Модон сандал /өгүүллэг/

1892
Модон сандал /өгүүллэг/

Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө голд мужаан хийх аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй. Миний өчнөөн танилуудаас ялгарам ухаалаг, сэргэлэн, нөхөрсөг нь Норов л байсан юм. Аль цагийн дунд сургуульд байхаасаа номноос салдаггүй, сонсож дуулаагүй зүйлгүй, тэгээд ч тэр чанараараа дээд сургуулиа улаан дипломтой төгсөж, хүрээлэнд цөөхөн жил ажиллаад л эрдмийн зэрэг хамгаалсан юм даг.
Амандаа жижиг хадаас зуучихсан, сөхөрч суугаад мод хэмжиж тонгойсон Норов намайг нэг сүрхий тогтож харснаа аман дахь хадаасаа баруун гараараа чимхэн авч:
-Хүүе, Батаа ороод ирлээ. Чамайг ингээд ороод ирнэ гэж итгэж байсан юм гээд босч зүүн гартаа барьсан гурвалжин шугамаа шалан дээр падхийтэл шидчихээд надтай гар барин инээмсэглэв.
-Ингээд ороод ирэх гэж. Наанаа суугаач! Би одоохон гээд Норов нөгөө өрөө рүүгээ шалмаг гэгч орж тавагтай чихэр барьсаар миний суусан сандлын өмнөх явган ширээн дээр тавив. Сандарч мэгдсэндээ юм уу, Норовыг ийм эрүүл саруул байх юм гэж итгээгүйдээ тэр үү, бүлх залгичихсан юм шиг бүлтэгнэж суусан миний толгойд "Норов намайг таньж байна шүү” гэсэн адын бодол зурсхийн харвалаа.
Өөрийнхөө санасан бодсоныг тайзны хөшиг нээж байгаа юм шиг цэлийтэл ил цагаан үнэн мөнөөр нь хэлчихдэг, хор шар атаа жөтөөгүй Норовыг хүний хайлан явсан юмсан, хайран хүн гэж найз нөхөд маань халаглан харамсаж байсан нь тун саяхан.
Хэзээ ч уурлаж, хэн нэгнийг хараан зүхэж үзээгүй байж мэдэх Норов маань уян зөөлөн, баргийн хүүхнээс гоё инээдэг эр байлаа. Нэг удаа л би түүнийг тэс өөр өнгөөр ярихыг сонссон юм. Уг нь дэл сул, бидний ярьдгаар буу халалт байсан л даа. Хэрхэн мөнгөтэй болох талаар бид ам халцгааж, ёстой буруу зөвгүй бурцгааж байхад бидний яриаг чимээгүй чагнан сонин гарчиглаж суусан Норов их л хүйтэн дуугаар:
-Аль ч цаг үед мөнгө л хүнийг эвдсээр ирсэн. Хүн бүхний хувь заяанд хэмжээгий нь заагаад зураад өгчихсөн байгаа. Хэрвээ чи илүү мөнгө олох гэж зүтгэвэл эвдэрч эхэлнэ. Худлаа хэлнэ, арга заль зохионо, хайрлах энэрэх сэтгэлгүй болно. Хүн хэзээд л давардаг шүү дээ, ялангуяа ашиг орлоготой болоод эхэлбэл өнөө шунал гээч нь хэнд ч асаад л ирдэг. Тэгэхлээр улам их мөнгөтэй болохын төлөө дээрх аргуудаа хэрэглэж бүр дадаж суралцана шүү дээ гэж байна. Нэг маань:
-Бидэнд шударга хөдөлмөрийн хөлс гэж байдаг юм байгаа биз дээ хэмээн өөрсдийгөө өмөөрөнгүй аясаар хэлбэл:
-Та нарын наад яриад маргаад байгаа чинь тэр шударга хөдөлмөрийн хөлсийг өчнөөн хол давчихсан, өөр арга зам руу орчихоод хадуурч явна гээд нэлээн дургүйцсэн харц бидэн рүү илгээв. Эгдүүцэж шоолсон нэг нь:
-Бид нараас хэн нь хөлжиж баяжиж чадах нь вэ, эрдэмтэн гуай гэж ёжлонгуй хэлбэл Норов мөн л таагүй байгаагаа илэрхийлэн янзгүй харснаа:
-Луйвар л хийхгүй юм бол, хуурч мэхлэхгүй л юм бол хэн чинь ч хөлжиж баяжиж чадахгүй ээ гэлээ. Мөчөөгөө өгөхгүй нь мэдээж гэсэн шиг хэн нэг нь:
-Чи яаж мэдээв гэхэд Норов яасан олон үгтэй нөхөд вэ гэсэн харцаар бид хэдийг нэг сүрхий тойруулан харж:
-Бэлжиж хөлжихөд чинь суурь хөрөнгө, түүнийгээ тэтгэж арвижуулах арга ухаан гэж байдаг юм. Ингэж ярьж суугаад олдог ухаан гэж байдаггүй юм гээд гарах гэхэд нь би түүний гараас татан зогсоож:
-Тэгвэл эрдэмтэн гуай арга ухааныг нь заагаад өг л дөө гэхэд нэг маань:
-Зээл аваад эргүүлэхгүй юу гэж нэг их арга ухаан олчихсон юм шиг бардам хэлбэл уурлаж ундууцсан Норов:
-Эргүүнүүд минь, эргүүлдэг нь та нар биш ээ, тэр чинь тэгж ярьвал бүр онолтой байдаг юм гэхэд нь дургүйцсэн би:
-Тэгээд чи юм уу? гэж огцом уцаартай хэлбэл Норов над руу нэг сүрхий харснаа:
-Би ч биш. Тэд чинь төрөөгүй байгаа хүүхдүүд, энэ нийгмийн онолыг эхнээс нь мэдэрч сурч дадах шинэ үеийнхэн гээд Норов юун гоё инээх бараг ярвайх шахам болж "баяртай” гэж хэлчихээд өрөөнөөс гарч билээ. Тэр өдрөөс хойш хоёр жилийн дараа анх уулзаж байгаа минь энэ.
-Бие чинь сайн уу? гэж асуух гэсэн чинь амнаас үг гарч уруул давдаг юм биш. Нэг л эвлэж өгдөггүй, нөгөө зориг гээч нь аргагүй дутав бололтой. Аягатай цайнаас түргэн түргэн оочлон үг дуугүй бүлтэгнэж суусан надаас ашгүй Норов:
-Танайхан сайн биз дээ, өнөө охин лут том болсон биз гэж ердийн асуусанд сая нэг сэтгэл онгойх шиг болов. Асуусан дээр нь хэдэн үг солиод авъя гэж бодсон би:
-Манайхан сайн сайн. Охин том бололгүй яахав, цэцэрлэгт яваа гэхэд Норов ингэж хэлнэ гэдгийг маань таасан мэт их л тайвнаар:
Би охиныг санаад л байдаг юм, тэгж байгаад нэг эргэж очноо гээд над руу харлаа. "Охиныг маань мартаагүй байна шүү” гэж эгээтэй л хэлчихсэнгүй. Норов миний охиныг санах нь аргагүй. Би л түүнийг хүнээс ангид юм шиг санасандаа энэ үгэнд эргэлзсэнээс биш тэр яах аргагүй охиныг минь санах л хүний нэг. Авгай төрөөд эмнэлгээс гэртээ ирсэн өдөр Норов манайд ирж:
-Би гурван охинтой хүн, чи хоёр бандитай. Охидыг би сайн мэднэ. Би чиний охинд нэр өгнөө гэж зүтгэж байгаад охинд минь нэр өгсөн юм л даа.
Норовын үг яриа өөртөө итгэлтэй, цаад хүндээ ямагт өөдрөг сэтгэл төрүүлдэг. Харилцаж байгаа хүнийхээ бараг юу санаж, бодож байгааг нь илэрхийлж чаддаг тул мэдэрсэн нэг нь зайгаа барьдаг. Мэдрээгүй нэг нь амаа таглуулдаг. Норовт сайн нөхөд олон байхад хөндий нөхөд мөн олон. Шударга хүний үерхэл нөхөрлөл ийм л хар цагаан заагтай байдаг буй за!
Манай ажил дээр Норовыг ирэхэд надаар дамжуулан түүнтэй уулзах гэсэн хэд хэдэн хүн гараад ирдэг юм байна. Мэдэхнээ мань эр дээд сургуулийн элсэлтийн шалгалт авах болчихсон явсан юмсанж. Найз гээд байдаг би мэдээгүй явахад огт танихгүй хүмүүс мэдчихсэн л байж билээ. Бид хоёр энэ тэрийг ярилцаж суутал гуч шүргэсэн ч арван наймт шиг дэгжин шаавай хувцасладаг, хуруугаа хөдөлгөн үгээ зөөж хүчээр уянгалуулан ярьдаг, мөнгийг хэдэн тийш нь үрэн таран цацдагаараа зартай нарийн бичиг хүүхэн орж ирээд их л нүүрэмгий загнав. Норовт илэрхий тал засаж намайг хүн байна гэж тоох юм биш.
-Би зөвхөн таны шалгалт авах сургуульд л орох хүсэлтэй гэж нарийн бичиг хүүхэн наалинхайтан хэлэхэд Норов:
-Тэгээд шалгалтанд орохгүй юу гэлээ.
-Ажил, ажил гэж яваа би яаж арав төгссөн охидтой адилхан байхав, машинаа зарчихаад тантай уулзанаа гэхэд нь Норов:
-Хэрэггүй дээ, би тантай уулзахгүй гэж шулуухан хэллээ. Ийм сайхан амьтан өөрийг нь царайчилж байхад баргийн эр ингэж хэлэхгүй дээ гэсэн шүү юм би бодож суулаа. Нарийн бичиг хүүхэн огцом эгдүүцэх янзтайгаар:
-Яагаад, мөнгөтэй болчихоод гэж байна шүү дээ хэмээн чангахан хэлээд Норовыг зөвшөөрүүлэх аятай царайчлангуй эгцлэн ширтэв. Норов бүсгүй хүн өөрийг нь гуйж, бас аргадангуй ширтэж байгааг ер мэдэрсэн шинжгүйгээр:
-Таны толгойд юм тогтохгүй хүн байна. Тэр мөнгөөрөө хувцас авч биедээ тогтоовол дээр биз. Тэгээд ч миний хандах, дэмжих хүн та огт биш байна гэж түс тас хэлэхэд нарийн бичиг хүүхэн хариу хэлэлгүй тас намжирдсанаа товор товор алхлан өрөөнөөс гарахдаа амандаа нэг бувтнах аядав. Бодвол амных нь уншлага болсон "тэнэг амьтан” гэдэг үгээ л хэлэв бололтой.
Би хэсэг чимээгүй суугаад "Бие чинь сайн уу?” гэж Норовоос асуумаар санагдсан ч аанай л үг эвлэсэнгүй. Яг л урьдынх шигээ ярьж хөөрч байгаа хүнийг тавласан юм шиг бие чинь сайн уу гэж асуух нь үнэхээр утгагүй санагдав. Хэрвээ асуувал би өөрөө эрүүл биш болчих ч юм шиг. Норов ч намайг өөртэй нь уулзсанд баярлаж буй нь илт мэдрэгдэж байлаа. Норов ч ямар нэгэн өвчин зовиургүй өмнөхийг бүгдийг нь тод санаж, уян зөөлөн инээмсэглэж намайг цай хоолоор дайлан өнөөх хөрөө модныхоо ажлыг бүр орхичихсон хамаг анхаарлаа над руу хандуулж байдаг. Гэтэл миний байж байгаа царайг хар. Хотод төөрч огт танихгүй айлд ороод ус балгачихсан хүний дүртэй сууж байдаг. Өөрөө өөрөөсөө ичнэ гэдэг бас ч тэнэг хүнд мэдрэгддэггүй бололтой юм гэж багахан ч гэсэн тайвширч л байв. Тэгэхдээ би өөрийгөө бусдад ийм л хөндий ханддаг, бас ялгадаг амьтан юм гэдгээ анх удаа ч гэсэн мэдэрч суусан даа. Тэгэвч ийм үед ярихаасаа бодох нь ч илүү байж болох юм гэж өөрийгөө зөвтгөн аанай л дуу шуугүй хоол халбагадав.
Норов надтай ярих хүсэл их байгааг би харцнаас нь мэдэрч байсан ч чухам юу ярих, би юу гэж асуухаа мэдэхгүй тэвдэж бас нэрэлхэж буйг Норов гадарласан бололтой.
-Ажил албатай хүнийг баахан уячихлаа гээд цай аягалав. Миний ажлыг Норов нэгд нэгэнгүй мэдэх ч би сүрхий албархаг хүний дүр эсгэж:
-Цаг оройтож байна, найз нь дараа ирнээ гээд босоход Норов надтай элэгсэгээр гар бариад:
-Найз нь чамайг удахгүй уринаа гэв. Урина гэв үү, уйдсан хүний үг л юм даа гэж бодоод би тэднийхээс гарсан юм. Норовтой уулзсан гэж таньдаг мэддэг хэнд ч би ам алдсангүй. Ер нь тэгээд ч хэн нэгэнд гайхуулж яриад байх уулзалт биш юм чинь. Аягүйдвэл би өөрөө хэцүүхэн байдалд орж ч мэдэх учраас таг чиг өнгөрсөн юм. Ингэсэн нь дээр ч байсан биз.
Норовыг, түүнтэй уулзсанаа би бүр мартчихсан тууж явтал надад нэгэн урилга ирлээ. Үгүй байлгүй дээ гэж итгэж ядсан ч үнэхээр л дурайтал бичээд хэвлэчихсэн урилга байна гээч. Норов гадаадын нэгэн их сургуульд багшлахаар явах гэж байгаа, үдэлтийн хүлээн авалт гэнэ. Итгэж ядсан би ангийнхаа гурвын ч зэрэг нөхөд рүү утасдвал тэд ч бас ийм урилга авсан гэж байна. Гайхалтай, итгэмээргүй юм даа. Галзуурч тоглодог хүн гэж байх уу, байлаа гэхэд манай Норов яагаад ч чадахгүй дээ. Галзуурсан хүн гадаадад ажиллана гэж үү? Би энэ урилганд итгэж чадахгүй хэсэг эргэлзлээ. Гэсэн ч нэртэй, сар өдөр, цаг хугацаатай юм чинь очихоос өөр яахсан билээ. Итгэхгүй байна гэдэг хүний мөс чанар хайлж буйн нэг илрэл гэдгийг би гадарлаж байлаа. Энэ бол том мэдрэмж юм шүү гэж хэн нэг нь далдаас шивнэх шиг ээ. Норов намайг сорьж шалгаж байгаа юм уу, Норов биш амьдрал, үйл явдал намайг сорьж шалгаж байгаа нь энэ үү, бүү мэд.
Норовыг галзуурсан гэдгийг анх сонсоод би ёстой итгээгүй билээ. Амьдралд аль олон гайхалтай, санамсаргүй учрал тохиолдохыг тэр гэхэв. Гэхдээ чоно нохойд хазуулаагүй, хордож хавдаагүй, эв эрүүл сав саруул, авхаалжтай сэргэлэн эр сэтгэл санаагаар унаад үнэхээр галзуурчихсан, хэнийг ч танихгүй шүлсээ савируулан зогсохыг Шар хадны эмнэлэгт сараалжин торны цаанаас хараад л итгэж билээ.
-Бээжингийн онгоцноос гавлуулчихсан амьтан хүнээр чирүүлж гулдруулсаар бууж түргэний тэргээр шууд л Шар хад руу явсан гэж хэний ч билээ хэлсэн үг үнэн байсан даа. Хүн гэдэг хэрэгт дуртайгаараа яг л сармагчин гэсэн үг. Уралдаад л, уралдаад л сонирхож асууж шалгаагаад эхэлж байгаа юм чинь. Энэ мэдээг сонсонгуут яагаад галзуурчихаав гэсэн асуулт амнаас аяндаа унаад тогтдоггүй. Би тэр өдөртөө л нааш цааш нь утасдаж нэг их чухал ажил амжуулах гэж буй хүн шиг шавдан байж Норовын галзуурсан шалтгааныг мэдэж билээ.
Норовын урилгаар ирсэн найз нөхөд нь цөөрсөөр байлаа. Би охинтойгоо очсон тул цаг ахих тусам яарч суув.
Та хоёр хоноод явахгүй юу, хоёулаа жаал хуучлая. Бид хоёр дэвэн дэлхийн юм хамж мөн ч их ярьдагсан. Сүүлийн хэдэн жил бараа бараагаа тоотой харах шив дээ. Охин чинь манай хэдтэй тоглож байгаад унтаад өгнө биз гэж Норов хэлээд архи хундагалав. Би түүний үгнээс зөрж чадсангүй, тэнэг хүн л Норовын үгнээс зөрөх байх гэдгийг би мэдэж байна гээч.
-Чиний хийсэн уран бүтээл үү? гээд би сийлбэртэй модон сандал руу харц унагавал чухам энэ л асуултыг хүлээж байсан юм шиг Норов өлгөн авч:
-Тэгэлгүй яахав, дэлхийд ганц сандал шүү. Хөгшин чинь ая эвийг нь олж байгаад Луврийн музейд шилжүүлнээ гээд л нэг их гоё инээж байна.
-Нөгөө ямар кинонд гардаг билээ дээ, суурин Балдан гэдэг шиг хүрээлэнгийн мухрын өрөөнөөс гардаггүй чи ер нь яагаад Бээжин явах болсон юм бэ?
-Яах юу байхав, дүү маань л танд амьдрал гэж алга. Наад өмссөн зүүснээ хар л даа. Энэ хэдэн хүүхэд цаашдаа яах юм гэж үглээд байхаар нь эр хүн байна даа нэг хөдлөөтөхье гэж шийдсэн хэрэг.
-Чамд тийм их мөнгө байсан юм уу? гэж асуугаад би Норов руу эгцлэн харлаа. Түүний нүдэнд худлаа хэлэх өчүүхэн ч сэжиг алга. Ил цагаанаар:
-Надад юу байх юм. Мөнгөтэй байсан бол би юу боллоо гэж тэгж тэнэхэв. Дүү маань зээл авчихсан байсан юм. Хүний мөнгө алдсан учраас л сэтгэхүйд хүчтэй нөлөөлөхгүй юу. Өөрийнх байсан бол арай л ондоо тусах байсан биз. Дүү өөрөө эхэлж урагшаа яваад араас нь би очих ёстой байлаа. Очих нь ч очсон л доо, даанч бүтэлгүйтэхгүй юу.
-Ганцаараа явсан юм уу?
-Ганцаараа гучин сая төгрөгтэй явсан юм.
-Чамайг хүн тосч аваагүй хэрэг үү?
-Дүү маань тосч аваагүй юм. Манайхны хэдэн залуус тэр буудалд нь хүргэж өгөхөөр болсон, хөгшин хүн чинь хар санаагүй итгэж орхихгүй юу. Унаанаас буухад миний цүнх алга болсон, тэгтэл хэдэн хужаа хаанаас ч юм гараад ирдэг байгаа. Цааш нь юу болсныг бүү мэд. Нэг мэдэхэд л Шар хаданд, одоо ч би санадаггүй юм. Ёстой нөгөө гүнзгий шок гэдэг нь л болсон доо.
-Тийм их мөнгөтэй байж ганцаараа явж байдаг.
-Ганцаараа явсандаа гол нь биш. Дээрэмчид надад мөнгө байгаа гэдгийг яаж мэдсэн бэ гэдэг л сонин. Би алхаа гишгээ харцаараа л олзлогдсон байх. Мөнгө хүнийг эвддэг гэдэг үнэн шүү. Тэр их мөнгөтэй би урдынхаасаа ямар ч байсан гадаад төрх өөр болсон гэж санадаг юм. Мөнгөө алдаж галзуурах тохиолдол байдаг л юм билээ. Миний сонссон ихэнх тохиолдолд азгүйтэж, эдгэрээгүй сэтгэцийн гажигтай үлдсэн байдаг юм. Азаар би өөрийн гэсэн идеалтай байсан учраас гэнэтийн цочрол, цаашлаад галзуурлаас ангижирч чадсан байж мэднэ.
-Ямар идеал?
-Яахав дээ, миний амьдралын зорилго мөнгө биш өөр зүйл байсан. Туйлын идеал маань мөнгө биш л гэсэн үг.
-Идеал хүнийг өвчнөөс аварлаа гэж хэлэх гээд байна уу?
-Яг тийм. Гэхдээ өвчнөөс биш цочрол, сэтгэцийн гацаанаас гаргадаг гэвэл үнэнд илүү нийцэх байх гээд Норов чимээгүй болж хэсэг суугаад босч нөгөө сийлбэртэй модон сандлыг илж:
-Энэ сандал намайг эрүүл болгосон юм шүү дээ. Би бүхий л анхаарал, сэтгэл санаагаа гагцхүү сандал руу хандуулж чөлөөтэй хийдэг байлаа. Чи мэдэхгүй дээ, би бараг хоёр зуу гаруй сандал хийсэн. Эхнийхээс хоёр дахь нь, түүнээс гурав дахь нь илүү болсоор байгаад энэнд хүрч хийсэн юм.
-Чи эмнэлгээс гараад л сандал хийсэн хэрэг үү?
-Өөр юм хийж болох л байсан л даа. Хамгийн гол нь тэр зүйл рүүгээ оюун сэтгэхүйгээ төгс хандуулах ёстой гэдгийг би мэдэрсэн байхгүй юу.
-Өнөө идеал чинь уу?
-За, тийм юмаа. Нэг л зүйлийг төгс төгөлдөр хийх гэж зүтгэвэл оюун санаа сэтгэл шуудран элдэв бодол сарниж чөлөөтэй сэтгэж тайван болдог юм билээ.
Охиноо тэврэн унтсан би өндийвөл нүднээ сийлбэртэй модон сандал туслаа. Луврийн музейн тансаг үзмэрүүдийн дундаас эгэл энгийн ч оюун сэтгэхүйт хүний гараар бус сэтгэлээр бүтээгдсэн тэрхүү сандал над руу алхах мэт санагдахад би уртаар санаа алдлаа.  /П.Батнайрамдал/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.