Хүйтэн дайны үеийн сансарын өрсөлдөөн - 1
Сансарын аялал нь удаан хугацааны туршид мөрөөдлөөс хэтрээгүй юм. Гэхдээ энэхүү мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хоёр эрдэмтэн өөрсдийн бүхий л амьдралаа зориулжээ. Тэдний нэг нь Сергей Павлович Королев юм. Түүнийг Зөвлөлтийн сансар судлалын хөгжлийн төлөө засан хүмүүжүүлэх газраас суллаж байв. Королевийн өрсөлдөгч нь Бернер Вон Браун. Хэдийгээр сансарын технологийн анхдагч гэж нэрлэж болох боловч түүнд нацист намын гишүүн хэмээх хар бараан өнгөрсөн түүх байв. Хоёр их гүрний өрсөлдөөнд татагдан орсон тэрхүү хоёр суутан технологийн хүлээсэнд баригдалгүйгээр сансарын аяллыг бодит байдал болгох гэрэлт ирээдүйг бүтээлцэж, түүхэнд дурсагдах томоохон сорилтуудыг давжээ.
1. Пуужингийн технологийн өрсөлдөөн
1944 оны 9 сарын 8, дайнд ялагдаж эхэлсэн Гитлер тухайн үеийг хүртэлх түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг, шинэ зэвсэгийг ашиглах тушаал өгчээ. Дууны хурднаас 4 дахин өндөр хурд бүхий Ви2 пуужин 320 км зайд байх Лондон хотод 6 минутын дотор хүрч, цохилт өгч эхлэв. Холбоотны армид тэрхүү хүчирхэг зэвсэгийг эсэргүүцэх ямар ч арга байсангүй. Иймд америкийн армийн хошууч Роберт Стеивэр Ви2 пуужингийн тухай мэдээлэл цуглуулахаар Лондонд иржээ. Үнэндээ Ви2 пуужин Холбоотны армийн технологиос 25 жилээр түрүүлсэн байв. Америкчууд Ви2 пуужинг тухайн үед шинээр бүтээж байсан цөмийн цэнэгтэй нэгтгэж түүхэн дэх хамгийн хүчтэй зэвсэг бүтээхийг зорьж байв. Пуужингийн технологи, хөөргөх системийн тухай ямар ч мэдлэггүй байсан Америк уг пуужинг зохион бүтээгчийн хамт Зөвлөлтчүүдийн гарт орохоос өмнө олзлон авахыг эрмэлзжээ.
Гэвч Зөвлөлтийн цэрэг илүү хурдан довтолж, Германы хойд нутагт Вон Брауны удирдаж байсан пуужигийн баазад ойртож очив. Тэд замдаа Польшийн газар нутгийг чөлөөлөх явцад германчуудын үлдээсэн Ви2 пуужинг олж, Москва луу илгээжээ. Ви2 хүчний хувьд оросын пуужингаас 2 дахин илүү, тракторыг 100 км өндөрт хөөргөх чадалтай байв. 1945 оны 2-р сараас хойд германы Пийнмундэд байрлах пуужингийн баазын ойролцоо германы дүрвэгсэд нүүдэллэж эхэлжээ. Төрөлх Герман улсын төлөө тулалдахаас татгалзсан хүмүүсийг Нацист намын цэргүүд (Schutzstaffel буюу Эс Эс) цаазлаж байв. Хэдийгээр хориглон байлдах тушаал авсан боловч технологийн нууцаа оросуудад алдахгүйн тулд Вон Браун пуужингийн баазын судлаачдыг нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн байна. Шаардлага багатай бичиг баримтуудыг шатааж устгажээ. Мөн цаазлуулахаас айлгүйгээр шилжилт хөдөлгөөний зөвшөөрлийн бичгийг хуурамчаар үйлдэж, газар нутгын төв хэсэгт байрлах пуужингийн үйлдвэрийг зорьжээ.
Түүний амь насаараа дэнчин тавьж, хамгаалсан бичиг баримтууд дунд алсын зайн пуужин, сансарын капсул зэрэг хүн төрөлхтөнг сансарт хүргэх зураг төслийн ноорог агуулагдаж байв. Вон Браун хүүхэд ахуй үеэс эхлэн сансар судлалд татагджээ. Түүний сонирхолд ихээхэн нөлөөлсөн бүтээл нь Хермон Обертийн зохиолоор бүтээгдэж, 1929 онд дэлгэцнээ гарсан "Сарны эмэгтэй" кино юм. Кинонд олон шатлал бүхий пуужин, дэлхийн тойрог зам зэрэг сансарын аялалын ирээдүйг илэрхийлсэн байв. Хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн залуу Вон Браун сонирхогчдын пуужин бүтээх бүлэгт элсчээ. Түүний төрөлхийн авъяас тун удалгүй шинэ зэвсэг бүтээх оролдлого хийж байсан нацистуудын анхааралд өртсөн байна. 1938 онд нацист намд элсэж, пуужингийн судалгаанд оролцох байрь сууриа нэмэгдүүлэхийн тулд Эс Эс-ийн офицер болжээ.
Харин зөвлөлтчүүд америкт дагаар ороогүй пуужингийн судалгаанд оролцож байсан хүмүүсийг Ви2-ын үйлдвэрийн ойролцоох хотуудаар эрж, хэд хэдэн мэргэжилтэнг олжээ. Вон Брауны ойрын туслагчдын нэг Хелмит Гродруф Королевын багт нэгдсэнээр Ви2 пуужингийн хөдөлгүүрийг амжилттай ажиллуулж чадав. Гродруф германд үлдэх нөхцөлөөр шинэ багийн ахлагч болсон боловч Сталин өөр бодолтой байжээ. Тэр германчуудад талархах үдэшлэг зохион байгуулж, түүнд оролцох нэг ч орос хүн архи хэрэглэж болохгүй хэмээн тушаав. Өглөөний 3 цагт эсэргүүцэх чадваргүй болтлоо согтсон германчуудыг Зөвлөлт улсад илгээхээр ачааны машинд суулгажээ. Түүнээс хойш нийт 92 удаагийн тээвэрлэлтээр пуужигийн эд анги болон герман судлаач инженерүүдийн гэр бүлийг орост илгээв.
Энэ үед Сталин Королевийг дуудаж, германчуудаас аль болох их зүйлийг мэдэж авах, пуужингийн туулах зайг нэмэгдүүлэх үүрэг өгчээ. Ийнхүү Москвагийн ойролцоох үйлдвэрт германчууд Ви2 пуужингийн хэдэн мянган ангийн зургийг зурж эхлэв. 2 жилийн дараа зураг бэлэн болсон ч Королев аль хэдийн шинэ гэгдэхээ больсон технологиор Сталины хүслийг биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байв. 1948 оны 9 сарын 17-нд зөвлөлтөд үйлдвэрлэсэн анхны Ви2 пуужингийн туршилт хийх мөч ирэв. Гэвч пуужингийн хөдөлгүүр ассангүй. Туршилт бүтэлгүйтсэний хариуцлага цахилгаан хэлхээг хариуцаж байсан герман инженер Гинзбургт ирсэн боловч Королев түүнийг хамгаалж авч үлджээ. 2 дахь удаагийн туршилтаар пуужин амжилттай хөөрсөн боловч, агаарт дэлбэрэв. Королев Ви2-ын технологи хоцрогдсон тул төслийг тэгээс эхлүүлж, илүү хөнгөн, илүү хүчтэй пуужин бүтээхээр шийдэв. Шинэ загвар хэд хэдэн шатлалаас бүрдэнэ. Түлшний сав хоосрох үед түүнийг салгавал пуужин илүү хөнгөн болж, хол зайг туулна.
Королев шинэ пуужин зохион бүтээж эхлэх үед Вон Брауны байдал тийм ч сайн бус байв. Түүнийг германд буцаах ёстой гэсэн санал америк эрдэмтдийн зүгээс гарч байжээ. Удалгүй хоригдлуудыг үйлдвэрт ажилуулах санаа Вон Брауных байсан нь тодорхой болсон ч энэ тухай мэдээлэл америкын ард түмний сонорт хүрээгүй юм. 1949 оны 9 сарын 25-нд Королевийн шинээр бүтээсэн, дайны дараах зөвлөлтийн анхны P1 пуужинг хөөргөж туршив. Туршилт амжилттай болж, шинэ пуужин Ви2-оос 2 дахин хол, 500 км зайг туулав. Үүгээр Гродруф нарын герман инженерүүдийн үүрэг дуусгавар болж, тэд 3 сарын дараа нутаг буцжээ. Ийнхүү сансарыг эзэмшихэд чиглэсэн Хүйтэн дайн эхлэв. Засан хүмүүжүүлэх газрын хоригдол байсан хүн өрсөлдөөнд нэг алхам түрүүлсэн зөвлөлтийн хувьд үнэт зүйл нь болон хувирч, барууны халдлагаас сэргийлэх үүднээс түүний тухай бүхий л мэдээллийг нууцлах болжээ. Үүнээс хойш түүнийг зөвхөн "ерөнхий зохион бүтээгч" гэх болов.