АТГ нүүрсний хулгайтай холбоотой 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/101, А/119, А/326 дугаартай тушаалын дагуу томилсон. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 62 мөрдөгч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.