ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ИЛҮҮ ЦАЛИНТАЙ ДЭД САЙД

1279

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ИЛҮҮ ЦАЛИНТАЙ ДЭД САЙДЭнэ хүнийг Т.Болдбаатар гэдэг. Автотээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан тэрээр саяхнаас Шинэчлэлийн Засгийн газарт Эрүүл мэнд, спортын дэд сайдын албыг хашиж буй. Энэ эрхмийг олон нийт төдийлөн сайн танихгүй ч намынх нь нөхөд түүнийг ардчиллын анхны хараацайны нэг гэдэг юм билээ. Автотээврийн үндэсний төвийн захирлаар ажиллах хугацаандаа төрийн албыг төрлийн, улсын хөрөнгийг хувийн болгосон, дээдэст ээлтэй, доодост хатуухан дарга гэдэг нэр зүүгээд авсан.

Төвийн захирлаар томилогдсон өдрөөсөө өөрийн гэсэн дэг журмыг тогтоож, "Миний өрөөнд цэвэрлэгч, харуулын

ажилтан, мэргэжилтэн нар орох хэрэггүй. Би зөвхөн хэлтсийн дарга нартайгаа уулзана" хэмээн томорсон гэдэг. Тэрээр энэ журмаа Эрүүл мэнд, спортын яаманд ч нэвтрүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд Автотээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан нь удирдах албан

тушаалтнуудад нь багагүй олз авчирдаг байж. Тухайлбал, Т.Болдбаатар дарга өөрийгөө найман сая төгрөгөөр цалинжуулдаг (нэг сарын цалин нь) байсан талаар ажилчид нь өнөөг хүртэл ярилцаж байна. Мөн ажлын хэрэгцээндээ зориулж 2014 онд үйлдвэрлэсэн Land Cruiser-200 автомашиныг худалдан авчээ. Харин дэд сайдаар томилогдохдоо уг машинаа шууд л Эрүүл мэнд, спортын яам руу шилжүүлчихсэн аж. Дүрэм ёсоор бол дээрх автомашин тухайн албан байгууллагадаа үлдэх ёстой боловч Т.Болдбаатар дарга тэнд нь үлдээхийг хүсээгүй бөгөөд цаашдаа өөрийн болгохыг ч эх сурвалж үгүйсгэхгүй байна. Учир нь төсвийн мөнгөөр авсан эд хөрөнгийг шилжүүлэхэд Төрийн өмчийн хорооны тогтоол гардаг ч машинаа өөр яам руу шилжүүлэхийн тулд Т.Болдбаатар дарга ердөө ганцхан өдрийг л зарцуулсан гэнэ. Ажлаа хийж буй энгийн мэргэжилтнүүдэд ТӨХ-ны дээрх тогтоол гарах нь хойрго, бараг л гардаггүй, гарсан байлаа ч бүтэн нэг жилийн хугацаа шаарддаг.

Гэтэл ТӨХ-ныхон эрх мэдэлтэй, албан тушаалтай дарга нарт ямар хурдан үйлчилдэг жишээг эндээс харж болох биш үү. Т.Болдбаатар даргын 66-99 УНҮ дугаартай уг машин ТӨХ-ны хатуу шалгуурыг ямар замаар яаж даваад гарчихсан нь сонирхол татахаар асуудал байгаа биз. Өөртөө сард найман сая төгрөг, мэргэжилтнүүддээ 700 мянган төгрөг төсөвлөдөг энэ эрхмийнхийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг хянадаг байгууллага, албан тушаалтан байдаг бол үүнийг анхааралдаа авах биз ээ.

Тэрээр очсон газар бүртээ өөрийн гэсэн хүрээллээ тогтоож чаддаг аж. Дэд сайдаар томилогдсон даруйдаа л яамны зарим нэгэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх асуудлыг яриад эхэлсэн тухай нэгэн эх сурвалж хэлэв. Энэ хэний хүн бэ, тэр хэний хүн бэ гэсэн нууц судалгааг явуулж, хэрвээ өөрийнх нь эрх ашигт нийцэж ажиллаж чадахгүй бол халах тушаал гаргахад бэлэн байгаа аж. Т.Болдбаатар дэд сайд төрийн албанд "ноёрхлоо" тогтоохын тулд өнөөдөр хэнийг ч золигт гаргахад бэлэн байгаа талаар ажиллагсад нь ярьж байна.

Өнөөдөр төрийн албыг улстөрчдийн халаасанд хийсний уршгаар мэргэжлийн бус хүн салбар хариуцсан дэд сайдаар ажилладаг, намын нөлөөгөөр төрийн өмчид ичгүүр сонжуургүйгээр гар дүрдэг үзэгдэл ердийн нэг асуудал болсны нэг жишээ энэ юм.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн, төрийн олон байгууллага албан хаагчдынхаа цалин мөнгийг өгч чадахгүй байхад өндөр сэнтийд залрагчид өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн мөнгөнд гар дүрэн, санаснаараа амьдарч байна. Ялсан намын "баатруудад" ялагдашгүй бяр амтагдаж байгаа бололтой юм. Энгийн иргэд нь хямралын эдийн засгийнхаа сүүдэрт цохигдож үлгэн салган гэлдэрч явах зуурт эрх мэдэлтнүүд эгнэшгүй их хөрөнгөөр бялхан цэнгэж байх. Өөртөө өрмийг нь, өстөндөө хусмыг нь гэгчээр нэгэн дэд сайд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж яваа нь энэ биз. Хэдий ийм ч Ерөнхийлөгчөөсөө илүү цалин авдаг том толгойтой, шунал ихтэй энэ хүнийг шалгах байгууллага Монгол Улсад эрх биш байгаа байлгүй дээ хэмээн найдъя.

 

В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>