Английн колонийн хууль Азид үйлчилж байна

289

Английн колонийн хууль Азид үйлчилж байна

 

Ижил хүйстний харилцааг 69 оронд хууль бус гэж үздэгээс 40 гаруй улс нь нэгэн цагт Их Британийн хяналтанд байжээ. Хоёр зуун жилийн өмнөх колонийн хуульд ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцдог байв. Хатан хаан Виктория христийн шашны ариун гэрлэлтийг эрхэмлэдэг учир ийм хууль тогтоомж гаргажээ. Энэ үед Англи улс колони улсуудынхаа хууль тогтоомжийг өөрийн эрх зүйд нийцүүлэн зориуд, зохион байгуулалттай өөрчилсөн. Колони улсууд Английн эрх зүйг хүлээн авах болсон нь тэдний хүсэл, хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр, түүхийн нөхцөл байдпаас шалтгаалсан нь илэрхий боловч өөр тогтолцооны эрх зүйн элементийг шилжүүлэн хэрэглэсэн нь гарцаагүй.
 
Африк, Азийн орнуудад колоничлолын үеийн хуулиуд одоо ч үйлчилж байна. Британийн эзэнт гүрний эрх зүйн актууд Азид мэдэгдэхүйц нөлөөлсний жишээ бол Энэтхэг улс Англичуудын боловсруулсан Энэтхэгийн Эрүүгийн хуулийг 1862 онд хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
 
Их Британийн Үнэт цаасны тухай хуулийн загварыг боловсруулсан Лорд Маколей энэтхэгчүүдийн хувьд "адислал”, нийгмээ "орчин үеийн болгох” гэсэн байдаг. Англичууд Энэтхэгийн Эрүүгийн хуулийг хяналтандаа байсан бусад нутаг дэвсгэрт эрх зүйн хэм хэмжээний үндэс болгон ашигласан. Хуулийн 377 дугаар заалтад байгалийн, жам ёсны бус бэлгийн харилцааг хориглохоор тусгажээ. 377 дугаар заалт Пакистан, Сингапур, Бангладеш, Малайз, Бруней, Мьянмар, Шри Ланка улсад өнөөдөр ч хүчин төгөлдөр байна. Эдгээр улсад бэлгийн цөөнхүүдэд хоёроос 20 жилийн хорих ял оноодог. Исламын шашинтай,шариатын хууль үйлчилдэг орнуудад ЛГБТ хүмүүсийг олны өмнө ташуурдуулах зэргээр хатуу шийтгэдэг.
 
"Солонгон гэр бүл"-үүд 377 дугаар заалтыг эсэргүүцэв
 
Азийн үндэстнүүд гуравдагч хүйс, бэлгийн цөөнхөд консерватив ханддаг байсныг соёл, уран зохиол, домог, Хинду сүм хийдийн урлагаас харж болно. Энэтхэгийн ЛГБТ иргэдэд зөвлөгөө өгдөг "Наз сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Анжали Гопалан "Ижил хүйстний харилцаа манай түүхэнд байсан. Гэхдээ тодорхой нөлөөллийн улмаас ЛГБТ ичгэвтэр явдал болжээ.
 
Гэрлэлт бол бидний амьдралын чухал хэсэг. Тиймээс эхлээд гэр бүлийн гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж дараа нь нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй болдог. Гэтэл энэтхэг эцэг эхчүүд хүүгээ уламжлалт бус харилцаа тогтоохыг эсэргүүцдэг. Хууль тогтоомжоо сахиулахын тулд Засгийн газруудын гаргасан нийтлэг бодлого ЛГБТ хүнийг ялгаварлаж, боловсрол, ажил мэргэжлийн боломжид ноцтой нөлөөлдөг.
 
Энэ нь иргэн бүрт тэгш эрх амласан зарим улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэжээ. Шри Ланка улсын цагдаа нар цар тахалд нэрвэгдсэн иргэддээ яаралтай хоол хүнс тараасан. Гэвч ЛГБТ хүмүүс эрхзүйн буруу тогтолцооноос болж тусламж авч чадаагүй байна. Сингапурын иргэн Оливиа, Ирин Чионг нар хамт амьдрахын тулд таван жилийн өмнө АНУ руу цагаачилжээ. Тэд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа "Сингапурын "солонгон гэр бүл” олон байдаг ч эрхийнхээ төлөө тэмцдэггүй. Тэд доромжлуулж, шийтгүүлэхээс айдаг. Хуулиар хориглодог учир бид аргагүйн эрхэнд цагаачилж байна. Манай Засгийн газар ялгаварлан гадуурхах үзэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Эрх баригчид хяналтаа алдахаас эмээн 377 дугаар заалт буюу Содоми хуулийг баримталж байна” гэжээ. Англичуудын эрх зүйн зураг төсөл болгон Ази даяар экспортолсон хуулийг цуцлаж болдгийг Энэтхэг улс харуулсан.
 
Энэтхэгийн Дээд шүүх 2018 онд тэмцэгчдийн шаардсан хууль эрх зүйн сорилтуудын дараа 377 дугаар заалтыг цуцласан юм. Энэ бол Энэтхэгийн ЛГБТ иргэдийн эрхийг дэмжсэн түүхэн алхам байлаа. Энэтхэг улсад ижил хүйстнүүдийн харилцааг хориглож, 10 хүртэл жилийн хорих ялтай байжээ.
 
Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг тус улсын жижиг хот, дүүрэг, хөдөө орон нутагт шашны бүлгүүд, хуучинсаг үзэлтэй иргэд үүнийг эсэргүүцдэг. Идэвхитнүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд соёлын хандлагыг өөрчлөхөөр тэмцсэн. Түүнчлэн бэлгийн цөөнхийн эрхийг бүрэн хамгаалахын тулд ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн зохицуулалт хэрэгтэй. Ченнай хотын шүүх албан тушаалтнууд ЛГБТ иргэдийн эрхийг хүндэтгэх шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулахаа зарласан. Уг явдал 377 дугаар заалтыг хүчингүй болгосноор гутаан доромжлолыг намжаадаг бодит жишээ болов. Сингапур, Кени улсад ижил хүйстнүүдийн эсрэг колоничлолын үеийн хууль тогтоомжийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>