Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

212

Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:

-Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.

Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

2023 оны I улирлын байдлаар хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 12 хувиар буурсан.

Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно” гэлээ.

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.БОЛОРМАА:

-80 хүн, 4 хуулийн этгээдтэй холбогдох Хөгжлийн банктай холбогдох хэргийн шүүх хурал ажлын  31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Нийт 215 оролцогчтой шүүх хурал юм. Шүүхэд 200 хүн багтаан танхим байхгүй тул Улаанбаатар чуулгын байранд шүүх хурлыг хийж байна.

Шүүх хурал есөн үе шаттай явагдахаас дөрөвдүгээ үе шат дээрээ явж байна. 506 хавтаст хэргээс бичгээр нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаа дээр явж байна, 85 хувьтай явж байна. Мөн уг шүүх хурлыг Шүүхийн мэдээ фэйсбүүк хаягаар LIVE-аар шууд дамжуулж байна.

Шүүх хурал хэзээ дуусахыг хэлэх боломжгүй. Шүүх хуралд оролцогчдод бүгдэд ярих боломж олгоно. Эд мөрийн баримт шинжлэн судална гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Авлига, албан тушаалын хэргээр хоригдсон С.Батдөлийн хэрэг юу болсон бэ. Хоёрдугаарт, жүжигчин У.Цогтбаяр, кекүшюзан Д.Батбаяр нарыг хорьсон асуудлаар мэдээлэл өгөхгүй юу. У.Цогтбаяр "Шүүх махны машин шиг ажиллаж байна. Нэг өдрийн дотор шууд шийдвэр гаргадаг юм байна” гэсэн асуудлыг тавьсан?

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа:

-С.Батөдлийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвэндээ байна. Одоогийн байдлаар цагдан хориг сунгах санал ирээгүй байгаа.

У.Цогтбаярын тухайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд орж ирсэн. Долоо хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан.  У.Цогтбаярын тухайд эхнэр нь дуудлага өгсөн. Дөрөвдүгээр сарын 28, дөрөвдүгээр сарын 30-н гэсэн хоёр өдрийн үйлдлээр зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн. Зөрчлийн хэргийг нэг өдрийн дотор шийдвэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн хэргийг тухайн цагдаагийн газраас шилжүүлж ирэнгүүт шийддэг.

Кекүшюзан Д.Батбаярын тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан хэргээр зөрчлийн хэрэг үүсээд 10 цагийн албадан сургалт, 15 хоног баривчлах, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>