Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юм

427
 Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юмЖил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан "Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ "Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, шөнө тэнцэж Наурызийн баяраа тэмдэглэж байна. Казах түмэн маань баяраа тэмдэглэж, уулзаж, учирч, хуучин ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндэлж дээдлэх ёс уламжлал энэ өдрүүдэд үргэлжилдэг.

Наурызийн баяр манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг сайхан баяр болж, жил бүхэн уламжлал болон тэмдэглэж байдагт би туйлын баяртай байдаг. Газар орон бүхэнд, Монгол Улс даяар оршин сууж байгаа казах олон түмэн маань энэ баяраа монгол ах дүүстэйгээ хамтарч улам өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа.

Энэ жил бидэнд олсон ололт, гаргасан амжилт дүүрэн байна. Хавар цаг ирж байна. Сайхан цаг ирж байна. Энэ жилийн өвөл, хавар маш сайхан өнтэй байлаа. Наурызийн баярын өмнөхөн манай ихэнх нутгаар бидний хэлдгээр шар тос болсон цас орлоо. Хаврын өдөр жилийнхээ өнгийг даадаг гэж ярьдаг. Энэ өдрүүдэд байгаль дэлхий маань ивээж байгаа учраас энэ жил ч сайхан жил болох нь ээ. Монголын ард түмний хийж бүтээх үйлсэд улам их урам өгсөн сайхан жил байх нь ээ гэж бэлгэшээж байна. Бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Энэ бүхэндээ бэлгэшээж хандах ёстой.

Наурызийн баярын хамгийн гол онцлог бол ахмадаа, уламжлалаа хүндэтгэдэг. Бие биедээ орж зочилдог. Эв нэгдэлтэй байдаг. Ийм сайхан баяр юм. Энэ баярыг агсам согтуугүй, архигүй тэмдэглэдэг уламжлалтай. Энэ сайхан уламжлал баяр, баяр дээр улам нэмэгдэж өргөжих болтугай. Архи гэдэг ундаанаас монголчууд бүгдээрээ хол байх ёстой. Наурызийн баяр, хаврын баяр, казах түмнийхээ энэ сайхан баяраас үлгэр жишээ авах ёстой.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон орон даяар энэхүү тоглолтоо үзэх гэж байгаа нийт иргэддээ хаврын баяр, Наурызийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн маань буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай.  "Наурыз мейрамы құтты болсын! Ақ мол болсын” гэсэн Наурызийн баярын мэндчилгээг та бүхэнд дахин дэвшүүлье. Баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.