Х.Нямбаатар: “Таван толгой түлш”-ийн хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрэхгүй
“Таван толгой түлш” ХХК-ийн менежмент энэ сарын 1-нээс нийслэлд шилжжээ.
Тус үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Нийслэлийн удирдлага руу менежмент нь шилжсэн учир бид энэ хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрэхгүй. Цаашид,
- Түлшний технологийг сайжруулна.
- Хүний нөөцийг цомхтгож, чадварлаг цомхон багаар ажиллуулна. Бүтцээр цомхтгосон албан хаагчдыг шилжүүлнэ.
- Хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсэн түлшний хэрэглээг бууруулна.
Эдгээр ажлыг маргаашаас (буюу өнөөдрөөс) эхлүүлнэ. Мидлинг, шуудай нийлүүлдэг гээд цөөнгүй хүний эрх ашиг хөндөгдөх учраас хотын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон гарч ирэх болов уу. Гэсэн ч бид “Утаа шингэрлээ гэж” иргэдээ хуурч суухгүй гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.
Тэрээр "Сүүлийн үед иргэдээс ирж байгаа гомдол нэмэгдсэн. Түлшнээс болж иргэд угаартаж, хорвоогийн мөнх бусыг үзсэн, агаарын бохирдол төдийлөн буурсангүй гэх иргэдийн бодит шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. Цаашид тус компанийн бизнесийн чиглэл, менежмент, үйлдвэрлэлийн технологио өөр түвшинд гаргая.
Татварын мөнгө уйлахгүй гэдэг зарчмаар явж байгаа бол би “үгүй” гэж хэлнэ. 2025 онд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул.
Утаанаас салсан хотуудын туршлагыг мэднэ. 1960 онд Английн утаа дийлдэхээргүй байсан бөгөөд газ руу шилжсэн сайн туршлага бий. Өнгөрсөн жил би та бүхэнд хэлж байсан. Улаанбаатарыг дайрах ОХУ, Хятадыг холбосон байгалийн хийн том төсөл эхэлсэн.
Түүнчлэн олон төрлийн газыг дотоодын ААН-үүд импортлон хэрэглэж байна. Сайжруулсан түлшний үйлдвэр агаарын бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүнтэй болох чиглэл рүү шилжих ёстой. Тус үйлдвэр нь 2019 онд ашиглалтад орж, жилд 360 мянган тонн нүүрс үйлдвэрлэж байсан.
Өнөөдрийн байдлаар 550 мянган тонноор үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмжээ. Гэтэл нийслэлд 185 мянган айл сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа мэдээллийг статистикийн байгууллагаас өгч байна. Таван жилд хэрэглэгчийн тоо 10 хувиар нэмэгдсэн гэж үзвэл 400 мянган тонн түлш үйлдвэрлэх байсан.
Яагаад 200 мянган тонн түлшний хэрэглээ бий болсонд дүн шинжилгээ хийсэн үү? Нэг шуудай сайжруулсан түлш 8,000-10,000 төгрөгөөр зарагдаж байна. Очсон аймаг, сумдын гуанз болгонд шуудайтай нүүрс зарж байна. Яагаад танай байгууллага нэг шуудай нүүрсний бодит өртгийг иргэдэд зарлахгүй байгаа юм. Ийм алдагдалтай бизнес дэлхийд байхгүй.
Яагаад энэ асуудлыг өөрчилж, бодитоор бүтцээ багасгаж бууруулах ажил хийхгүй байгаа юм. 1800 хүнтэй байх ёстой ч яагаад 2080 хүнтэй ажиллаад байгаа юм? Татварын мөнгө уйлахгүй гэдэг зарчмаар явж байгаа бол би “үгүй” гэж хэлнэ.
2025 онд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Ирэх жилд нүүрс түлдэг 20 мянган айлыг газ руу шилжүүлнэ. Энэ айлуудад хий хэрэглэсний төлөө "Таван толгой түлш"-д өгч байсан татаасыг өгнө. Бид тооцоо судалгаа хийж байна" гэжээ.