Монголчуудын цус ойртолт Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ

930

Сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихсэж хөдөө орон нутгийн хүн ам цөөрсөн  нь цус ойртолын гол шалтгааны нэг болсон талаар албаны хүмүүс мэдээлж байна. Нэлээд олон жил яригдсан энэ асуудал өдгөө "Үндэсний аюулгүй байдал” болон хүн амын удмын сангийн аюулгүй байдалд заналхийж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Монгол Улсын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа.

 

Цус ойртолт Үндэсний аюулгүй байдалд "заналхийлж” байна

 

НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Энхмаа

 

-Манай улсын хүн амын цус ойртолтын өнөөгийн түвшин ямар шатанд явж байна гэж та харж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Хүн болгон өөрийн хоёр өвөө, хоёр эмээгээ мэддэг. Харин үүнээс дээд үеэ бараг мэддэггүй. Тиймээс л залуус маань ойр дотны хамаатан садан биш бол бид ямар нэгэн төрөл садангийн хүмүүс биш хэмээн хар ухаанаар бодоод гэрлэж, үр удмаа үлдээж байна. Гэтэл хүний гень бүтэн 9 үе болж байж хамааралгүй болдог. Харин энэ үеийн хүмүүс хоорондоо цусан төрлийн холбоотой байдаг. Ингээд бодохоор манай улсын хүн амын цус ойртолт өнөөдөр аюулын түвшинд хүрээд байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болоод байна.

 

-Үнэхээр аймшигтай юм аа. Цус ойртолт аюулын түвшинд хүрээд байгаагийн гол шалтгаан удам угсаагаа мэдэхгүй байгаагаас болж байна гэсэн үг байх нь ээ. -Энэ байдал хүн бүр санаа тавьж хүчин зүтгэхгүй бол улс орон ч устаж үгүй болох аюултай биз дээ?

 

-Нэг бодлын тийм л дээ. Гэхдээ Монгол хүн амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр энэ байдлыг төрийн хар хайрцагны бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол манай улс хэдэн жилийн дараа цус ойртолтоос болж мөхнө гэж хэлэх үнэхээр зохимжгүй. Харин энэ байдал нэгэнд судалгааны үр дүнд батлагдсан болохоор удам угсаагаа мэддэг, угийн бичгийг дүрэм журмынх нь дагуу хөтөлдөг, аймаг, сум дамнаж гэр бүл болдог энэ байдалд л анхаарлаа хандуулах нь бидний үүрэг болоод байна.

 

-Ер нь цус ойртолтын хамгийн аюултай шинж тэмдэг нь юу байдаг юм бол?

 

-Цус ойртолтыг сүүдэр мэт дагаж явдаг нэг зүйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал байдаг. Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч Монгол Улсын оюуны хомсдолын тархалт ямар байгаа, цус ойртолтын нөлөөлөл нь хэр байна зэргийн судлаж байна. Ер нь цус ойртолын аюул үнэхээр их гэдгийг хүн бүр маш сайн ойлгох нь л чухал.  

 

-Иргэдийн дунд ах, дүү хамаатан садан гэдгээ мэдсэн мөртлөө суучихсан тохиолдол байдаг. Тэдний дундаас төрсөн хүүхдүүд ч ямар нэгэн гаж нөлөөгүй байх үзэгдэл ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр цус ойртолтын сөрөг үр дагавар хэдий үе дээр илэрдэг юм бэ?

 

-Үүнийг шууд хэлэх боломжгүй. Цус ойртолтоос үүдэж маш олон төрлийн гажиг илэрдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд л хүүхдийн биеийн тархлаа сул, өвчинд өртөмтгий зэрэг шинж тэмдэг илэрч болно. Үүнийг хүмүүс цус ойртолтоос боллоо гэж мэдэхгүй байх тохиолдол зөндөө шүү дээ. Ер ньтөрөл садангийн хүмүүс гэр бүл болж, үр хүүхэд төрөөд шууд ямар нэгэн гажиг илрэхгүй байж болно. Гэхдээ л эцсийн үр дүнд нь маш аймшигтай, аюултай.

 

-Ер нь аймаг бүрээр нь цус ойртолтын түвшинг авч үздэг байх. Аль аймагт энэ асуудал их байх юм бэ?

 

-Шууд тэр аймаг цус ойртолт ихтэй, тэр нь багатай гэж хэлэх нь зохимжгүй. Харин цус ойртолт илрээгүй нийслэл, аймаг, сум, баг гэж байхгүй. Ямар нэгэн хэмжээгээр бүгдэнд нь цус ойртолтын хэмжээ илэрсэн. Ингээд бодохоор цус ойртолт үнэхээр Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдалд заналхийж байгаа нь ойлгомжтой байгаа биз.

 

-Хөдөө орон нутагт цус ойртолт их байдаг нь гэх яриа байдаг. Энэ үнэхээр үндэслэлтэй байдаг юм болов уу. Судалгаагаар тогтоогдсон зүйл байгаа юу?

 

-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн маш явагдаж байна. Мөн хичээлийн шинэ жил болохтой холбоотойгоор намар болгон орон нутгаас оюутанууд олноороо ирдэг. Тэгэхээр хөдөө орон нутагт хэр хэмжээний хүн амын сийрэгжилт үүсэж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн Монголчууд бид сүүлийн 90 орчим жил угийн бичгээ хөтлөхөө больсон. Үүнээс болж цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл бий болоод байна. Энэ нь зөвхөн орон нутагт биш нийслэлд ч ийм хандлага ажиглагдаж байна.

 

-Тэгвэл цус ойртолтын газарзүйн тархалтын хамгийн их голомт хаана байна вэ?

 

-Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм.

 

Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нүүдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг хүлчихсэн. Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавартай.

Ингэж хүн амын дотор цус ойртолт чимээгүй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна.

 

-Тэгэхээр нийслэлд ч гэсэн цус ойртолт байгаа гэсэн үг үү?

-Хүмүүс "Нийслэлд цус ойртолт гайгүй, Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь уруугаа цус ойртолт их” гэдэг. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дүүгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг. Түүнээс биш орон нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь ховор.  Ер нь хүмүүс цус ойртолт гэхээр өөрөөсөө алс зайд ойлгодог. Өнөөдөр танай аймаг цус ойртоод хэцүүдлээ, манай аймаг бага байна гэж хоорондоо мэтгэлцэх шаардлагагүй шахам болчихож. Иймээс нийслэлд цус ойртолт бага, орон нутагт илүү гэж хэлэхэд хэцүү. Зарим хүн өөрөөсөө дээш есөн үеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн үеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгүй.

 

-Яагаад тэр юм бол. Хүмүүс ааваасаа дээш 9 үеэ мэдэхэд л хангалттай гэж ойлгодог шүү дээ?

 

-Хүн өөрийнхөө эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ бүрэн мэддэг бол есөн үеэ мэддэг гэж тооцно.  Хүн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг. Цаашилбал, өвөө, эмээгийн цусны 25, 25 хувь гэхчилэн хоёр дахин багасч дээш явсаар ес дэх үе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг. Өөрөөр хэлбэл "Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг Монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл энэ. Иймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэж л хэлж, захимаар байна даа.

 

 

-Төрөлхийн хөгжлийн гажиг цус ойртолттой холбоотой юу?

 

-Сүүлийн жилүүдэд төрөлхийн гаж хөгжилтэй нярай олон төрөх болсон. Олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөхөд, цаг бусаар эндэхэд цус ойртолт баталгаатай нөлөөлж байна. Иймээс хүн ам дахь цус ойртолтыг бууруулах, цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээ авахгүйгээр хүн амынхаа өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулна гэж ярих хэрэггүй. Гаж хөгжилтэй төрж байгаа хүүхдүүд ч үүнд хамаатай.  Хүн амын өвчлөл, нас баралтад агаарын бохирдол, архи, тамхи, хоол хүнсний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдээж. Гэхдээ эдгээр хүчин зүйлтэй харьцуулахад цус ойртолтын өнөөгийн төвшин голлон нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Цус ойртолтоос гарах нь зөвхөн биднээс хамаарах асуудал. Гаднаас зээл тусламж аваад шийднэ гэж байхгүй. Юун түрүүн Монгол Улсын иргэн, өрх бүр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй.

 

-Цус ойртолт ямар учраас урагт сөргөөр нөлөөлдөг юм бол. Үүнийг энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

 

-Хүн болгонд ээж, ааваас далд хэлбэрээр удамшиж авдаг муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Гэтэл цус ойртсон гэрлэлтээр нөгөө далд байсан муу шинжийн генүүд хоорондоо ижилсэх магадлал ихсэж, өвчин болж гаднаа илрэх нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр төрөлхийн удамшлын өвчин согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх, нөгөө талаар хүний бие бялдрын хөгжил их давжаа болдог, аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа суларч доройтдог, юмыг их хурдан түргэн сэтгэдэг оюун ухааны ир мохоо болж ирдэг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтно. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл л дээ.

 

-Цус ойртолтын талаарх мэдээлэл анх манай улсад хэдий үеэс эхлэн бүртгэгдэж эхэлсэн юм бэ. Өнөөдрийн энэ судалдгааг та бүхэн хэдий хугацаанд хийв?

 

-Анх Увс аймгийн Тариалан сумын хотончууд гол төлөв дотроо гэрлэдэг учир цус ойртсон, төрөлхийн өвчин, согогтой хүүхэд олон төрдөг гэх яриа 1970-аад оны эхээр нэлээд дэлгэрсэн гэдэг. Тиймээс 1974 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс Увс аймгийн Тариалан сумын хотон ястны хүн амд генетикийн судалгаа хийх даалгаврыг тэр үеийн Биологийн хүрээлэнгийн антропологийн /хүн судлалын/ тэнхимд өгсний дагуу хүн судлаач эрдэмтэн Ж.Батсуурь антропологи-генетикийн судалгааг эхэлсэн түүхтэй.

Ингээд Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь багш маань шавь нарынхаа хамт 1974 оноос хойш 40-өөд жилийн турш Монголын хүн ам дахь генетик процессийн онцлог, гэрлэлтийн байдал, цус ойртолтыг судалсны дүнд хүн амын доторхи цус ойртох үзэгдлийн учир шалтгаан, өнөөгийн төвшин, түүний уршигт үр дагаврыг эдүгээ бүрэн тогтоогоод байна. Бид өнөөдрийн энэ судалгаар дээрх бүх судалгаан дээр тулгуурлан сүүлийн найман жилд хийсэн.

 

-Тэгвэл Монголчууд ер нь яг хэдэн үеэ мэддэг гэсэн судалгаа байдаг юм болов уу?

 

-Энэ талаар бол судалгаа байхгүй ээ. Гэхдээ иргэдээс санал асуулга хэлбэрээр асууж үзэхэд ихэнх нь л хоёр, гурван үеэ мэддэг гэж хариулдаг юм билээ. Ер нь бол хамгийн ихдээ өөрийн дөрвөн үеэ л мэдэх байх.

 

-Монголчууд угийн бичгийг хэдий үеэс хөтөлж эхэлсэн байдаг юм бол?

 

-Монголчууд эрт дээр үеэс л аман болон бичгийн хэлбэрээр угийн бичгийг хөтөлж байсан юм билээ. Харин 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч Монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичиг хөтлөхийг болиулчихсан. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа дунджаар 25 жил гэж тооцдог.

Өөрөөр хэлбэл миний хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Тиймээс энэ хугацаагаар тооцвол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрсөн байгаа юм.

 

-Өнөөдрийн байдлаар угийн бичгийн хөтлөлт хэр үр дүнтэй байна вэ?

-1997 онд Засгийн газрын тогтоол гарч Монгол хүн овгоо сэргээж эхлэхдээ буруу сэргээж будлиан үүссэн. Яагаад гэвэл, овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл. Гэтэл өнөөдөр Монголчуудын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болсон. Иргэний үнэмлэх дээр тавьж байгаа овгийг гэрлэлтээ шийдэх, цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зүйтэй болов уу. 

 

Бидэнтэй ярилцсан баярлалаа. 

 

24tsag.mn Б.Батчимэг



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>