Зайранд хэрэгтэй төр

176

Зайранд хэрэгтэй төр

 

“Өглөө” кинон дээр Хиагтын гудамжинд дөвчин бууж байсан зайран “Сүх жанжин намайг өршөөлөө. Төрд хэрэгтэй зайран гээд орхих шиг боллоо” хэмээн маадгар царайлдаг даа. “Төрд хэрэгтэй зайран” гэдэг нь угтаа өөрийгөө төрд хэрэгтэй хүн хэмээн өргөмжилсөн санааг агуулж буй хэрэг. Сайн талаараа бол төр төвшитгөж, төрийн албыг сайтар хашиж чадах хүн хэмээн өөрийгөө үнэлж байна гэсэн үг.

Өдгөө бол эсрэгээрээ эргэж “Зайранд төр хэрэгтэй” болоод удаж буй. Төрд хэрэгтэй зайрантай харьцуулбал төрөөр дөрөөлж дээш гарсны дараа зайран болж, хувийн сангаа дүүргэн дураараа дөвчигнөх гэсэн санаатнууд. Ямар ч аргаар болов хамаагүй төрийн албанд очиж, төрийг өөрийн эрх ашигт нийцүүлэн ашиглах алба тушаал, мөнгөний “хэрэгсэл” болгож аваад зайран суух гэсэн башир аргатнууд олширсны уршиг баг, хорооноос өгсүүлээд УИХ, яам тамгын газруудад илэрсээр.

Төрийг хэрэглэгдэхүүн болгон дөрөөлж зайранд тодорсноор өмнө хийсэн гэмт хэргээ далдлан бултах, тендер зувчуулах, тойрогт зарцуулах мөнгөнөөс сугачиж авах, төсвөөс шомбодох, банк тонох, экспортын бүтээгдэхүүнээс цавчаа хийх, мөнгө угаах, бэл бэнчинтэй эрхмүүдэд зориулсан хууль лоббидон батлуулж цаад талаасаа авлига авах, үр хүүхдээ гадаадад засгийн зардлаар сургах, төгсөөд ирэхэд нь өөрийн залгамж болгон төрд шургуулах, биеэ улсын мөнгөөр эмчлүүлж домнуулах гээд ихээхэн ашиг хонжоо өөртөө унагана.

“Гишүүний бүрэн эрх” хэмээх сум үл нэвтрэх хуягтай болохын төлөө мөнгө хайрлалгүй цацан байж сонгуульд ялаад зарцуулсан хөрөнгөө нөхөхийн тулд юуг ч хийхээс буцахаа больдогийн сүүлийн жишээ гэхэд Хөгжлийн банк тоносон, нүүрс “угаасан” хэрэгт хамаатай гишүүд ар араасаа цувсаар буйгаас харагдана.

Хөгжлийн банкны зээлтэй хамаатай өртөнгүүдээс нийтэд зарлагдсанаар өнөөгийн УИХ-д Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Л.Энх-Амгалан нар сууж байгаа бол өмнөх УИХ-ын экс гишүүдээс А.Сүхбат,Б.Элдэв-Очир, М.Билэгт, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нарын нэрс дурайж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, бүр өмнө үеийн гишүүдээс Ц.Шаравдорж, Н.Батбаяр, дэд сайд аснуудаас Ш.Лхамсүрэн, С.Пүрэв гээд дандаа төрийг сууриа болгосон “зайрангууд” үргэлжилнэ.

“Нүүрсчдийн” хэрэгт УИХ-ын 19 гишүүн, хоёр сайд холбоотой байж болох тайлбар мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг сар шинийн өмнөхөн өгсөн. “Нүүрсчид” дунд “хамгийн шударга” тодотголтой УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханаас өгсүүлээд Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, А.Адъяа­сүрэн, Д.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд багтаад байгаа. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурорт хүргүүллээ. Ерөнхий прокурор томилолтоос ирээд шийдвэрээ гаргавал УИХ-ын хаврын чуулганы эхэнд шийдэх халуун асуудал энэ болж таарах нь.

Цааш ухаад байвал энэ УИХ-ын бүрэлдэхүүний багагүй хувь нь төр дөрөөлж хэрэг завшсан зайрангууд болж мэднэ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй шинжтэй. Монгол Улсын Засгийн газар хатуу арга хэмжээ авч ийм этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа төрийн албанд шинэчлэл хийж хэт үрэлгэн зардлыг бууруулахын тулд салбар чиглэл бүрт бүтцийн дахин төлөвлөлт хийн цомхотгоно гэдгээ мэдэгдлээ.

Олон улсад баримталдаг зарчмаар улс орны нийт ажиллах хүчний 15 хувийг төрийн албан хаагч эзлэх тохиолдол хэвийн хэмээн тооцогддог атал Монгол Улсад 18 хувьтай гарсан нь ядмаг төсөвтэй оронд хэтийдсэн үзүүлэлт болжээ. Мөнөөх төрд шунасан зайрангуудын эзлэх орон зай ийнхүү тэлсэн байна. 

Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ Авлигатай тэмцэх чиглэлээр багц хууль хэлэлцэхээ зарлалаа. Хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийхэд үндсэндээ чиглэх нь тодорхой болов.

Төрд шургалсан “хуурамч зайрангууд” л ихэнхдээ авлигатай холбогддог нь нууц биш. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжвал ирэх намар УИХ-ын ээлжит бус сонгууль хийж мэдэх чимээ дуулдаж эхэлсэн. Хэрэв тийм бол сая нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулган энэ удаагийн бүрэн эрхийн сүүлийн ээлжит чуулган болно. Ээлжит бус сонгуулийн наана түр ганц чуулаад бүрэн эрх өндөрлөнө. Гэхдээ ийм магадлал маш бага.

Намар сонгуульдах боломж үгүй гэвэл үндсэндээ ганцхан жил гаруйн дараа ээлжит сонгууль болно. Хаврын хоёр, намрын нэг чуулган л эрхэм гишүүдийн өмнө үлдээд байна. Тиймдээ ч төрийг хувьдаа ашиглахыг санаархагчид одооноос бүхнийг чадагч, ард иргэдээ энэрэгч хувилгаан дүрдээ ороод эхэллээ.

Төрд дөрөөлж зайран суухын тулд сар шинийн өмнөхөн эрхэм гишүүд гоё ганган хавтастай тайлангийн сэтгүүлүүдийг уут чихэр, боодол жигнэмэг дагуулан өтгөс буурлуудад өгчилгөсөн нь сошиалаар дүүрэв. Тэр сэтгүүлээс харвал тухайн тойрог эрхэм гишүүнийхээ буянаар “диваажин болжээ” гэлтэй.

УИХ, Засгийн газраас сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүдээс үзвэл төр эзэгнэх хүсэлтэй зайрангуудад төр “амтат чихэр” байхаа болих гэж байна. Харин одооноос сонгогчид хариуцлагатай, хянуур байж ирэх сонгуульд төрөө “хуурамч зайрангууд”-аас хамгаалан зөв сонголт хийх үүрэг тулгарч буйг ойлгох хэрэгтэй боллоо. Төрөө авлигач, хулгайчдад эзлүүлчихээд жагсаж цуглаж, ам амандаа шогширч суухын оронд одооноос соргог байж хүнээ зөв таних учиртайг сонгогчид ухаарах цаг ирлээ. Эс тэгвэл дахиад л “Зайранд хэрэгтэй төр”-д санаархагчдаар төрийн алба дүүрч чөтгөрийн тойрог үргэлжлэх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>