“Сентерра гоулд”-ын ашиглах Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихийг УИХ дэмжсэнгүй

1283

“Сентерра гоулд”-ын ашиглах Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихийг УИХ дэмжсэнгүйГацууртын ордыг стратегийн ордод хамруулж, улмаар "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргасан. Үүний дараагаар уг ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох учиртай. Засгийн газраас Гацууртын ордод төр 20 хувь эзэмших хэрэгтэй гэж төсөл оруулж ирсэн. Энэ нь зарим гишүүн болон иргэний хөдөлгөөнийхний нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан юм. Асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй тул тогтоолын төслийг Засгийн газарт буцаалаа.

Тогтоолын төслийг Уул уурхайн сайд Р.Жигжид УИХ-ын даргад өргөн мэдүүлэх үеэрээ "Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг, "Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, "Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоосон.Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай” гэж байв.

Засгийн газар Гацууртын ордод бага хувь эзэмшиж, нөөц ашигласны төлбөр аваад явах нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хамгийн боломжит хувилбар гэж харж байгаагаа хэлж байсан юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай зэрэгцээд Оюутолгойн 34 хувиа алдах гэж байна, хув эзэмшихээ болих нь гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Харин үүнийг Засгийн газар үгүйсгэж, Монголын талын хувь хэвээрээ байна, энэ хууль эргэж үйлчлэхгүй гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тонн алтны нөөцтэй. Гэтэл нөгөө талд нь уг газар түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олон бий гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байгаа. Ингэхдээ тэд бүр тус газар нь очоод ирсэн. Ирээд чуулганы хуралдаанд Ноён уулын газрыг баялгийг нь ашиглах нэрийдлээр ухуулж болохгүй гэж шүүмжлэх болсон. Энэ нь ч иргэний нийгмийн байгууллагуудыг жагсаал хийж, өлсгөлөн зарлахад хүргэсэн биз ээ.

Тэгэхээр Засгийн газраас Гацууртын ордод төр хэчнээн хувийг эзэмших вэ гэдэг асуудлыг дахин боловсруулж, УИХ-д оруулах учиртай. УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Тиймээс уг асуудал ирэх хаврын чуулган хүртэл хойшлохоор болж байна. УИХ өчигдөр нэлээд чухал хуулиуд хэлэлцсэний нэг нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал. Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн хувь эзэмшлийг өөртөө авъя гэж үзвэл роялтын татвар дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх сонголтыг бий болгоод байгаа. Эдгээр татварын хувь хэмжээг дээд тал нь таван хувь хүртэл гэж тусгаад байгаа юм. Үүнийг гишүүдийн олонхи дэмжсэн. Ингээд хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт шилжиж байна. Уул уурхайн салбарынхантай холбоотой олон чухал хууль зарим нь цааш үргэлжилж, зарим нь дэмжлэг авсангүй.

Ц.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>