Крипто “хаан”-ы эрэлд

416

Крипто “хаан”-ы эрэлд

 

Эрсдэл өндөртэй криптовалютын зах зээлд дүрмээ мэдэж, хүнээ таньж тоглохгүй бол алдаж, асгах нь олон. Канадын хамгийн амжилттай крипто арилжааны бирж QuadrigaCX-ийг үүсгэн байгуулагч зуурдаар нас барахдаа үйлчлүүлэгчдийнхээ 250 сая доллартай тэнцэх хөрөнгийг авч одсон дуулиант хэрэг үүний бэлээхэн жишээ. Цахим мөнгөөр туйлж, дэлхийн саятнуудтай энэ зэрэгцэн тансаглаж явсан Жералд Коттен цаг бусаар одоод гурван жил өнгөрч буй ч түүний нууцлаг үхэл араасаа олон эрэлзээ, мөрдлөг дагуулж буй. 

Нүдэнд дулаахан залуу санхүүч

Торонто болон Монреалын хоорондох далайн эргийн Беллевилл хотод өссөн Коттен Йоркийн их сургуулийн Бизнесийн салбарыг онц дүнтэй төгсжээ. Хойтон жил нь 2013 онд Quadriga fintech Solutions (QuadrigaCX) нэртэй криптовалют арилжааны компанийг үүсгэн байгууллаа. 2016 онд цахим мөнгөний их өсөлтийн үеэр QuadrigaCX үлэмж амжилт үзүүлж, Канадын зах зээлд биткойн арилжаа хууль ёсны болоход түлхэц үзүүлжээ. Зөвхөн 2017 онд нэг тэрбум долларын арилжаа хийсэн Коттен хувийн онгоцоороо дэлхийн өнцөг булан бүрд аялж, зөвхөн Канадад л гэхэд 17 үл хөдлөх эзэмшинэ. Шинэ тутам криповалютыг нийгмийг эрс өөрчлөх санхүүгийн хэрэгсэл хэмээн тунхаглах нүдэнд дулаахан залуу санхүүчийн тансаг амьдрал биткойны тусламжтайгаар эдийн засгийн эрх чөлөөнд хүрч болох итгэл найдвар төрүүлсэн нь мэдээж. 2018 онд биткойны үнэ ханш огцом уруудаж байдал хурцдаж эхлэх хүртэл QuadrigaCX-аар үйлчлүүлэгчдийн тоо хэдийн 100 мянга хүрээд байлаа.

Крипто

Энэтхэг рүү бал сарын аялалд гарсан цахим саятан Канадад эргэж ирсэнгүй. Коттеныг нас барснаас бүтэн сарын дараа QuadrigaCX-ийн зүгээс үүсгэн байгуулагч нь Энэтхэгт буяны ажил эрхэлж яваад кроны өвчнөөр нас барсан хэмээн зарлажээ. Харин Коттен үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө болох 250 сая доллартай тэнцэх криптовалютыг өөртэйгээ оршуулчихсан байлаа.

"Хүйтэн хэтэвч”-д царцсан хөрөнгө

Хакеруудын халдлагаас сэргийлэх үүднээс криптовалютын арилжааны төвүүд харилцагчдынхаа дижитал хөрөнгийг интернэт холболтгүй орчинд хадгалах нь түгээмэл. Cold Wallet буюу хүйтэн хэтэвч гэж нэрлэдэг энэхүү агуулахад зөвхөн баталгаат нууц үгийн тусламжтайгаар нэвтэрнэ. Хачирхалтай нь QuadrigaCX-ийн 80 мянган үйлчлүүлэгчийн хөрөнгийг хадгалдаг хүйтэн хэтэвчид нэвтрэх нууц үгийг Жералд Коттеноос өөр хэн ч мэдэхгүй.

Крипто

Хохирогч Тонг Зоу

"Би амьдралынхаа туршид цуглуулсан 400 000 долларыг Коттены хүйтэн хэтэвчид түгжүүлсэн. QuadrigaCX-ийн найдвартай байдалд итгэсэн би банкнаас гурван удаа зээл аваад бүгдийг нь криптовалютын арилжаанд оруулсан байлаа. Өөрт үлдсэн цор ганц хөрөнгө болох бяцхан байшингаа зараад ч банкны өрийг төлж дийлэхгүй нь нэгэнт тодорхой болсон надад Коттентэй хамт өөрийгөө гүн нүхэнд оршуулахаас өөр сонголт үгүй.

Бүхий л насаараа цуглуулж хуримтлуулсан бүхнээ Тонг Зоу шиг хүйтэн хэтэвчид царцааж орхисон үйлчлүүлэгчид Коттены үхлийн мөрөөр мөшгиж эхэллээ. Жералд Коттены үхлийг бүхэл бүтэн 36 хоногийн дараа нийтэд зарласан нь тэдний эргэлзээ таамгийг улам өдөөжээ. Эхний ээлжид Коттены амиа алдсан гэх Энэтхэгийн Жайпур хотын эмнэлэгт хандлаа. Коттеныг үхлийг тэмдэглэсэн баримт бичигт овгийг үсэг андуурч бичсэн нь анхаарал татав. Хэдийгээр эмчлэгч эмч нь цагаан арьст эр гар дээр нь амьсгал хураасан өдрийг сайтар санаж буйгаа нотлон, тухайн өдөр болж өнгөрсөн бүхнийг бичиж тэмдэглэснээ үзүүлсэн ч кроны өвчин гэнэтийн үхэлд хүргэх магадлал ердөө 3 хувь. Тэр тусмаа хоол тэжээлийн дутагдалд өртөөгүй идэр чийрэг цагаан арьстан халдварт өртсөн гэдэгт QuadrigaCX-ийн хохирогчид итгэхийг хүссэнгүй. Коттеныбэлэвсэн эхнэр Женнифер Робертсон ч нөхрийнхөө үхлийг сар гаруй нуун дарагдуулж, цогцост нь ямар нэгэн задлан шинжилгээг хийлгэлгүй, занданшуулсан шарилыг Канадад авчирчоршуулсан нь хардлага төрүүлнэ. Дээр нь хос хоёр гэрлэлтээ батлуулахаас ердөө хоёр долоо хоногийн өмнө Коттен гэрээслэлээ үйлдэж 12 сая долларын өв хөрөнгөө бүхэлд нь эхнэрийнхээ нэр дээр үлдээжээ.Энэ бүхнийг үндэслэн тэд Коттеныг үхлээ хуурамчаар зохион байгуулж, олон мянган хүний хөрөнгийг завшсан гэж үзэж байгаа юм.

Хоёр нүүр

Quadriga CX арилжааны төв эхэндээ харилцагчдынхаа хохирлыг барагдуулахаар ажиллаж байна хэмээн мэдэгдсэн ч 46 сая долларын өр төлбөр гаргасны дараа 2019 онд үйл ажиллагаагаа зогсоож бүрэн дампуурсанаа зарлажээ. Нөхрийнхөө үхлийг гэрчилж ам тангараг тавьж байсан Женнифер Робертсон ч хаана оршинсуугаа нь мэдэгдэхгүй сураг тасраад жил шахам болж буй. Женниферийн ойр дотныхны өгүүлж буйгаар хохирогчдоос эмээсэн бүсгүй хаа нэгтээ бүгэж, үнэн мөн ил болох аятай цагийг хүлээж буй ажээ. Энэ зуурт Quadriga CX-ийн хохирогчид илүү ноцтой баримтын араас орсон нь Коттен бүр 15 настайгаасаа анхны санхүүгийн луйврын схемээ хэрэгжүүлж, "48 цагийн дотор 103-150 хувийн ашиг өгдөг”цахим мөрийтэй тоглоом ажиллуулж байсан нь ил болсон юм. Хожим QuadrigaCX-ийн үйлчлүүлэгчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 150 сая долларыг цахим мөрийд алдсан нь ч тодорхой болжээ. Канадын Үнэт цаасны хорооны шалгалтаар Жералд Коттен арилжаанд нөлөөлөхийн тулд Quadriga дээр олон тооны хуурамч данс нээж, гүйлгээний 87 хувьд нь биечлэн оролцож байжээ. Хэрэглэгчдээс бэлнээр авсан доллараа өөрийн хуурамч криптовалютын санд хадгалсан мэтээр итгүүлж тэрхүү мөнгөөрөө гадаад криптовалютын сайтууд дээр мөрийтэй тоглож үлэмж хэмжээний ашиг олдог байсныг Жералд Коттеныг өдгөө дүр төрхөө өөрчилж, луйвардсан мөнгөөрөө элбэг хангалуун амьдарч яваа гэдэгт QuadrigaCX-ийн хохирогчид улам бүр итгэх боллоо. Тэд одоо Жералд Коттений цогцсыг задлан шинжилж, занданшуулсан авсанд чухам хэн нойрсож буйг магадлахаар Канадын шүүхэд зарга мэдүүлээд буй ажээ.

http://eagle.mn/r/102111

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>