Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа зам дээр байна

208

Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа зам дээр байна

 

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2022.06.07) хуралдаан болов.

Хуралдааны эхэнд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалсан:

  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр,
  • "Кю Эс Си”, "Хөтөл” гээд хоорондоо хамаарал бүхий этгээдийн 495 төгрөгийн өр,
  • Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.

Монголбанкнаас 2020 онд хийсэн шалгалтаар дээрх нийт чанаргүй зээлд 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулах акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис бонд төлнө.

Ирэх оны ес, арван хоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулсан учир гадна талдаа өөрөө төлөх, дефолт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийг хэрхэх талаар ярилцсан. Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан шийдлүүдийг нэгтгэлээ.

Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.

Тодруулбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онд үүссэн. ТОСК, НОСК-той холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийн, орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон.

Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоол гаргасан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн. Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкаа дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв.

Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 40 зээлдэгч 243.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлсөн. Үүнээс

  • 63.8 тэрбум төгрөг нь хэвийн,
  • 92.7 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай,
  • 54 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна.
  • 33.2 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгджээ.

Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. Үүнээс хувийн хэвшлийн нийт зээл 1.7 их наяд төгрөг. Монголбанкны актаар 702 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай. Мөн Хөтөл,  "Кю Эс Си”-ийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум төгрөг. Үүнээс 505.8 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай аж.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Бид  хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. 

Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган, Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна.  

Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг борлуулан, Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэв.

Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй.

Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т "Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал, улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хянан шалгагч хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>