Багш нарыг багш нарын баяраар заавал баярлуулах ёстой юу?

101

Багш нарыг багш нарын баяраар заавал баярлуулах ёстой юу?

 

Багш, эмч, цагдаа гуравт гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг. Нийгмийн сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулж буй эдгээр мэргэжлийг эзэмшсэн хүн бүрт гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоё.

Гэлээ гээд, багш, эмч, цагдаа нар сурагчид, өвчтөн үйлчлүүлэгч, харилцагчиддаа зүй бусаар хандаж боломгүй. Юу хэлэх гээд байна гэвэл багш, эмч, цагдаа нар ажлаа хийснийх нь төлөө үйлчлүүлэгчид нь гар цайлгадаг жишиг тогтож, багш, эмч, цагдаа нар ч түмэн олны гарыг хардаг жишиг тогтжээ. Энэ бол авилгал хэмээх зүй бус үйлдлийн хамгийн энгийн, наад захын жишээ юм. Багш, эмч, цагдаа нарын цалинг өнөөх муу нэртэй, луу данстай төр засаг чадах чинээгээрээ нэмж, цаг тухайд нь олгохыг нэн тэргүүнд тавьж ирсэн байтал шүү.

Ийн хүүрнэх болсон шалтгаан бол, ирэх долоо хоногт багш нарын баяр болох нь ээ. Багш бол түмний хүүхдийг уншиж, бичиж, бодуулж, соён гэгээрүүлдэг гавьяатай хүмүүс. Тэдэнд зориулсан дуу, шүлэг ч бишгүй бий.  Гэлээ гээд, жил бүр багш нарын баяраар багшид бэлэг өгөх нь хэр зохистой вэ. Баяр болох сургаар эцэг эхийн зөвлөлийнхөн багшид зориулж хэдэн төгрөг хураах тухай хэлэлцээд эхэлсэн байна. Баярт нугасгүй, баяраар далимдуулж маркетинг хийдэг бизнесийн сурталчилгаанууд ч удахгүй хөврөх янзтай. Багшид үсэглэлийн баяр, хонхны баяраар албан ёсоор талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барих нь зүйн хэрэг. Түүнээс жил бүр багш нарын баяраар эцэг эхчүүдээс мөнгө татаж багшийг баярлуулна гэдэг бол ёстой нөгөө илүү сарын битүүн. Тэр ч бүү хэл ийм бэлгэнд амташсан багш нар шинэ жил, цагаан сар, март, цэргийн баяраар хүртэл гар харах шинжтэй.

Багшдаа бэлэг, бэлэн мөнгө өгч түүнийх нь хариуд багш дүнг нь сайн тавьдаг жишиг ч хувийн сургуулиудад мэр сэр ажиглагдсан. Багшид бэлэг өгөх энэ үзэгдлийг жирийн үзэгдэл болтол хэвшүүлэх нь хүүхдийн ирээдүйд тус болох нь бүү хэл хорлох нигууртай зүй бус үйлдэл юм.

Б.Наранчимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>