Монгол орны нийт нутгийн 77,8 хувьд цөлжилт явагдаж байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.29.Лхагва гараг/ хуралдаанаар Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонслоо.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав. 2012 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн бага хурлаас "Бидний хүсч буй ирээдүй” бодлогын баримт бичгийг баталж, өнөө болон ирээдүй үеийнхний тогтвортой ирээдүйг хангахын тулд эдийн засаг, нийгэм, байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор авч үзэхийг онцолж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах гол арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг өөрийн орны онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн. Монгол Улс ч энэхүү тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан "Ногоон хөгжлийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа нь тайлангийн хугацаанд гарсан бодлогын том өөрчлөлт болсон гэж үзэж буйгаа салбарын сайд илтгэлдээ онцоллоо. Мөн байгаль орчныг хамгаалж экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хяналт тавих гол шалгуур нь байгаль орчны төлөв байдлыг зөв тодорхойлох асуудал гэдгийг чухалчлав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, тариалангийн газарт суурьшсан иргэдийг бэлчээрийн газарт шилжүүлэн суурьшуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж, Оюутолгойн усны ашиглалтын байдал ямар байгаа болон томоохон уул уурхай дагасан усны хяналтын чиглэлээр ямар ажил хийж байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, ширгэж алга болж байгаа гол горхи, нуур цөөрөмд хяналт тавьж, анхаарч ажиллахыг сануулав. Говийн бүс нутгийн усны нөөц хомсдолтой байдаг. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож амьдрах нь өнөөдөр том асуудал болоод байна. Монгол орны нийт нутгийн 77,8 хувьд цөлжилт явагдаж байна. Цаашид төсөв хэлэлцэхэд цөлжилтийн эсрэг тэмцэхэд зориулсан хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна. Байгаль орчинг сэргээх, хамгаалахад зориулж хөрөнгийн 30 хувийг зарцуулна гэсэн ч энэ нь бодит байдалд биелэхгүй байгаа. Мод тарих бодлогын хүрээнд аймаг бүрт хөрөнгө хуваарилсан нь цөлжилтийн эсрэг авах нэг гол арга хэмжээ болж байгаа гэсэн тайлбарыг салбарын сайд хэллээ. Мөн гишүүдийн зүгээс тайланд Улаанбаатар хотын утаа 21 хувиар багассан гэж байгаа ч бодит байдалтай нийцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, Туул голыг хамгаалах, эргэн тойрныг нь тохижуулах, усан сан байгуулах ажлыг яаралтай хийхэд мэргэжлийн байнгын хороо анхаарал хандуулах хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн салбарын яам Бодлогын судалгааны хүрээлэнг яаралтай байгуулж, байгаль орчны төлөв байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх шаардлагатай байгааг онцолж байв. Хуралдаанаар "Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах саналыг 81,8 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа Зарим аймагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Онцгой Байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.
Түймэрт 40 гаруй айлын гэр, 20 гаруй өвөлжөө хаваржаа, саравч, зам ангийн нэг машин шатаж, 4000 гаруй толгой мал нэрвэгдсэн байна. Түймрийг унтраахад ОБЕГ-аас давхардсан тоогоор 1600 албан хаагч, 102 автомашин, Хилийн цэргээс 420 албан хаагч, 24 автомашин, Цагдаагийн байгууллагаас 45 албан хаагч, орон нутгаас 3000 иргэн, 543 автомашин, 60 мотоцикль, нийт 5000 гаран хүн, 418 автомашин, 47 мотоцикль, хоёр нисдэг тэрэг дайчлагдан ажилласан байна. ОХУ-аас улсын хил давж 8 удаа хээрийн түймэр орж ирсэн бол Монгол Улсаас БНХАУ-ын хил давж 4 удаа хээрийн түймэр гарчээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Говьсүмбэр, Ховд, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тус тус түймэр гарсан байна. Түймрийн эзэн шалтгаан, талбай, учирсан хохирол одоогоор бүрэн тогтоогдоогүй байна. Харин урьдчилсан байдлаар түймэр гарсан шалтгаан нь айлын үнстэй нурам болон ОХУ-аас хил давж ирсэн түймэртэй холбоотойгоор гарсан гэж тогтоожээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймэр цурамнаас дахин дахин алдагдаж байгаа тул одоо хүртэл унтраагүй байгааг ОБЕГ-ын дарга дуулгав.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Р.Бурмаа, Ж.Энхбяр, Я.Содбаатар нар асуулт асууж санал хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Сагил, Өндөрхангай суманд гарсан түймэр юунаас болж гарсныг судалж үзэж шалтгааныг тогтоосон уу, хичнээн хэмжээний хохирол учраад байна вэ. Цаг уурын нөхцөл байдал үнэхээр хуурайшилттай байсан юм бол гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ хэр зэрэг явуулсан бэ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүний асуултад ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү хариулахдаа, түймрийг унтраасны дараа ямар шалтгаанаар гарсан талаарх дүгнэлтийг Цагдаагийн байгууллага гаргадаг. Түймэр хил давж орж ирээгүй л бол хувь хүний хүчин зүйлээс хамааралтай гэж үздэг. Увс аймагт гарсан түймрийг хувь хүний хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч өгсөн хариултдаа, олон телевизүүдээр галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай шторк явуулж байгаа. Телевизүүдийн мэдээний цагаар хоёр удаа давталттай гаргаж байна. Шторк хийж үнэ төлбөргүй цацуулахаар телевизүүдэд хүргүүлсэн ч харамсалтай нь бүрэн хийгдэж чадахгүй байгаа. Цаашид энэ асуудалд мониторинг хийнэ гэв. Гишүүдийн зүгээс галын аюул гарахаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг сайжруулах шаардлагтайг анхааруулж, ОБЕГ бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан юм. Мөн ОБЕГ, ойн нөхөрлөл, малчид, байгаль хамгаалагчдын хамтарсан сургалтыг системтэй зохион байгуулах, байгалийн гамшиг, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байгаа ОБЕГ, зэвсэгт хүчний байгууллагын ажилтан болон бусад байгууллага, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хохиролд тооцох асуудлыг авч үзэх хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа. Хуралдаанаар нөхцөл байдлыг сонсч, өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс нь ярилцаж байгаа тул тодорхой асуудлаар холбогдох яам, газарт хандсан Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов.
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянгаy га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах зорилт дэвшүүлжээ. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж иргэн, томс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангасан байна.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асуултдаа, үрийн буудайг импортлох асуудлыг яагаад хүнсний салбар хариуцан зохицуулалт хийж байгаа болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хувьчлалын асуудал ямар шатанд байгааг тодруулсан юм. Үрийн буудай стратегийн хүнсэнд орж байгаа тул хүнсний салбар хариуцан зохицуулалт хийж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хувьчлалын асуудал Улсын Их Хурал дээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80 тэрбум төгрөгийн авлагатай. Өртэй аж ахуйн нэгжүүдийг судалснаар 6 тэрбум төгрөгийг аваад байгаа гэсэн хариултыг яамны зүгээс өглөө. Байнгын хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын бодлогын баримт бичгийг яаралтай оруулж ирэх, хөдөө аж ахуйд оруулж байгаа хөрөнгийн зарцуулалт, хаврын тариалалтын асуудалтай холбогдуулан шинэ трактор олгох, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгох зээлийн мэдээлэлтэй холбоотой мэдээллийг яамны зүгээс гаргаж Байнгын хороонд ирүүлэхийг протоколоор үүрэг болгов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.