Долларын ханш, тээврийн зардлаас үүдэн автомашины үнэ 50 хувь нэмэгджээ

493

Долларын ханш, тээврийн зардлаас үүдэн автомашины үнэ 50 хувь нэмэгджээ

 

Автомашины үнэ тэнгэрт хадаж, иргэд машинаар гангардгаа болих бололтой. Нийслэлийн энэ түмэн завгүй амьдралд хөл дүүжлэх унаа хэрэгтэй ч бүр баян тансаг айлууд л юу юм гэхээс дундаж, түүнээс доош амьдралын боломжтой хүмүүсийн хувьд машин авч унана гэдэг холын мөрөөдөл болжээ. Тэгвэл бид автомашины үнэ хэрхэн өсөж байгаа талаар сурвалжлахаар автомашины төвлөрсөн цэг "Да хүрээ" захыг зорилоо.

Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,"Probox” 12-21 сая, "Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй болжээ
   Хаврын сар хэдийн дундаа орсон ч цастай сэрүүхэн өдөр таарав. Да хүрээ захын хаалгаар ороход үйлчлүүлэгч бага, хэн, ямар машин сонирхох гэж байна гэсэн сонжсон харцтай худалдаачдын төрх л биднийг угтана. Худалдаачид машинаа арчиж, тамхилж, хоорондоо юм ярин зогсоо байдлаас харахад үйлчлүүлэгч бага, хийх зүйлгүй цаг нөхцөөж байгаа нь анзаарагдана. Бид ч учраа хэлж, машины үнэ сонирхож, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн, ямар учраас өссөн талаар асуухад "Хил гааль гацаад хэцүү байна шүү дээ. Бид чинь борлуулалт муу байгаа энэ үед талбайн түрээсээ өгөх, дахиад машинаа захиалах гээд тун хэцүү байна. Хил дээр цар тахал гарахаас өмнө 40 хоноод л кантнер ороод ирдэг байсан бол одоо аль есдүгээр сард захиалсан машинууд орж ирээгүй, бид хуучин, борлуулж дуусаагүй машинаа л зарж байна. Саяхнаас мөн долларын үнэ өслөө" гэж ам уралдан өгүүлнэ. Ченж нар ихэнхдээ ярихдаа доошоо харж юм уу нааш цаашаа хөдлөн явах бөгөөд үнэ өссөн шалтгааныг тэд хил гаалийн гацалт, долларын үнэтэй холбон тайлбарлаж байлаа.
 
Өнгөрсөн жил Prius 20" 13-14 сая, "Aqua" 10-12 сая,"Probox” 5-14 сая, "Harrier” 29-86 сая төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 50 хувь нэмэгджээ. Тухайлбал, Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,"Probox” 12-21 сая, "Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй болсон байна.
      Цар тахалтай эдийн засаг элгээрээ мөлхсөн сүүлийн хоёр жилийн хугацаанд "Да хүрээ" захад дөнгөж машины наймаа эрхэлж эхэлж байгаа буюу хоёр, гурван жил болж байгаа хүмүүсийн хувьд тэсэж үлдэхэд хэцүү байсан төдийгүй зарим нь наймаагаа больсон гэнэ. Харин 10-20 жилийн нүүр үзсэн ченжүүдийн хувьд жаахан дархлагдсан болохоор арай ядан тогтож, цар тахлын хүнд нөхцөлийг давж, одоо нэг наймаагаа нээлээ гэтэл борлуулалт муу, нээлттэй л болохоос хаалттайгаас ялгаагүй байгааг дээрх худалдаачид мөн учирлаж байв. 
 
    "Да хүрээ" зах дээр худалдаа эрхлээд арав гаруй жил болж байгаа. Машины үнэ өссөн шалтгааныг тэр хүн андахгүй мэднэ дээ" гээд худалдаачид инээн махлагдуу бор эрэгтэй рүү заалаа. Түүнийг С.Галбадрах гэдэг бөгөөд ченжүүд дотроо удаан ажилласан нь гэнэ. Түүнтэй ярилцлаа. Тэрбээр "Тяньжины боомтод ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор машины үнэ нэмэгдсэн байна. Үнэ өссөн хоёр шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт нь ковид, хоёрдугаарт нь зах зээлийн эрэл, нийлүүлэлт. Эрэлтийн боомтын хүчин чадлаас болоод ачаалал нэмэгдсэнээс үүдэн машины үнэ Монголын зах зээл дээр нэмэгдэж орж ирж байна.
 
    Түүнээс гадна сая мөн 30 хувийн өсөлттэй байсан автомашины үнэ 50 хувиар өссөн нь долларын ханш савласантай холбоотой. Өөрөөр хэлбэл, ковидын үед долларын үнэ 2000- 2850 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол 3040 хүрсэн. Үүнийгээ дагаад машины үнэ өссөн нь энэ. Тухайлбал, Солонгос портер вонго  автомашин он, даацаасаа хамаараад зах зээлийн үнэ нь өөр. Тухайлбал, 2015 оны машин 15 сая байсан бол одоо 23 сая болж өссөн байна. Мөн бид Солонгос руу вон шилжүүлдэг. Тэгэхээр вонын өсөлт мөн нөлөөлж байгаа юм. Нөгөө талаар ложистик тээврийн компаниуд үнээ нэмсэн гээд олон шалтгааны улмаас автомашины үнэ өссөн" гэв.
 
Долларын үнэ 2000- 2850 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол 3040 хүрсэн. Үүнийгээ дагаад машины үнэ өссөн
 

      Тэрбээр үргэлжлүүлэн "Машины зах зээлийн бизнес хийхэд бидэнд их хүндрэлтэй болсон. Төр, засаг үнэндээ худалдаачдынхаа нуруун дээр хамаг ачааг үүрүүлж байна. Худалдаачид өнөөдөр төр, засгаас их юм гуйж, мөнгө төгрөг нэхээгүй. Хил гаалиа л чөлөөтэй болгоод өгвөл нийлүүлэлт хэвийн болоод ирэхээр аяндаа юмны үнэ буурч хэвийн байдалдаа орно. Хамгийн гол нь хил гаалийн гацалт байна. Хил дээр кантнер удахаар бид хоногийн торгуулийн мөнгө төлнө гээд чанга л байна" гэлээ.

     Ийнхүү автомашины үнэ хил гаалийн гацалт, долларын ханш, тээвэр ложистикийн компаниуд үнээ нэмсэн зэрэг гурван үндсэн шалтгаантайгаар 50 хувь нэмэгджээ. Цаашид долларын үнэ өсөж, хил гаалийн гацалд хэвээр удааширвал улам л өсөх магадлалтай байгааг худалдаачид онцолж байлаа. "Да хүрээ" зах дээр худалдаа эрхлэгчдийн 70 хувь нь хувиараа автомашины бизнес эрхлэгчид байдаг бөгөөд автомашины бизнес эрхлэхэд хүндрэлтэй, бэрх байгааг ч учирлан хэлж байлаа.

 
 
https://ergelt.mn/news/125/single/20276

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>