0ЛГ0ЙД0Х Т0СН00С00 ДУСЛЫГ Ч ХҮРТЭЭГҮЙ АТЛАА 20 ЖИЛ ХАШГИРЧЭЭ, БИД

962

0ЛГ0ЙД0Х Т0СН00С00 ДУСЛЫГ Ч ХҮРТЭЭГҮЙ АТЛАА 20 ЖИЛ ХАШГИРЧЭЭ, БИД Хувьдаа машинтай, микротой, автобустай, ер нь бензинээр явдаг тээврийн хэрэгсэлтэй бүх хүнд нэг айдас бий. Дугаарын хязгаарлалт, зам ашигласны татвар, даатгал гээд автомашинтай холбоотой хуулийн зохицуулалт биш л дээ. Харин "шатахууны үнэ өснө” гэсэн гуравхан үгнээс тэд айдаг. Бүр ухаан алдатлаа шүү. Шатахууны үнийг 50-хан төгрөгөөр нэмэхэд нэг жолооч бус нийт массаараа хөдөлгөөнд ордог нь үүний энгийн жишээ. Уг нь монголчууд импортын шатахуунаас хараат байхаар улс биш.

 

Зүүн хязгаар Дорнодод газрын тосны арвин нөөцтэй Тамсагийн орд гэж бий. Гэм нь Бүтээгдэхүүн хуваах гэрээн дор урд хөрш рүүгээ зөөлгөсөөр олон хаврыг үзэж байна. Залгаад Сүхбаатар аймагт газрын тосны 100 км үргэлжилсэн байж болох томоохон бассейн илэрсэн нь саяхан. 

 

Цаашлаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Галба 11” талбайд суурьлуулсан 14 өрмийн 13-аас нь мөн газрын тос илэрсэн зэргээр хар алтны нөөц ар араасаа ундарсаар байна. Гэвч газрын тосны үйлдвэртэй болж хойд хөршөөсөө хараат бус байх бидний хүсэл цаасан дээрээ хэрэгжсээр өдийг хүрэв. Ганцхан тоо баримт дурдахад Монгол Улс 2014 онд газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэжээ. Тодруулбал, 1.4 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн бензин, шатахуун, шатах, тослох материал импортоор авчээ. Өөрөөр хэлбэл, 1.2 тэрбум ам.долларыг ОХУ-д "тушаасан” байх юм. Улсаараа барьцаа тавин байж зээлсэн "Чингис” бондоос 300 саяар л бага гэсэн үг. Товчхондоо "Чингис” бондын хөрөнгөөр хэчнээн км зам харгуй шинээр тавьж, томоохон бүтээн байгуулалтын ажил хийснээ шагширдаг атлаа түүнтэй нь дүйцэхүйц валютыг хойд хөрш рүүгээ урсгасан нь энэ.

 

Угтаа бол шатахууны хараат байдлаас ангижрах хамгийн энгийн арга нь газрын тос боловсруулах үйлдвэр барих гэдэгтэй бүгд санал нийлдэг. Тэгсэн атлаа хийж хэрэгжүүлэх болохоороо шав тавихаас хэтрэхгүй байгаа нь хачирхалтай. Цагаан дээр хараар бичсэнийг нь харвал өдийд Монгол Улс хоёр, магадгүй гурван ч газрын тос боловсруулах үйлдвэртэй болох байжээ.

 

1996-2000 онд "Ардчилсан холбоо” эвслийг эрх барьж байх үед канадууд Налайх дүүрэгт газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эхлүүлж байв. Бүр Налайх дүүрэгт газрын тосны үйлдвэрийн эхлэл болгож блокон хашаа барьсан байдаг. Гэвч ТЭЗҮ боловсруулах үе нь 2000 оны сонгуультай зэрэгцсэн болоод ч тэр үү хэсэгтээ мартагдсан. Улмаар сонгуулийн үр дүнгээр олонхи болсон МАХН-ыг засгийн эрхэнд гарсан үед газрын тосны үйлдвэр барих төсөл унасан юм билээ. Тодорхой хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохиролцож чадаагүйгээс төсөл бүтэлгүйтсэн гэдэг. Учир нь, газрын тос боловсруулах үйлдвэрийн ашгийн 30 хувийг Засгийн газар авахыг  хүссэн ч канадууд боломжгүй гэсэн хариуг өгчээ. Дараа нь 15 хувийг нь Засгийн газарт санал болгосон ч хэдийнэ хожимдсон юм.

 

Удаах нь Монголд үйл ажиллагаа явуулж байсан ОХУ-ын иргэн С.Паушок Улаанбаатараас холгүй төмөр замын Рашаант өртөөнд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байжээ. Жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулж, 1.6 сая тонн шатахуун гаргах хүчин чадалтай тус үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж, дэД бүтцийг нь шийдвэрлэсэн ч асуудал үүсэх нь тэр. Нэг ёсондоо С.В.Паушокийн удирдаж байсан "Алтан Дорнод Монгол” компани олборлосон алтаа Монголбанкинд тушаагаагүй болохыг татварынхан илрүүлж торгууль ногдуулсан байдаг. Гэвч С.Паушок тэргүүтэй тус компанийн удирдлагууд үүнийг үл хүлээн зөвшөөрч Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн юм. Хэдийгээр Арбитрын шүүх Монголын талд шийдвэрээ гаргасан ч Рашаант өртөөн дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил замхарсан билээ.

 

Хамгийн сүүлд Японы "Тоёо инженеринг”, "Марубени” корпорацийн 600 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болж 2011 оны аравдугаар сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй албаныхан очиж шав тавьж байлаа. Гэвч мөн л сонгуулийн өмнөх жилтэй таарсан болоод ч тэр үү энэ үйлдвэр мөн л сураг алдарсан. Бүр өмнөх Засгийн газрын үед төслийг боловсруулаад явж байсан Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр удаах засгийнхаа үед өөрчлөгдсөн. Тодруулбал, өмнөх Засгийн газрын үед төрийн оролцоо 40 хувь байсан Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийг удаах Засгийн газар нь 51хувь болгон нэмэгдүүлсэн юм. Уг нь газрын тосны үйлдвэр барихад төр оролцоод эхлэхэд хувийн хэвшлийнхэн тийм ч таатай ханддаггүйг канадуудын жишээ гэрчилнэ. Тэгээд ч Японы олон улсын хамтын ажиллагааны банкны сая ам.долларын буцалтгүй зардлаар ТЭЗҮ-ийг нь хийсэн юм билээ. Гэвч Дархан газрын тос боловсруулах үйлдвэр өнөөдрийг хүртэл ажин түжин байдалтай байна. Сүүлд зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргуулснаа Аж үйлдвэрийн сайд тодотгосон.

 

Эдгээр байршилд ТЭЗҮ боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулснаар ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэдгийг ч тэрээр тодотшсон. Г эхдээ өмнөх ажлаа эцэслэн шийдээгүй байж дараагийнх руу нь ханцуй шамлан орох нь хэр оновчтой вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

 

Биднийг ингэж суух зуур хойд хөршдөө тушаах валютын хэмжээ өссөөр байгааг санахад илүүдэхгүй. Тэр үед өнгөрсөн оныхоосоо илүү валютыг ОХУ руу гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хүний хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүй. Тэгээд ч тэдэн тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авчээ гэж халаглаж суухгүй нь лав.

 

Нөгөө талаас төрийн залгамж чанар төдийлөн төлөвшөөгүй мерит зарчим алдагдсан манайд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь тийм ч таатай биш гэдгийг зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэр барих гээд "бүтэлгүйтсэн” эдгээр жишээнээс харж болно. Ядаж л Тавантолгой, Оюутолгой гэсэн улстөржилтөөсөө бага боловч холдоод энэ мэтчилэн төслүүдээ урагшлуулмаар байна. Олгойдох тосноосоо дуслыг ч хүртээгүй атлаа 20 жил орилжээ, бид.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>