144 айлын орон сууц ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Б.Отгонбаяр, "Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан, тус байрны оршин суугчдын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл болгож дөрвөн иргэнд байрных нь түлхүүрийг гардууллаа.
УИХ-аас баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн ИТХ – аас "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” – ыг баталсан. Нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбай буюу Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа бөгөөд 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Эдгээр байршилд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын 130 га газарт " Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байсан. Мөн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд цэцэрлэг, сургуулийн цогцолбор барилгыг "Бэрэн” ХХК барьж, ашиглалтад оруулж байсан бол энэ удаад "Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тус байршил нь 51 га газар нутагтай, нийт 275 нэгж талбарыг хамарч байгаа юм. "Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг барихаар төсөл хэрэгжүүлж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат "2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд уг барилгын шавыг тавьж, дэд бүтэц барилгын ажлыг хамт эхлүүлж байсан. Өнөөдөр иргэдийн хүсэн хүлээсэн зүйл биеллээ олж, Монгол түмний их баяр наадмын өмнө зуны дэлгэр сайхан өдөр 100 гаруй айл өрх шинэ орон сууцанд орж байгаад таатай байна. Уг ажлыг хариуцан гүйцэтгэсэн "Баганат Өргөө” ХХК-ийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн наймдугаар сарын сүүлээр 800 гаруй айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил ар араасаа ундарсаар байх болно” гэдгийг онцлон хэллээ.
Харин төсөл хэрэгжүүлэгч "Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан "Энэ өдөр бидний бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баярын өдөр тохиож байна. 2013 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны иргэдийн 84.6 хувийн дэмжлэгтэйгээр 1990 - ээд оноос тасраад байсан Улаанбаатар хотын орон сууцны цогцолбор хорооллыг монгол инженерүүд өөрийн гараар цогцлоон байгуулж байна. "Баганат хороолол” нь Улаанбаатар хотын зүүн бүсийн өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн жишиг хороолол болох юм. Уг төслийг санаачлагчид болон хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлье” гэлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар буурахын зэрэгцээ нийгмийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.