ТАЙЛАГДААГҮЙ НУУЦ | Үхлээс эргэн ирсэн хүүгийн хэрэг

281

ТАЙЛАГДААГҮЙ НУУЦ | Үхлээс эргэн ирсэн хүүгийн хэрэг

 

БНСУ-ын Ёнчон тосгоны ойролцоо уулнаас нэгэн өсвөр насны хүүгийн цогцос олдож, хоёр хүн хэргээ хүлээн 10 болон 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Энэхүү явдлаас хэдэн сарын дараа нас барсан гэгдэж байсан хүү амьд сэрүүн ээжийнхээ гэрт ирсэн нь сүүлийн зуун жилийн тайлагдаагүй нууцыг бий болгосон юм. 

1930 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Ёнчон тосгонд амьдардаг нэгэн эмэгтэй ойролцоох уулнаасаа нэгэн хүүгийн цогцосыг олжээ. Тухайн үед гэмт хэрэг ховор гардаг байсан учраас тосгон даяар гэмт хэрэгтнийг эрэн хайж эхэлсэн нь олны анхаарлыг ихээр татаад байсан юм. Танигдахын аргагүй болтлоо зодуулсан байсан хүүгийн хажууханд нэгэн алчуур байсан бөгөөд уг алчуураар хүүг боомилж алсан болох нь тогтоогдсон байна. 

Тосгон цөөн хүнтэй учир хүүг хэн болохыг тогтоох амархан ажил байв. Тухайн үед зөвхөн нэг хүү л сураггүй алга болоод байсан бөгөөд хүүгийн ээжид цогцосыг таниулахад тэрээр мөн байна хэмээсэн байдаг. Гэсэн ч өмсөж явсан хувцас нь танил биш байгаа тухай цагдаа нарт мэдүүлсэн ч үүнийг үл тоон нас барсан хүүг Пак Чан Сү мөн хэмээн цагдаа нар баталсан байна. 

 

 

Пак Чан Сү гэртээ ихэвчлэн байдаггүй, гадуур тэнүүчлэн, ажил хийж амиа зогоодог нэгэн байжээ. Хамгийн сүүлд дэн буудлын эзэн Гу Ок Дан болон Чо Ги Жун нар Пак Чан Сүг зодож байхыг нэгэн хүн харсан тухайгаа цагдаа нарт мэдүүлсэн байдаг. Цагдаа нар тэднийг шуурхай баривчлан хоёр өдрийн турш байцаасны эцэст тэд хүүг боомилж хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. 

Шүүхээс тэдэнд 10 болон 15 жилийн хорих ял оноож, хүүгийн ээж бяцхан оршуулах ёслол үйлджээ. Гэсэн ч аравдугаар сарын 18-нд буюу хэрэг гарснаас зургаан сарын дараа Пак Чан Сү хүү гэртээ эргэн иржээ. Хүүгийн ээж хүүгийнх нь сүнс ирлээ хэмээн бодож ихэд цочролд орсон гэдэг. Удалгүй тосгоны иргэд түүнийг эргэн ирсэн тухай бүгд мэджээ. 

 

 

Энэ үеэр Пак Чан Сү өөрт тохиолдсон явдлаа нэгд нэгэнгүй ярьсан байна. Хэрэгтэн Гу Ок Дан болон Чо Ги Жун нар түүнийг ууланд аваачин ухаангүй болтол нь зодсон гэдэг нь үнэн. Маргааш нь ууланд сэрсэн хүү амьд үлдсэндээ баярласан хэдий ч тэдэнтэй дахин тааралдвал амьд гарахгүй хэмээн бодон Сөүлийг зорьсон байна. Зургаан сарын хугацаанд Сөүлд амьдарсан хүү төрөл бүрийн ажил хийж амиа зогоож байгаад эцэст нь чинээлэг гэр бүлд үйлчлэгч хийх болжээ. Гэсэн ч цалинг нь өгөхгүй байсан учраас нутаг буцахаар шийдэн ийнхүү гэртээ ирсэн аж.

Пак Чан Сүг ийнхүү эсэн мэнд гэртээ эргэж ирсэн нь мөрдөн байцаалт болон шүүх хуралд оролцсон хүмүүсийг ажлаа буруу хийсэн гэх хэрэгт унагажээ. Прокурорууд цагдаа нар худал мэдээлэл өгсөн хэмээсэн бол цагдаа нар хүүгийн ээжийг цогцосыг буруу таньсан хэмээн буруутгасан байна. 

 

 

Хоригдож байсан Гу Ок Дан болон Чо Ги Жун нар жилийн дараа цагаатгагдсан бөгөөд цагдаа нарын эрүү шүүлтийн улмаас хэргээ хүлээсэн хэмээн мэдүүлсэн аж. Мөн цагдаа нар хүүгийн ээж хувцас нь биш байгаа тухай хэлсээр байтал хүчээр хүүг нь мөн хэмээн таниулсан гэх хардлагад өртжээ. 

Уг хэрэг гарснаас хойш бараг зуун жил өнгөрсөн ч уулнаас чухам хэний цогцос олдсон болох нь тодорхойгүй байна. Нас барсан хүү сэжигтэн  Гу Ок Дан болон Чо Ги Жун нарын өөр нэгэн хохирогч байх боломжтой хэдий ч энэ хоёр хэрэг огт өөр хэрэг байх магадлал мөн өндөр. 

Үхлээс эргэн ирсэн Пак Чан Сү хүү өнгөрсөн хугацаанд ээжийнхээ хажууд байж бүх насаараа тариалан эрхэлжээ. 

 

 

https://news.zindaa.mn/4dse

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>