Зургаан хувийн зээл бүтээхэд 5.5-6 сая төгрөгийн авлига нэхдэг гэв
Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ дагуу Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.
Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэ зээлийг банкны эдийн засагчид барилгын компанитай хуйвалдаж манай энэ байрнаас авбал шууд зээл гаргана гэдэг. Өөр боломжийн байр олоод очихоор дараалалтай байна, жилийн дараа зээл чинь гарна гэх мэтээр иргэдэд үнэтэй байраа шахаж шулж байна.