|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Хятадын тэнгист юу болоод байна вэ

Өмнөд Хятадын тэнгист Спратли ба Параселийн гэсэн хоёр бүлэг арал бий.

Арал ч гэж дээ. Үнэндээ дийлэнх нь уснаас цухуйсан хадан цохио, маш жижиг арлууд юм. Спратлигийн арлууд л гэхэд 750 арлаас тогтох хэрнээ хуурай газрын талбай нь дөнгөж дөрвөн ам дөрвөлжин километр. Параселийн 130 арлын хуурай газар 7.7 ам дөрвөлжин километр хэмжээтэй. Гэхдээ эдгээр арланцар Өмнөд Хятадын тэнгисээр нэг тархан байрладаг болохоор ойр орчмын тэнгис далайн талбайтайгаа нийлбэл нэлээд том.

Спратлигийн бяцхан арлуудын төлөөх тэмцэл

Спратлигийн арлууд Өмнөд Хятадын тэнгист 425 мянган шоо дөрвөлжин километр талбай эзлэх бол Параселийн арлуудынх 15 мянган хавтгай дөрвөлжин километр болдог. Хүн оршин сууж байсан түүхгүйгээс эдгээр арлыг өнөөдөр бараг л Зүүн өмнөд Азийн далайд гарцтай улс бүр булаалдаж, бүс нутгийн тогтвортой байдлыг ганхуулж байна. Параселийн бүлэг арлыг БНХАУ хянадаг ч Тайвань, Вьетнам гурав газар нутгийнхаа нэгээхэн хэсэг хэмээн үздэг. Спратлигийн арлуудын нөхцөл байдал үүнээс хавьгүй төвөгтэй. Хятад, Вьетнам, Бруней, Малайз, Филиппин, Тайвань гэсэн улсуудын эрх ашиг энд зөрчилддөг.

Хэдийгээр хуурай газрын хэмжээний хувьд энэ хоёр бүлэг маш жижиг ч эзэн сууж чадсан улс нь Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоох боломжтой юм. Өдөрт л энэ бүс нутгаар 270 ачааны хөлөг онгоц дайран өнгөрдөг бөгөөд энэ нь дэлхийн усан ачаа тээврийн талаас илүү нь гэсэн үг. Нөгөө талаараа Өмнөд Хятадын тэнгис нь байгалийн баялгаар нэн баялаг. БНХАУ-ын Геологи уул уурхайн нөөцийн яамны судалгаагаар Өмнөд Хятадын тэнгисийн газрын тосны нөөц 17.7 тэрбум баррель. Бусад эх сурвалжийн мэдээлж буйгаар нөөцийн хэмжээ хятадуудын мэдэгдэж байгаагаас харьцангуй бага. Гэхдээ Кувейтийн нийт газрын тосны нөөц л гэхэд 13 тэрбум баррель гэдгийг санах хэрэгтэй. Харин байгалийн хийн нөөц нь 25-55 их наяд шоо метр тонн гэсэн тооцоо бий.

Вьетнам улс 1978 оноос хойш энэ бүс нутгаас газрын тос олборлож буй. Ингэснээр бүс нутагтаа зургаад орох газрын тос олборлогч болжээ. Харин БНХАУ 2012 оны хавраас газрын тос олборлож эхэлсэн бөгөөд энэ бүс нутгаас газрын тос болон байгалийн хий олборлоход зориулан ирэх 20 жилд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулах аж. Нийлбэр дүнгээр 25 сая тонн байгалийн хий болон газрын тос олборлох төлөвлөгөөтэй. Мөн Өмнөд Хятадын тэнгис далайн хүнс, загасаараа алдартай бөгөөд дэлхийн далайн хүнсний найман хувийг энэ бүс нутгаас хангадаг.

БНХАУ МЭӨ III зууны үеэс Хятад далайчид Спратлигийн арлуудаас загасчилдаг байсан тухай гэрчилдэг. Ямартай ч тухайн үеийн Хятадын нэгэн династи болох Жингийн үеийн сурвалж бичгүүдэд эдгээр бүлэг арлуудын болон тийш харуулын хөлөг онгоцууд илгээж байсан тухай дурдагддаг. Тан, Сүнгээс эхлээд Юань, Минь династийн үед арлууд дээр хятад хүн очиж байсныг батлах эдлэл хэрэглэлүүд ч олддог. Вьетнамын хувьд XIX зууны эхэнд Параселийн арлууд руу экспедиц явуулж, 1835 онд нэг арал дээр нь Буддын суварга босгож байсан. Харин 1929 онд тухайн үед Францын колони байсан одоогийн Вьетнамаас Параселийн арлуудыг газар нутгийнхаа нэгээхэн хэсэг хэмээн зарлаж байсан түүхтэй.

Үүний дараа 1934 онд Франц Спратлигийн бүлэг арлыг Индочайнагийн колонийнхоо нэг хэсэг гэж үзэх болсон. Энэ шийдвэрийг Хятадаас гадна тухайн үед одоогийн Малайзыг колоничилж байсан Их Британи эсэргүүцэж байв. Гэтэл 1938 онд Хятад Японы дайны хүрээнд Японы арми Спратли болон Параселийн арлуудад хяналтаа тогтоосноор газар нутгийн маргаанд оролцогч тал нэгээр нэмэгдэв. 1944 онд дэлхийн II дайнд Японы эзэнт гүрний эзлэн авсан бүс нутгийг цаашид хэрхэх талаар АНУ, Их Британи, Хятадыг төлөөлж Гоминданы буюу Чан Кай Шигийн Засгийн газар Каирт хэлэлцээний ширээний ард суусан түүхтэй. Энэ уулзалтаар Японыг ялсны дараа эзлэн авсан газар нутгийг бүхэлд нь эргүүлэн Хятадын талд өгөх шийдвэрт хүрсэн юм.

Гэхдээ Каирын гэрээнд Парасел, Спратлигийн арлуудын талаар дурдагдаагүй бөгөөд одоогийн БНХАУ-ын маргаантай арлуудаас Сенкакүг л Тайваний хамтаар Хятадын талд шилжүүлэх тухай тусгасан байдаг. Ингээд Япон дайнд бууж өгсний дараа буюу 1947 онд Гоминданы Засгийн газраас "11 шугам” нэртэй Спратли болон Параселийн арлуудыг нэмээд Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь Хятадын нэг хэсэг гэж үзсэн баримт бичгийг үйлдэв. Хоёр жилийн дараа эх газарт коммунистууд ялж, Гоминданы засаг захиргаа Тайвань руу зугтан гарч, БНХАУ байгуулагдсаны дараа Маогийн засаг захиргаа уг бичиг баримтыг "Есөн шугамт” болгон өөрчилж, үзэл суртал нэгт Вьетнамд найр тавьж, Тонкины булангийн газраасаа сайн дураар татгалзсан байдаг.

Одоо Тайвань болон БНХАУ аль аль нь энэ бичиг баримтыг хүчин төгөлдөр гэж үзсэний үр дүнд Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг нэхэмжилдэг. 1956 онд Тайваний арми Спратлигийн бүлэг арлуудын хамгийн том болох Итү Абагийн арал дээр байнгын цэргийн баазаа байгуулсан түүхтэй. Энэ бол Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай нутагт дур мэдэн суурьшил байгуулсан анхны тохиолдол байсан юм. Тэр жил нь өөр нэг арал дээр нь Сайгон төвтэй Өмнөд Вьетнам тугаа хатгасан бөгөөд 1929 оны буюу Францын колони байсан үеийн бичиг баримтаа эш үндэс болгов.

Филиппинүүд ч зүгээр хараад суусангүй. Томас Клома гэх нэртэй сэргэлэн эр Res Nullius буюу эзэмшигчгүй газар нутагт эзэмшлээ тогтоох олон улсын харилцааны зарчмын дагуу 53 арлыг өөрийнхөө гэж мэдэгдээд, "Эрх чөлөөний нутаг” нэртэй улс байгуулснаа зарлав. Хожим Филиппиний Засгийн газар Кломаг баривчилсан бөгөөд тэрээр 53 арлаа Засгийн газартаа нэг песогоор зарахаас өөр аргагүй болсон юм. 1974 онд Параселийн арлууд дээр Өмнөд Вьетнам ба БНХАУ-ын хооронд мөргөлдөөн гарч, 50 хүн амиа алдсан түүхтэй. Үүнээс хойш Параселийн бүлэг арлууд бүхэлдээ БНХАУ-ын хяналтад орсон. Эдүгээ эх газраас жуулчдыг ч хүлээн авах болжээ.

Гэхдээ Тайвань, Вьетнам хоёр ч Параселийн арлуудыг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үзсэн хэвээрээ үлдсэн бөгөөд үе үе ойр орчимд нь загасчилсан Вьетнамын загасчид Хятадын цэргийнхэнд баригдаж, хоёр орны маргаан хурцаддаг. Харин Спратлигийн арлуудын асуудал үргэлжлэн төвөгтэй хэвээр үлдсэн төдийгүй маргаанд оролцогч талууд улам нэмэгдэв. Малайз 1983 онд эргээс 200 далайн миль хүртэлх талбай тухайн улсад харьяалагдах тухай НҮБ-ын Тэнгисийн конвенцийн дагуу Спратлигийн хоёр арал дээр баазаа байгуулав. Хөрш Бруней ч дутсангүй дараа жил нь тухайн конвенцийн дагуу эзэмшлээ тогтоов. Одоогоор Спратлигийн арлуудаас Вьетнам 29-д нь, БНХАУ, Филиппин тус тус наймд нь, Малайз тавд нь, Бруней хоёрт нь, Тайвань нэгт нь хяналтаа тогтоогоод байгаа.

БНХАУ-ын хувьд 1988 онд анх удаагаа Спратлигийн арлуудын нэг дээр суурьшлаа байгуулсан бөгөөд энэ нь цэргийн бус, эрдэм шинжилгээний зориулалттай бааз байв. Харин өнгөрсөн жилээс эхлэн БНХАУ Спратлигийн арлууд дээр суурьшил үүсгэж, цэргийн баазууд байгуулах үйл явц нь эрс идэвхжиж эхэлсэн нь хөршүүдийнх нь төдийгүй АНУ-ын санааг ихээхэн зовоож байгаа. Вашингтоны хувьд Хятадын түрэлтийг зогсоохын тулд Зүүн өмнөд Ази болон Өмнөд Хятадын тэнгист ихээхэн идэвхтэй гадаад бодлого явуулдаг бөгөөд Өмнөд Хятадын тэнгист бүс нутгийн холбоотнуудтайгаа үе үе цэргийн сургуулилт хийдэг.

Ялангуяа хүү Бушийн дэглэмийн үед ийм хээрийн сургуулилтын тоо эрс нэмэгдэж байсан түүхтэй. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Филиппиний армитай хамтран Палаваны орчим цэргийн сургуулилт амжилттай хийсэн. Гурван жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанд БНХАУ-ын эсрэг талуудыг дэмжинэ гэдгээ мэдэгдэж байсан.

Харин Бээжингийн зүгээс энэ маргаанд АНУ оролцох эрхгүй гэж үздэг. Ямартай ч дэлхийн худалдааны эргэлтийн нэг гол бүс нутаг дахь улс орнуудын газар нутгийн маргаан энхийн замаар шийдэгдэх нь оролцогч талуудад төдийгүй дэлхий ертөнцөд чухал билээ.

Г.Баярсайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.