах ноцтой зөрчил, дутагдлыг гаргасан:  

ИНЕГ-ын 2018 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар хууль тогтоомжийг зөрчиж 7,067.16 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. 36 харилцагчийн 8.1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн, 2.2  тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн актгүй авлага үүсгэсэн  Тендерийн үйл ажиллагаанаас гэхэд 1.822.45 сая  төгрөгийн зөрчилтэй худалдан авалт илэрсэн 318.389,950.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авсан зөрчил дутагдал илэрсэн   байна.    Нээлтэй тендер зарлаагүй, нийт төсөвт өртгийг үндэслэлгүй шууд худалдан авалт хийж 148,. 4 сая төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна.  Байгууллагын даргын /Л.Бямбасүрэнгийн/ 2018 онд гаргасан нийт тушаалын 36 нь үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл нэртэйгээр, 23 нь “Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбоо”, “Монголын нислэгийн удирдагчдын холбоо”-ны гишүүн нэртэйгээр байгууллагын  ажилтан албан хаагчдаар үнэлгээний хороог бүрдүүлсэн нь үнэлгээний хорооны шийдвэр эрх зүйн чадамжгүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна гэжээ. ЗТХЯамны найман албан тушаалтны гадаад албан томилолтод 31.069.31 мянган төгрөгийн зардлыг хариуцан зарцуулсан зөрчил дутагдлыг гаргасан.

 

5.  Улсын дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад Шүүхийн тухай хуулийн 22.1-рт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ” гэсэн заалтыг уландаа гишгэж,  Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг ноцтой зөрчиж, олон тооны албан тушаалтнуудыг эгүүлэн ажилд нь томилохгүй оронд нь баахан цүнх баригчдыг даргын албан тушаалд томилон, нисэхийн төсвийн мөнгө нэг тэрбум орчим төгрөгийг үрэлгэн, хууль бусаар зарцуулсаар байна.

 

6. Дэд дарга Б.Алтанцомын хариуцан гүйцэтгүүлж байгаа “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн барилгын ажил нь  2011 онд эхэлсэн бөгөөд анхны батлагдсан төсөв өртөг нь 6.6 тэрбум төгрөг байсан боловч ажил хугацаандаа хийгдээгүйгээс нэмэлтээр олон тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж гүйцэтгэл хийсэн байна. Одоогоор энэхүү барилгын ажилд нийт 11.,3  тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж өнөөг хүртэл дуусаагүй барилгад бүртгэлтэй байгаа ба олон тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил дутагдал гаргасан. Гэтэл шинээр томилогдсон Л.Халтар сайдад 2020 оны  арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтанд оруулж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гаж амласан боловч мөн л  амалсандаа хүрээгүй, хариуцлага ч хүлээгээгүй байна.

 

7. Л.Бямбасүрэн, нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдсэн шинэ нисэх буудлыг 2018.11.08-ны шөнө нүүлгэн шилжүүлж, анхны нислэгийг гүйцэтгэнэ хэмээн Б.Алтанцомын гарын үсэгтэй ажлын төлөвлөгөөгөө үзүүлэн зарлан тунхаглаж байв. Үүний нь төлөө УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2018.10.10-ны өдрийн УИХ-ын АБГББХорооны хуралдаанд “ИНЕГ-ын дарга Бямбасүрэн шинэ нисэхийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалт оруулахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэдэг байсан ч амалсандаа хүрээгүй.

 

8. ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатараас болон АТГ-ын дарга, дэд дарга нараас өгсөн албан бичгийг огт ойшоон үзэлгүйгээр ИНЕГ-ын бүтэц, орон тоог боловсронгуй болгохын оронд төсвийн мөнгөн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, ямар ч хэмнэлтгүй хууль бус бүтэц болох 2018.08.01-нд Нисэх буудлуудыг удирдах газрыг, 2019.02.02-ноос Иргэний нисэхийн үндэсний төв(ИНҮТ) гэгчийг байгуулан олон тооны даргын орон тооны давхардал шат дамжлага бий болгож, илүүдсэн ажлын байр  байгуулан ажиллуулж, тэдний байрны түрээсэнд сар бүр дөчин таван саятөгрөг хувийн байгууллагад конторын түрээсийн төлбөр нэрээр санхүүжүүлж байна.

 

9. Нисэхийн ямар ч мэргэжил, боловс­ролгүйгээс гадна 2001  онд эрүүгийн хэргээр яллагдсан, мөн 2018-07-09-ний өдрийн 535-р шийтгэх тогтоолоор ялтай болсон эрүүгийн гэмт этгээд, 2019 онд цагдаагаас зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэлийг удаа дараа хүлээсэн, АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга байсан ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн төрсөн ах болох Н.Мөнхсүрэнг одоо болтол Иргэний нисэхийн салбарыг хариуцсан аудитын албаны даргаар 2016 оны есдүгээр сараас хойш томилон, ажиллуулж байна.

 

Энэ мэтчилэн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нартай холбоотой санхүүгийн ноцтой зөрчлүүд олон байна. ИНЕГ-т үүссэн  эмх замбараагүй байдлыг та мэдэж байгаа юу, Ерөнхий сайд аа.  Хариуцлагагүй, ёс зүйгүй  дарга нартай  холбоотой гомдол мэдээлэл таны сонорт хүрсэн үү.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.