Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

183

Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ

 

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/.
 БНХАУ-ын нийслэл Бээжин, Гуанжоу болон Өрөмч хотын эрх баригчид оршин суугчид нь  ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцэж байгаатай холбогдуулан коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг илүү оновчтой болголоо гэж Хонконгийн "South China Morning Post” сонин мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, Бээжин хотын эрх баригчид вирусний халдвар тархах эрсдэл ихтэй бүсүүдийг тогтоож, байшин, барилгад хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Халдварын эх үүсвэр тодорхойгүй эсвэл вирус нийгэмд хурдацтай тархаж байгаа тохиолдолд эдгээр бүсийг өргөжүүлж магадгүй. Өмнө нь эрх баригчид нэг өвчтөн илрэхэд л бүхэл бүтэн орон сууцны цогцолборуудыг "хааж" байсан юм.
 
Үүнээс гадна, нийслэлийн удирдлагууд эрсдэл ихтэй бүс гэж тогтоосон газруудыг хаахдаа "хатуу зүйл” ашиглахыг хоригложээ. Түүнчлэн барилга руу орох хаалгыг болон нүүлгэн шилжүүлэн гарцыг хаахыг хориглосон байна. 
 
Өмнөд Хятадын Гуандун мужийн засаг захиргааны төв болох Гуанжоу хотод эрх баригчид ковидын хязгаарлалтын улмаас гэрээсээ гарахгүй байгаа иргэдийг өдөр бүр заавал өгөх шинжилгээнээс чөлөөлсөн байна. Тодруулбал, цахимаар хичээллэж буй багш, оюутнууд, мөн гэрээсээ ажиллаж буй ажилчдыг чөлөөлжээ.
 
БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод мөн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулжээ. Вирусний халдвар тархах эрсдэл багатай хотын дүүргүүдэд нийтийн тээвэр, хүргэлтийн үйлчилгээг сэргээсэн байна. Тус хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсны дараа ийм шийдвэр гарчээ.   
 
Хятадад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын хэд хэдэн хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Бээжин хотын Чаоян дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд хэдэн зуун хүн оролцжээ. Жагсагчид эрх баригчдаас ковидтой тэмцэх арга хэмжээг сулруулахыг шаардсан байна. Жагсагчдын зарим нь "11 дүгээр сарын 24-нд Өрөмч хотод амиа алдсан эх орон нэгтнүүдийн дурсгалд зориулав" гэсэн бичигтэй цаас барьсан байжээ. 
 
Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсны нэг шалтгаан нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотын нэгэн өндөр байшинд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан гал юм. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн түлэгдэж гэмтсэн байна. Тус байрны оршин суугчдыг ковидын дэгдэлтийн улмаас хөл хорионд оруулсан байжээ.
 
Хорионд орсны улмаас иргэд орон сууцнаас хурдан гарч чадаагүй, зам хаасны улмаас гал сөнөөгчид, тусгай техник хэрэгсэлтэйгээ ослын газарт очиход удсан гэх батлагдаагүй мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Харин эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>