Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт
Монголын төрд үнэхээр л шаардлагагүй зардлаасаа хэмнэе гэсэн чин хүсэл байдаг бол хүүхдийн мөнгөнд гар хүрэхээс өөр өчнөөн боломж, сонголт бий. Харамсалтай нь улстөрчид маань тоо бодож, ам ангайх болгондоо хүүхдийн мөнгөнөөс яаж танах вэ гэж ухаанаа уралдуулж ирсэн. Тэд баян айлын хүүхэд төрөөс мөнгө авах ёсгүй гэж хэлдэг. Үнэндээ манай улсын хууль журмаар хүүхэд гэсэн тодорхойлолтод багтсан нэг ч иргэн "баян” биш. Тэдэнд өөрсдийн бүтээсэн баялаг, хөрөнгө мөнгө гэж үгүй. Ердөө л сурагчийн формтой хүүхдүүд шүү дээ. Гэтэл төр, засаг нь ав адилхан хүүхдүүдэд зайрмаг авч өгөхдөө танай аав ээж мөнгөтэй гээд хэдхэнийг нь ялгаад үлдээчихэж байгаатай л агаар нэг.
Энэ бол хамгийн том хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт юм. Угтаа хүүхдийн мөнгө бол тухайн айлын бэл бэнчингээр нь шалгуур тавьж өгч байгаа халамж биш. Ирээдүйд сурч хөгжих, мэдлэг боловсролд нь зориулах хөрөнгө оруулалт юм. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлдэггүй айлууд нь хэдэн давхар халамж хүртэж, цаг наргүй хөдөлмөрлөсөн хэсэг нь яагаад хохирч үлдэх ёстой гэж. УИХ-ын дарга нь хүртэл хүүхдийн мөнгийг бизнес эрхлэгчдэд өгөхгүй гэж зарлалаа.
Сангийн яамныхны судалснаар хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол үлдсэн 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Тиймээс өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайн тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий гэсэн мэдээллийг өгөв. Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлтийг мөн гаргажээ. Маш бага 176.6 мянга, харьцангуй бага 264.7 мянга, дундаж 449.9 мянга, дунджаас дээш 172.7 мянга, өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна гэлээ.
Хэдэн жилийн өмнө хийсэн шиг айлуудаар явж, хөргөгч, зурагтыг нь тоолох ямар ч шаардлага байхгүй. Бүртгэл сайжирсан гэж Сангийн сайд Б.Жавхлан ярьсан юм. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг дөрвөн жилийн турш олголоо. Бид сар бүр өгдөг 100 мянган төгрөгийг бууруулах хувилбарыг судалсан ч олон иргэн эсэргүүцсэн. Мөн 16-18 насныханд олгох уу гэдгийг ч харгалзав. Гэвч тэд хүүхдэд тооцогдох тул эцэг эхчүүд мөн л хүчтэй эсэргүүцсэн. Гэхдээ цаашид хүүхдийн мөнгийг энэ хэвээр үргэлжлүүлбэл нийгмийн завхрал болно” гэв.