Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно
Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ.
Тухайлбал УИХ-аас 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороог байгуулсан. Шинжээч томилж, нотлох баримт цуглуулах, шинжлэх, гэрч дуудах гэх мэтээр ажилласаар, одоо нийтийн сонсгол нь болж байна.
Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус.
Аристотель “Зөв амьдрал гэж юу вэ гэдгийг тодорхойлохгүйгээр шударга Үндсэн хууль баталж чадахгүй. Хууль зөв амьдрал гэж юуг хэлэхийг заах ёстой” гэж үздэг байсан. Тиймээс хүчтэй төрийн суурь бол сайн хууль гэх зарчмыг үндэс болгох ёстой.
Өнөөдөр бол өчигдрийн үр дүн, харин маргааш бол өнөөдрийн тусгал учраас энэ тэмцлээс ухралгүй, зоримог шийдмэг хийж, цэгцрэх ёстой. Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална.
Цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал гээд асуудлууд үргэлжилсээр байна. Өөдрөгөөр харвал боломж ч олноор нээгдэж байгаа. Манай улсын гадаад бодлогын байр суурь дэлхийн анхааралд орсон.
Нам дотор өмнө үүссэн зөрчлүүд ч хувь хүмүүсийн гэхээс илүү улс орны эрх ашигтай холбоотой асуудлаас үүдэгдсэн. Өнөөдөр ч, маргааш ч үл ойлголцох сэдвүүд үүсэн бий болж болно, харин тэр бүхэнд туйлшралгүй, эрэмбэ дарааллаа баримтлан, зарчмын шугамаар чиг баримжаа хийж, шийдвэрлэх бүрэн чадамж бидэнд бий.
Энэ шударга ёс, зарчмын байр суурийг өнөөгийн Ерөнхий сайд алдагдуулалгүй үргэлжлүүлснээр хэлэлцээр амжилттай болж, өчигдөр үндсэн олборлолтоо эхлүүлж байна. Үүн шиг бидний ойлголцлоор шийдэгдсэн олон асуудал бий.
Парламентын ардчиллын хамгийн “агуу” гэж хэлж болохоор давуу талыг яг энэ цаг үеүдэд бид таньж, мэдэрч байна. Нэг хүнээс хамааралтай тогтолцоотой байсан бол ийм олон шүгэл үлээгдэх бараг бололцоогүй.
Дэлхий болон нийгэм гэх ойлголт хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшлийн ачаар иргэн бүр улс орныхоо эрх ашгийн төлөөх хэлэлцүүлгийн оролцогч, шийдвэр гаргагч болж байгаа нь ардчилал бэхжих, цаашдаа парламентын засаглал улам бат суурьтай болох нөхцөлийг бүрдүүлж байна.
Иргэд талбай дээр цуглаад төрдөө шаардлага тавьж байхад, боломжтой өөрчлөлтийг хуульчлах нь амьд нийгмийн маш сайн хэв шинж. Алдаа зөрчил дагаж үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ амьдралыг тэтгэх урсгал эргэлдэж, хурд сайжирч байж л бид хоцрогдлоо нөхөж, гажуудаж гацсан нийгмээ өөрчлөн шинэчилж чадна гэдгийг бас үгүйсгэж болохгүй.
Одоо бол УИХ-ын гишүүд санал хураалтад хурууны хээгээрээ оролцож байгаа. Өмнөөс нь хэн ч кноп дарах боломжгүй. Хүмүүст энэ өөрчлөлт жижигхэн юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ хууль тогтоох засаглалын төлөвшил, парламентат ёс талаасаа асар том өөрчлөлт, шинэчлэлт. УИХ-ын харьяаны байгууллагын удирдлагыг гэхэд УИХ-ын дарга тойрон хүрээллээсээ сонгож томилдог нөхцөл байхгүй болсон.
Жишээ нь, харьцангуй цөөн тооны гишүүдтэй парламентад “давхар дээлтэй” байж болох шийдвэр гарснаас үүдэж, хууль тогтоох институцийн чадамж буурч байгаа нь бодит асуудал мөн.
Энэ онцгой гэж хэлж болох гадаад, дотоод нөхцөл байдалд хатуу бүтцээс бүх бурууг хайх, түүнд муу муухайг тохох гэсэн туйлшрал нь цаашдын тогтолцооны гажуудлын эхийг тавьчих вий гэж болгоомжилсон үзэл бодолтой олон хүн байна.
Институцийн хөгжил сайтар бэхжээгүй манайх шиг улсад нийгмийн хэт савлагааг өрдөж ашиглаад, эмх замбараагүй байдал руу гулсан орсон гаднын олон гашуун түүх ойрхон байна.