В.Путин: Бүх дайны турш Оросыг идэвхтэй дэмжсэн Монголчууд энд байна
Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярын парадыг нээж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үг хэллээ.
Түүний хэлсэн үгнээс дайны үед Холбоотон байсан улс орнуудын гавьяаг үнэлж хэлсэн хэсгийг хүргэж байна.
"Өнөөдөр бүх гадаад улс орнуудын зочиддоо бид мэндчилж байна.
Нацизм, милитаризмын эсрэг хамтран тэмцсэн улс орнуудын төлөөлөгч нарт тусгайлан талархлаа илэрхийлье. Оросын дайчидтай хамт Улаан талбайд нийт 10 орны цэргүүд жагсаж байна.”
"Эд бол Азербайжан, Армени, Белорусь, Киргиз, Казахстан, Тажикистаны төлөөлөгчид. Энэ бол ЗХУ-ын нэгэн адил олон сая хүнээ дайнд алдсан Хятадын төлөөлөгчид. Тэд бас Ази дахь милитаризмын эсрэг тэмцлийн гол фронт болсон юм. Нацистуудын эсрэг эрэлхэг тулалдсан Энэтхэгийн дайчид. Фашистуудад харьцуулшгүй ширүүн эсэргүүцэл үзүүлсэн Сербичүүд"
"Бүх дайны турш Оросыг идэвхитэй дэмжсэн Монголчууд энд байна” гэж В.Путин онцоллоо.
"Харин өнөөдөр тэдний үр ач нар нэгэн жагсаалд хамт алхаж байна. Ялалтын баяр- бидний хамтын баяр, Аугаа Эх орны дайн бол бүх хүн төрөлхтний ирээдүйн төлөө дайн байсан юм. Бидний эцэг өвгөд хүнд хэцүү цаг үеийг туулсан. Тэд маань эцэж цуцахыг мэдэхгүй, хүний хүч чадлын хязгаарт тултал ажиллаж байлаа. Тэд амь биеэ үл хайрлан, өгөөмөр сэтгэл, жинхэнэ эх оронч чанарын үлгэр жишээг үзүүлсэн билээ” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэллээ.