“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д оролцогчид “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлан гаргалаа

1296
“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д оролцогчид “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлан гаргалааМонголын Сайтын Холбооны санаачлагчаар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ерөнхий зохион байгуулагчаар нь оролцсон "Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар  форум” Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг утан 5 сарын 1-ний өдөр  Төрийн ордны Их танхимд  амжилттай болж өнгөрлөө.

Тус форумд хэвлэл мэдээллийн салбарын хүрээнд  үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн багш оюутнууд болон  монголын топ бизнесийн байгууллагуудын менежерүүд зэрэг   800 хүн оролцлоо.

Форумын Үндсэн илтгэлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид,  МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар хэлэлцүүлсэн бол Салбар илтгэлийг  Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Мөнхбүрэн "Цахим хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин”, МТШХХГ-ын дарга Ц.Жадамба "Мэдээллийн технологи, хүний хөгжлийн хамаарал”, ОӨГ-ын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж "Цахим орчин дах Зохиогчийн эрхийн асуудал”, МХХ-ийн Сургалтын албаны дарга Ц.Тамир "Монголын цахим мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал”,  МХМЗ-ийн УЗ-ийн гишүүн У.Тамир "ХМЗ-ийн үйл ажиллагааны чиглэл”,   Үндэсний дата төвийн дарга З.Энхболд "Монголын интернэтийн хөгжил”, ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгын "Насанд хүрээгүй хүүхдийг интернэтээс ”, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "Цахим ертөнц дэх зар сурталчилгааны зохицуулалт”,  Монголын Орчуулагчдын эвлэлийн  МОСАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэгийн "Цахим орчин дах хэвлэлийн эрх чөлөө”, ГЗНХ-ны ЕНБД Ц.Батбаатар "Цахим орчин дэх гэрэл зургийн зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр тус тус илтгэлүүдээ хэлэлцүүлсэн байна.

Форумын төгсгөлд илтгэлийн сэдвүүдийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын олонхийн санал дэмжлэгийг тусгасан "Улаанбаатарын  цахим тунхаг” бичгийг баталлаа. Тус тунхаг бичиг нь цахим сэтгүүлзүйн салбарын  өөрийн  зохицуулалтын  анхны баримт бичиг болж байгаагаараа онцлогтой юм.  uuu1111

Та бүхэндээ  "Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-аас гаргасан  "Улаанбаатарын  цахим тунхаг”-ийг бүрэн эхээр нь хүргэе

МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН АНХДУГААР ФОРУМ

УЛААНБААТАРЫН ЦАХИМ ТУНХАГ

 

Төрийн Ордон                                                                                             2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

 

Монгол улсын хэвлэл мэдээллийн отгон салбар болох сайтууд нь Ардчилсан нийгмийн хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалсан, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан, интернэт хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, ард иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэсэн, техник технологийн хөгжлийг нэвтрүүлсэн, зохиогчийн эрх болон оюуны өмчийг дээдлэн ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, иргэнлэг зарчмыг хангасан шинэ үеийн Цахим сэтгүүл зүйг хөгжүүлэн төлөвшүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэхийн төлөө,

Цахим сэтгүүл зүйн салбарыг улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байлгаж, сайтуудын редакцийн бие даасан хараат бус хөгжлийг хангах, үнэн бодит мэдээллийг хамгийн шуурхай олон нийтэд мэдээлэх, сайтын сэтгүүлчдэд цахим сэтгүүлч мэргэжил эзэмшүүлэх, тэдний мэдлэг, чадварыг тал бүрээр хөгжүүлэх, сайтууд болон цахим сэтгүүлчдийн эрх ашгийг ханган хамгаалах, салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө,

Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форумд оролцогчид бид энэхүү тунхагийг санал нэгтэй зарлан тунхаглаж байна.

 

  1. Сайтууд үйл ажиллагаандаа дараах зарчим, чиглэлүүдийг мөрдлөг болгоно.

1.1. Сайтууд нь үйл ажиллагааныхаа чиглэл, төрлийг хэрэглэгчдэд илт харагдахуйц хэлбэрээр сайтынхаа нүүр хуудсанд байршуулах

1.2 Мэдээллийн сайтууд нь бизнесийн үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ ард иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах

1.3  Зөвхөн өөрийн редакциас бэлтгэсэн мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, гэрэл зураг, дүрс бичлэгт өөрийн сайтын эх сурвалжийг тэмдэглэх ба ийнхүү бэлтгэсэн контентоо олон нийтийн сүлжээ болон бусад хэлбэрээр түгээж, сайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах

1.4  Шаардлагатай тохиолдолд бусад мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн бэлтгэсэн контентыг зөвхөн зохиогчийн болон тухайн редакцийн зөвшөөрөлтэйгээр, зохих эх сурвалжийг бүрэн дурьдаж нийтлэх

1.5  Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн контентыг байнга нийтлэх эрх авсан бол хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх

1.6 Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй контентыг нийтлэхгүй байх, оюуны өмчтэй холбоотой Монгол Улсын болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенци, хууль журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх,

1.7 Ямар ч нөхцөлд зохиогчийн эрх зөрчсөн контент сайтдаа байршуулсан бол эх сурвалж болон холбогдох байгууллагын анхны шаардлагаар нэн даруй зөрчлөө арилгах

1.8 Хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйн үүднээс захиалгатай, төлбөртэй контентуудыг онцгойлж, ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ, ЗАХИАЛГАТАЙ НИЙТЛЭВ, БИЗНЕС МЭДЭЭ гэх мэт таних тэмдгийг нийтлэлд заавал байршуулах

1.9 Аливаа иргэн болон хуулийн этгээдийг үндэслэлгүй мэдээ мэдээллээр гүтгэх, дарамтлах, мөнгө нэхэх зэрэг мэргэжлийн ёс зүйгүй үйлдлийг гаргахгүй байх

1.10  Сэтгэгдэлтэй холбоотой хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авах байнгын утсыг мэдээ болгоныхоо доор байршуулах бөгөөд хэрэглэгчдийн зүй ёсны шаардлага, гомдол саналыг цаг алдалгүй биелүүлэх

1.11 Хувь хүмүүс, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагад тодорхой мэдээлэлтэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх, тайлбар гаргах боломжоор хангаж ажиллах,

1.12  Сайтын редакци нь шаардлагатай бүх хэлбэрээр ил тод байдлыг хангаж ажиллах

1.13 Сайтууд нь хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдаа ил тод зарлах,

1.14 Сайтууд нь редакцийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, сэтгүүлчдийн үзэл бодол, нийтлэлийн үзэл санаа агуулгад хөндлөнгөөс оролцохгүй байх,

1.15 Сэтгүүлчид, ажилтнуудынхаа эрх ашгийг тал бүрээр хамгаалах, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол дэмжиж ажиллах

1.16 Мэргэжлийн болон мэдээллийн эх сурвалжийг нууцлан хамгаалах,

1.17 Сайтууд болон сайтын сэтгүүлч нь зөв, шударга замаар мэдээлэл олж авах,

1.18 Аливаа мэдээллийг бэлтгэх, түгээхдээ шударга, нотлох баримтаар хангагдсан, хүний эрхийг дээдэлсэн, мушгин гуйвуулсан нөхцөл байдлаас татгалзсан байх,

1.19 Нийгмийг талцуулан бутаргах, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах агуулга бүхий контентыг түгээхээс  татгалзах,

1.20 Сайтын түгээсэн контент ташаа болох нь нотлогдвол архиваасаа устгах,

1.21  Сайтын бэлтгэж түгээсэн контент ташаа болох нь нотлогдвол архиваасаа устгах, залруулга хийх,

1.22 Хэрвээ түгээсэн контент нь ташаа бөгөөд нийгэмд болон бусдад хор уршиг тарихуйц байвал түүнийг засч залруулахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах

1.23 Бизнесийн, худалдааны, зуучлалын сайтууд нь өөрийн архивт авагдсан хуурамч зар, олон нийтийг төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэлд уриалан дуудсан зар, мэдээлэл, контентыг цаг алдалгүй устгаж байх,

1.24  Хөтөч сайтууд нь бусад сайтуудын мэдээний линкийг байршуулахдаа тэгш, хүртээмжтэй байдлыг хангах,

1.25  Сошл орчинд сайтууд нь мэдээ, мэдээлэл байршуулахдаа энд дурьдсан бүх зарчмыг нэгэн адил мөрдөж ажиллах

 

  1. Монголын Сайтын Холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчим, чиглэлүүдийг мөрдлөг болгоно

2.1 Аливаа сайтын гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хууль болон ёс зүйн зөрчилгүй бөгөөд Монголын Сайтын Холбооны дүрэм, журамтай харшлах үйл ажиллагаа явуулаагүй бол гишүүнчлэлээр бүртгэх

2.2 Гишүүн сайтуудынхаа нийтлэг эрх ашгийг хангах, хамгаалах

2.3  Бусад ижил төстэй төрийн бус байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах

2.4 Цахим сэтгүүлзүйн хөгжил, сайтуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гишүүдийнхээ эрх ашгийг ханган хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай зохистой хэлбэрээр хамтран ажиллах

2.5 Цахим сэтгүүлзүйн салбарын эрүүл, зөв хөгжлийг ямагт дэмжиж ажиллах

2.6 Хууль, ёс зүйн зөрчил гаргасан сайтын алдаа дутагдлыг арилгах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллах, биелэгдээгүй нөхцөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хандан шийдвэрлүүлэх

2.7 Гишүүн сайтуудын хүрээнд Монголын Сайтын Холбооны дүрэм, журмыг сахин биелүүлэх талаар шаардлага тавьж ажиллах

2.8 Нийгмийн хөгжилд тустай аливаа санал санаачилга, хамтын ажиллагааг дэмжих

2.9  Гишүүний сайтуудынхаа бизнесийн боломж, редакцийнхаа чадавхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвхи зүтгэл гаргах

2.10 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон бусад сэтгүүлзүйн чиглэлийн мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллах,

2.11 Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүлзүйн үзэл баримтлал, үнэт зүйлсийг үргэлж дэмжих, хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох

 

  1. Цахим сэтгүүлзүйн салбарынхан бид Төр засгаасаа дараах дэмжлэгийг хүснэ

3.1 Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, интернэтийн тухай хууль, сошл орчны тухай хууль зэрэг манай салбарт холбоотой гарч болох аливаа хуулийг батлан гаргах болон шинэчлэн өөрчлөхдөө бидний санал, бодлыг тусгах, хуулийн ажлын хэсэгт оруулах,

3.2 Нийгмийн өмнө онцгой үүрэг гүйцэтгэж буй Цахим сэтгүүлзүйн хөгжлийг дэмжих зорилгоор мэдээллийн сайтуудыг НӨАТ-аас чөлөөлөх, мөн өөрийн редакцийн хэрэгцээнд худалдан авч буй компьютер, мэргэжлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх

3.3  Цахим сэтгүүлзүйн чиглэлийн сургалт, форумыг хамтран зохион байгуулах, тодорхой бодлого, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх замаар дэмжих,

3.4 Сайтуудын редакцийн бие даасан бодлогыг хангах, редакцийн бодлогод хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид нөлөөлөх явдлыг хязгаарлах чиглэлээр хууль эрхзүйн зохицуулалт хийх,

3.5  Цахим сэтгүүл зүйн салбар дахь шударга өрсөлдөөнийг ямагт дэмжих,

3.6 Шүүхийн эцсийн шийдвэргүйгээр сайтуудыг хаах, үйл ажиллагааг түдгэлзүүлэх аливаа үйлдэл, санал санаачилгыг төрийн албаны аль ч түвшинд таслан зогсоох,

 

  1. Цахим мэдээллийн хэрэгслэл ба хувь хүний сошл хуудасны ялгаа

4.1  Аливаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн гэсэн домэйн нэртэй, бие даасан вэб програмчлалтай, сервертэй эсвэл хостингтой сайтыг цахим хэвлэл мэдээллийн хэрэгслэл гэж үзэх,

4.2 Цахим мэдээллийн хэрэгслэлийн нээн ажиллуулж байгаа facebook, twitter, instagram, pinterest болон бусад сошл хуудас нь тухайн сайтын дагалдах хэвлэл мэдээллийн хэрэгслэл гэж үзэх,

4.3 Хувь хүний нээн ажиллууж байгаа сошл хуудас, аккаунт нь "Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн үүрэгтэй” гэсэн Түлхүүр үгийг толгой хэсэгтээ байршуулсан бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж тооцох,

4.4 Хувь хүний нээн ажиллууж байгаа сошл хуудас, аккаунт нь "Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн үүрэгтэй” гэсэн түлхүүр үгийг толгой хэсэгтээ байршуулаагүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл тооцох,

4.4 Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогдох хувь хүний сошл хуудсанд контент нийтлэх үйл ажиллагаа нь энэхүү тунхагт дурьдсан холбогдох зарчмыг мөрдөх,

 

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ, МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН АНХДУГААР ФОРУМД ОРОЛЦОГЧИД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>