Д.Амарбаясгалан: Төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүсийг илрүүлж, хариуцлага тооцно

299
 

Д.Амарбаясгалан: Төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүсийг илрүүлж, хариуцлага тооцно

 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газар 2023 оны "Авлигатай тэмцэх” жил болгон зарласан. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд захирамж гаргаж таван Ш ажиллагааг холбогдох сайд нарт хариуцуулж, тодорхой төлөвлөгөөг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Энэ хүрээнд Шүүр, Шилжүүлэн авах ажиллагааг ЗГХЭГ-ын дарга миний бие, Шилэн ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Шувуу ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хариуцан ажиллана. Таван ажлын хэсэг ажлын төлөвлөгөө боловсруулан, үр дүнг нь 7 хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Миний хувьд хариуцан ажиллаж байгаа төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд хууль бусаар томилогдсон, ах дүү хамаатан садны давуу байдлыг бий болгож, төрийн албанд ажиллаж байгаа хэсгийг илрүүлэн, хариуцлага тооцно. Ингэхдээ АТГ болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллана. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 300 орчим мянган төрийн албан хаагч ажилладаг. Үүнийг задалбал

-Төрийн жинхэнэ албан хаагч- 69 мянга

-Төрийн үйлчилгээний албан хаагч- 178 мянга орчим,

-Төрийн өмичт болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудад ажиллаж байгаа- 75 мянга орчим байна

Төрийн алба хэт данхайсан байдал нь төсвийн урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Монгол Улсын нийт ажиллах хүчинд оногдох төрийн албан хаагчдын тоо хэмжээг хязгаарлана. Нийт ажиллах хүчнийхээ 18 орчим хувийг төрийн албан хаагч бүрдүүлж байна. Бусад улс орнууд нийт ажиллах хүчнийхээ 15 хувьд төрийн албан хаагчид оногдож байвал хэвийн хэмжээ гэж үздэг байна. Тиймээс Засгийн газар ирэх жилүүдэд 15 хувийн хязгаарлалт тогтоож, барих бодлого үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ бол Засгийн газраас төрийн албанд хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогын үндэс байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барих зөвшөөрлийг олгосон хүмүүсийн нэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Барилга хот байгуулалтын сайдад өглөө.

Түүнчлэн манай улсад жилд 100 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа учраас Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. 2022 онд гэхэд 92 хүүхэд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг авлаа. Тиймээс Ерөнхий сайд Гэр бүл хүүхэд залуучуудын газар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, бодитой ажилладаг нөхцөлийг хангуулах үүрэг өглөө. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинд дүгнэлт хий, уулзалт хэлэлцүүлэг хийх замаар УИХ-д хуулийн өөрчлөлтийг өргөн барихыг үүрэг болголоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>