Б. Түмэнжаргал, Э. Оюунсүрэн хоёр ядарсан иргэний 35 сая төгрөгийг зальдаж авчихаад шар махтай нь хатааж байна
Бусдын мөнгийг улайм цайм луйвардаж авчихаад юу ч болоогүй юм шиг машин унаад л таахалзаж явдаг цагаандаа гарсан хүмүүс мэр сэр байдаг. Иймэрхүү хүмүүс хуулийн цоорхой ашиглаад сурчихсан бас цагдаа, шүүхийнхнийг өөртөө татчихсан , тэгээд л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явдаг. Гэтэл нөгөө гэнэн итгэмтгий хохирогч нар нь шүүх, цагдаагийн үүд сахиж ёстой шар махтайгаа хатдаг. Батнасангийн Түмэнжаргал, Энхтөрийн Оюунсүрэн хоёр Д. Ариунаа хэмээх эмэгтэйн 35 сая төгрөгийг улайм цайм луйвардаж авчихаад ёстой шар махтай нь хатааж байгаа юмсанж. Тиймээс Д. Ариунаа манай сайтад хандсан юм.
Чухам юу болсон талаар товч ярина уу?
Би өөрийн гэсэн байртай болохоор Солонгост ажиллаж байж хэдэн төгрөг цуглуулсан юм. Тэгж байтал 2013 оны 8-р сарын 24-нд Батнасангийн Түмэнжаргал өөрийн эхнэр Энхтөр овогтой Оюунсүрэнгийнхээ хамт хүрч ирээд надаас 35 сая төгрөгийг маань зээлээд Та хэдийг байртай болгоно. Байрны урьдчилгаанд чинь энэ мөнгийг авлаа гэж хэлээд явсан. Гэтэл 2013 оны 8-р сарын 24-нөөс хойш бүтэн жил өнгөрлөө. Байр ч байхгүй мөнгө ч байхгүй. Энэ хугацаанд би Түмэнжаргал , Оюунсүрэн нараас мөнгөө авах гэж удаа дараа шаардсан боловч намайг өчнөөн чирэгдүүллээ. Эд нарт луйвардуулсан мөнгийг би Солонгост нойр хоолгүй ажиллаж байж цуглуулсан. Тэнд байхдаа би үйлдвэрийн осолд орж тахир дутуу болсон. Тэгээд би арга ядаад хүний нутагт цуглуулж байж олсон мөнгөө авъя гээд энэ хоёрт хандсан боловч надад өгөөгүй. Тийм учраас би Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Шүүхээс эд нарын гэм буруутайг тогтоогоод 35 сая төгрөг гаргаж өг гэж шийдвэр гарсан. Ингээд зургаан сарын хоёронд би шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх газарт аваачин өгсөн. Гэвч Түмэнжаргал, Оюунсүрэн нар хуулийн цоорхой ашиглаж миний мөнгийг өгөхгүй байна. Түмэнжаргалын аав Батнасан Архангай аймгийн прокуророор олон жил ажилласан болохоор хуулийн элдэв цоорхойг сайн мэддэг хүн. Түмэнжаргалын ээж Гансүх Нэгдүгээр сургуульд биен тамирын багш хийдэг сурган хүмүүжүүлэгч хүн. Би өөрөө Архангай аймгийн харъяат хүн. Эд нар миний нутаг усны хүмүүс л дээ. Тэгээд найдвартай байх гэж итгээд би 35 сая төгрөгөө өгчихсөн. Би өрх толгойлсон эмэгтэй, ганц хүүтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Одоо хэзээ мөдөхгүй байрнаасаа хөөгдөх гээд байна. Түмэнжаргал Оюунсүрэн нар намайг орон гэргүй болгоод хаячихлаа. Одоо би яахаа мэдэхгүй байна. Хүүтэйгээ цуг гудамжинд гарах уу яах вэ? Ядарсан намайг энгэж шар махтай нь хатаах хэрэг байна уу. Та нар миний мөнгийг өгчихөөч дээ гэж гуйж хэлмээр байна.
Та хуулийн цоорхой гэж ярилаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан юм чинь Түмэнжаргал, Оюунсүрэн нар яагаад мөнгөө өгөхгүй, чухам ямар хуулийн цоорхой ашиглаад байна.
Хуулийн цоорхой гэдэг нь юу вэ гэвэл хэсэгчилж төлж болно гэсэн хуулийн заалт байдаг юм байна. Тэгтэл Түмэнжаргал , Оюунсүрэн нар энэ цоорхойг ашиглаад сая шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр надад 30 мянган төгрөг өгөөд Хэсэгчилж төлж болно гэсэн хуулийн дагуу явж байна гэж даапаалж байгаа юм даа. Юу гэсэн үг вэ? 35 сая төгрөгийг маань улайм цайм луйвардаж авчихаад одоо болохоор 30 мянган төгрөг өгч намайг хуурах юм гэнэ дээ. Энэ чинь арай дэндэж байгаа юм биш үү? Арга зайльтай хүмүүс хэсэгчилж төлнө гэсэн энэ заалтан дээр тоглолт хийгээд явдаг юм байна. Хохирогч хүнийг энгэж тарчлааж болохгүй биз дээ. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болж байна. Луйварчдыг улайм цайм өөгшүүлсэн ийм харалган нийгэмд амьдарч байгаадаа үнэхээр гутарч байна. Бод л доо. 35 сая төгрөгөө өгчихөөд , жилийн дараа 30.000 төгрөг олж авч байна. Тэгээд би өдөр болгон шүүхийн шийдвэрийн үүдийг сахиж байна, өдөр болгон утсаар ярьж гуйж байна. Ёстой гомдмоор... эгч нь үнэхээр ядарч зүдэрч байна, хүний нутагт хуруу хумсаа зулгаан шахам олж авсан хэдэн төгрөгийг маань өгчихөөч дээ гэж Түмэнжаргал, Оюунсүрэн нараас гуйж цариа алддаг болсон. Гэвч эд нар юу ч болоогүйм шиг машин унаад л нэг их жаргалтай улс явж байх юм. Арай ч дээ би ийм харалган нийгэмд амьдрах ч гэж дээ. Надад туслаад өгөх төр засаг алга. Тэгээд арга ядан сонин хэвлэлд хандаж байна. Би ах, дүү муутай , эр нөхөр байхгүй. Одоо би яах вэ, надад туслаач ээ. Ялангуяа би Түмэнжаргалын ээж Гансүхэд хандаж хэлмээр байна. Та сурган хүмүүжүүлэгч хүн. Хүүдээ хэлээч ээ. Бусдыг битгий зовоогооч дээ. Та чинь эх хүн шүү дээ. Хүүдээ үнэн учрыг нь хэлээд өгвөл цаадах чинь бас ойлгож мэднэ шүү дээ гэж л хэлмээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар чинь их л сүрхий ажилладаг гээ биз дээ. Хамаг юмыг нь лацдаад, орон байрнаас нь шууд хөөж гаргаад их л харгис ханддаг юм гэсэн. Гэтэл яахаараа улайм цайм луйвар хийсэн Түмэнжаргал, Оюунсүрэн нарыг өөгшүүлээд байдаг юм бол? Илэрхий юман дээр яагаад эд нар ажлаа хийхгүй байгаа юм бол?
Түмэнжаргалын аав нь олон жил прокурор хийсэн, хуулийн цоорхойг их сайн мэддэг айхтар хүн байдаг юм байна. Энэ утгаараа хуулийн салбарт танил тал ч ихтэй байдаг болов уу. Хуулийн цоорхойгоор хэрхэн бултаж гарч болохыг эд нар маш их тооцоолсон хүмүүс. Тийм ч учраас Түмэнжаргал, Оюунсүрэн нар өөрсдийнхөө нэр дээр байсан бүх хөрөнгө мөнгө , байр саваа бусдад шилжүүлчихсэн ч юмуу лавлагаагаар, үл хөдлөхөөр шалгуулахад ямар ч хөрөнгө гарч ирэхгүй байгаа. Ерөөсөө луйварчин хүмүүс чинь өөр дээрээ ямар ч хөрөнгө байлгадаггүй юм байна. Тэгээд л бусдын зовлонгоор жаргал хийгээд , хуулийн цоорхой ашиглаад л явдаг юм байна. Би ийм аймаар хүмүүстэй учирчихлаа. Одоо би яах вэ? ийм хүмүүсийг төр засаг нь дийлж хүчирдэггүй, бүр оодруулчихсан байдаг юм байна. Тэгээд л Түмэнжаргал , Оюунсүрэн нар өгөх хөрөнгөгүй юм чинь хэсэгчилж төлж болно гэсэн заалтан дээр тоглолт хийгээд намайг гучхан мянган төгрөгөөр хуурч хульхидаж, даапаалж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан эд нарын хаягийг ерөөсөө тогтоож өгөхгүй байгаа. Түмэнжаргал, Оюунсүрэн нар болохоор юу ч болоогүй юм шиг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаад л явж байдаг. Хэсэгчилж төлж болно гэсэн заалтын дагуу надад сард 30 мянган төгрөг өгнө гэвэл би 35 сая төгрөгөө хэдийд олж авах болж байна аа. Энэ хооронд би өвчин зовлон тусах уу, үхэж хатах уу, орон гэргүй болоод гудамжинд гарах уу, ямар нэгэн байдлаар маш эрсдэлтэй л юманд орчихоод байна. Зальтай хүмүүс хуулийн цоорхой ашиглаад энгэж ядарсан хүмүүсийг дээрэлхдэг юм байна. Энхтөрийн Оюунсүрэн ёстой айхтар хүүхэн. Өмнө нь нийгмийн халамжийн төвд ажиллаж байсан юм билээ. Чиний мөнгийг хэзээ ч өгөхгүй чи надаас мөнгөө авна гэж бодож байна уу, хуцваа гээд Оюунсүрэн намайг үстэж аваад зодож байсан хүн. Тэгээд хүн зодсон хэргээр Сүхбааатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байлаа. Яг тэр үед шүүхийн шийдвэр миний талд гарчихсан. Тиймээс би баярласандаа болоод хүний муу үзээд яахав гээд Оюунсүрэнд зодуулсандаа гомдолгүй гээд хэлчихсэн юм. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан болохоор мөнгийг маань өгчих л юм бодохгүй юу. Одоо бодоход би Оюунсүрэнд гомдолгүй гэж хэлэх ёсгүй байж.
Цаашид та яах бодолтой байна.
Би одоо Түмэнжаргал, Оюунсүрэн нартай ясаа цайтал тэмцэлдэнэ. Ёстой хөлөө хүрэх газар явна даа. Дараачийн удаад би хэвлэлийн бага хурал зарлаж телевизүүдэд хандах бодолтой байгаа. Зальтай, луйварчин хүмүүсийг энгэж л залхааж сэрэмжлүүлэхгүй бол бусад хүмүүсийг ч тэд залилана. Одоо бас хэн нэгнийг залилчихсан яваа ч юм билүү хэн мэдлээ. Тиймээс би сэрэмжлүүлэх үүднээс энэ ярилцлагыг өгч байна. Хуулийн цоорхой ашигладаг ийм айхтар зальтай хүмүүс цаагуур чинь яваад байна шүү гэж хүмүүст хандаж хэлэх нь зөв биз. Одоо бүр телевизээр гаргана гэж бодож байгаа. Цаашдаа Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандана. Яагаад гэвэл Элбэгдорж ерөнхийлөгч их шударга юм яриад байдаг шүү дээ. Тэгээд яахав, шударга эсэхийг нь энэ хэргээр шалгаад л нэг үзнэ дээ.
Х.Хорлоо http://agshin.mn/News/1414