G7: Украиныг тууштай дэмжиж, Орос, Беларусийн эсрэг хоригийг чангатгана
Долоогийн бүлэгт багтдаг өндөр хөгжилтэй гүрнүүдийн удирдагчид Германы Бавари мужид хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаар мэдэгдэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг хэрэгцээ шаардлагын хэрээр дэмжихэд бэлэн гэдгээ амлалаа.
АНУ, Герман, Япон, Их Британи, Франц, Итали, Канадын төр засгийн тэргүүн нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд "бид санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын тусламж дэмжлэгийг Украинд шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэн үзүүлнэ” гэжээ. Энэ мэдэгдэл нь Украиныг дэмжих тал дээр барууныхны дунд санал зөрөлдөөн гарсан гэх яриа хөөрөө үндэслэлгүй болохыг нотлон харуулах зорилготой байв.
Үүний зэрэгцээ, G7-гийн удирдагчид Орост хандан Украины боомтуудыг бүслэн хааж буй үйлдлээ нэн даруй ямар ч болзолгүйгээр зогсоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг чөлөөтэй тээвэрлэх боломжоор хангахыг уриаллаа. Хар тэнгис ба Азовын тэнгис дэх боомтуудыг Оросын цэрэг бүслэн хаасны улмаас Украин улс өдөр бүр 140 сая долларын алдагдал хүлээж байгаа ажээ.
Европын зарим улсад явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Оросыг шийтгэх гэхээсээ илүүтэй үнийн өсөлтийг зохицуулах нь илүү чухал гэж дүгнэж буй иргэдийн тоо өсжээ. Ялангуяа Франц, Герман, Италид ийм хандлага түлхүү ажиглагдах болсон байна. Харин дайныг хэзээ, ямар нөхцлөөр дуусгах вэ гэдгийг Украин улс өөрөө шийдэх ёстой гэсэн байр суурин дээр бүгд санал нэг байгаа юм.