Төр гэж ямар утгатай үг вэ?

330

"Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг зүйр үгийг монголчууд их ярьдаг. Би баян болгочихсон хүн, би гэрээ засчихсан, одоо төрөө засмаар байна гэж ил цайм хэлж бусдынхаа амыг тагладаг.

Энд бие, гэр, төр гэх гурван зүйлийн тухай ярьж байна. Бие гэхээр мэдээж хэрэг таны бие юм. Төр гэдгийг мөн шууд утгаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Дарга, Даамал гэж ойлгоод байгаа юм. 

Мэдээж хүн өөрийн биеийг эрдэм номтой, бие бялдар чийрэг, сэтгэл санаа ариун, хөдөлмөрч, шударга, буруу зөрүү үйлгүй гэх мэт бүхий л сайхан зан чанараар хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг биеэ засах гэж шууд утгаар ойлгож байгаа бол зөв юм.

Гэр гэдэг ойлголт Монголчуудын хувьд 5 ханатай, 2 баганатай, эсгийн туургатай дотор нь хүмүүс амьдардаг, мөн элбэг дэлбэг, баян амьдарч байгааг гэрээ засчихсан хүн байна гэж андуурч байна. Хүн өөрийн биеийг гэгээрүүлж өөрийн өвөг дээдэстэй харилцан нэг гэр бүл болсныг хэлнэ.

Төр гэдэг нь одоо бидний хэлээд байгаа ГЕН гэдэг гадаад үг юм. Дээр үед ген гэж харь үг хэрэглэдэггүй байхад түүнийг төр гэж нэрлэдэг байж. Нярай хүүхэд эхээс мэндлэхийг бид төрөх буюу төр-өх гэж хэлдэг. Эцэг, эх хоёрын 1, 1 ген/төр нийлэн нэгдэж дундаасаа 1 ген/төр үүсч шинэ ген/төр төрөн гарч ирж байгаа юм. Хоёр хүний генээс 1 хүн ген/төр төрөн гарч ирж байгааг төр төрөх гэнэ.

 

Төр гэдэг үгийн утгаас салсан төрөг, төрөл, төрөлжих, төрөлт, төрөлтөн (хүн төрөлд багтагсад), төрөлх, төрөлхтөн, төрөх, төрүүлэгч, төрх, төрхжих гэдэг үгүүдийн утга төрөх болон төрөл садан, нэг төрлийн удмын хүмүүс гэдэг санааг илэрхийлж байна. Үүнд удирдах, засаг захиргаатай холбогдсон нэг ч үг алга байна.
Нэр төрөө бод гэхээр улс орноо бод гэсэн үг биш өөрийн удам судрын нэрийг бодох, хичээх гэсэн утгатай юм.
Тэгэхээр төрөө засна гэдэг хүн өөрийн генээ засна, өөрийн удам угсааны төрийг сайжруулна гэдэг утгатай болж байна.

Төрөө засна гэсэн мөрөөдөлтэй садар самуун явдалтай, төрөөс хулгай хийдэг, архи дарсанд дуртай гэх мэт генийн буюу удмын доройтолтой хүмүүс төр засаг захиргаанд ороод байдаг. Төрийг засна гэж орж ирэхээс өмнө тэдгээр хүмүүс өөрийн удам угсааны төрийг (генийг) засчихсан байх ёстой байдаг байна. 

Өөрийн удам угсааны төрийг засаж чадаагүй байж түмэн олны удам угсааны төрийг удирдан засаж тэргүүлнэ гэдэг утгагүй зүйл юм.

Л.Түдэв гуайн хэлсэн "удам муутай хүнийг төрд битгий ойртуул" гэж байгаа нь өөрийн удмын төрийг засаж чадаагүй ген/төр муутай хүнийг бусдын төрд битгий ойртуул гэсэн утга байна.

 

Эх сурвалж: mongoliax.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>