Засгийн газар ТаванТолгойн асуудлыг шийдэх үед УИХ-ын чуулган завсарлаагүй байхаар болов
УИХ-ын гишүүн, Су.Батболд УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд : "Чуулганы хуралдааныг сунгаж байгаа гэж сонслоо. Чуулганы завсарлагаанаар гишүүд орон нутагтаа ажиллах, иргэд сонгогчидтойгоо уулзах зэрэг ажил бий. Яагаад чуулганыг сунгаж хуралдуулах болсон юм бэ" хэмээн асуув.
Үүнд нь УИХ-ын дарга З.Энхболд: "УИХ-ын намрын чуулган хуулиараа 2 дугаар сарын 10-нд завсарлах ёстой. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбоотой Засгийн газрын хуулийн төслүүд хэлэлцэхээр хүлээж байна. УИХ-ын даргад чуулганыг 14 хоног сунган хуралдуулах эрх нь байдаг. Иймээс 8 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн" гэсэн хариулт өгсөн юм.
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайханы өгүүлж буйгаар бол сар шинийн өмнө Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээтэй холбоотой асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй байгаа билээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газар Тавантолгойн хэлэлцээрийг шийдэх үед УИХ -ын чуулган хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх аж.
С.Онон