АН-ын ҮЗХ гишүүдийнхээ шаардлагаар хуралдах уу

1641

АН-ын ҮЗХ гишүүдийнхээ шаардлагаар хуралдах ууЭрх баригч Ардчилсан намын томчуудын гаргаж буй болчимгүй шийдвэр, алдаатай үйлдэл, тэр дундаа Засгийн газар, Ерөнхий сайдын хүрээллийг тойрон өрнөж буй дуулиан тус намын жирийн гишүүдийг эмзэглүүлж, хөдөлгөөнд оруулж эхэллээ.

АН-ын ҮЗХ сүүлийн дөрвөн жил орчим хуралдаагүй. Дүрмийн дагуу ҮЗХ-ны ротацийн сонгууль явуулах ёстой

Энэ нь эдийн засгийг аврах 100 хоногийн төлөвлөгөө боловсруулж, өнөө маргаашгүй ажлаа тайлагнах гэж буй Шинэчлэлийн Засгийн газарт хөндлөнгөөс орж ирж буй цохилт болж магадгүй байна. Р.Амаржаргал гиш үүн саяхан өгсөн ярилцлагадаа "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт "худалдсан” хүн бол ер нь Засгийн газрыг дээд зэргээр хорлоё гэсэн хүн л байсан байх. Зуу хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гэдэг нь эцсийн дүндээ нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр” хэмээн хэлээд авсан байна лээ.

Өнгөрсөн 100 өдөр эдийн засагт дорвитой өөрчлөлт гарах нь бүү хэл нийгмийг улсын төсвөөс мөнгө завшсан гэх Ерөнхий сайдын багийнхны хэрэг гайхашруулж байна. Ийм үед Ардчилсан намын зарим гишүүн намынхаа Үндэсний зөвл өлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлага тавьж эхэлсэн бол зарим нь ҮАБЗ-ийн гишүүдэд хандаж мэдэгдэл гаргав.

Нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Ж.Мурат тэргүүтэй нөхөд жигүүр байгуулж, удирдлагууддаа Ардчилсан намын ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага тавьж байв. Тэд Ардчилсан намын одоо мөрдөж буй дүрмийг эрх зүйн чадамжгүй баримт. Тиймээс намын Хяналтын ерөнхий хороо, Бодлогын зөвлөл, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, Хэрэг эрхлэх газраас гарч байгаа шийдвэрүүд олонхийнх биш хэмээн үзэж буйгаа нуугаагүй.

Мөн жигүүрийнхэн намын удирдлагууд гишүүдийн байр суурийг сонсох биш, тэдний үзэл бодлыг хориглож, зөвхөн өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргадаг байдлаа зогсоох, намын дотоод ардчиллыг сэргээх, нам доторх чөлөөт сонгуулийг эхлүүлэх зэрэг цөөнгүй шаардлага тавьсан. Түүнчлэн "Төрийн алба руу намын гишүүд биш, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ах дүү, хамаатан садан шургалдаг гажиг тогтолцоо бий болсон.

Энэ цоорхойгоор намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар "А” ч байхгүй хүмүүс төрийн албанд орж ирэх болов. Тэр хүмүүс ямар замаар гарч ирсэн, тэр замаа л цааш нь үргэлжлүүлнэ үү гэхээс, АН ард түмний өмнө юу амласан, намын гишүүдийн өмнө ямар үүрэг хүлээсэн бэ гэдгийг мэддэггүй. Ингээд жирийн гишүүдийн эгдүүг хүргэж, цаашлаад намын нэр хүнд унахад нөлөөлж байна. Тэд ажлаа намын гишүүдэд тайлагнахгүй. Харин АН-ын гишүүд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэж, тайлангаа заавал сонсдог” гэсэн гомдол хэлж байсан юм.

АН-ын ҮЗХ сүүлийн дөрвөн жил орчим хуралдаагүй. Дүрмийн дагуу ҮЗХ-ны ротацийн сонгууль явуулах ёстой. ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёр хувийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа. Одоогоор 180 орчим гишүүн ротацийн сонгуульд өрсөлдөх шийдвэр хүлээж байгаа гэдэг. Юутай ч ҮЗХ-ны хурал хойшилж буй шалтгааныг жигүүрийнхэн тухайн үед "Өөрсдийгөө дархлах хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүсийн сонирхолтой холбоотой. Сүүлийн 3-4 жилд АН-ын удирдлагыг цөөн тооны хэдэн нөхөр атгачихаад, нам доторх эрүүл саруул уур амьсгалыг тасалж, намын дотоод чөлөөт сонгуулийг хаан боогдуулж байна” хэмээн тайлбарлаж байсан юм.

Тус намынхан дотооддоо ийн үймж, намын ҮЗХ-г хуралдах эс хуралдахыг гишүүд шийдэх үү, намын удирдлага шийдэх үү гэдэгтээ тулж мэдэхээр болжээ.

Гэвч энэ шаардлага хол яваагүй. Энэ нь тэдэнд "Гомдогсдын арми” гэх нэр оноож өгсөнтэй нь холбоотой. АН-ын удирдлага шинэ жигүүрийг Н.Алтанхуягийг намын даргаас унагах шалтаг гэж үзэж байсан. Харин Ж.Мурат тэргүүтэй жигүүрийнхнийг УИХ-ын гишүүн, Х.Баттулга, Р.Амаржаргал нар дэмжиж, намын дүрэмд өөрчлөлт оруулах саналыг БШУ-ы сайд Л.Гантөмөр, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, Г.Баярсайхан, Д.Ганбат нар дэмжиж байв. Тэгвэл үүнээс хойш нэг жилийн дараа АН-ын гишүүд дахин хөдөлгөөнд орж, намын ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьж эхэлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн ҮАБЗ-ийн гишүүдэд хандсан тус намын гишүүдийн мэдэгдэл олны анхаарлын төвд оров. Тэд "Улс орныхоо хувь заяаг бүрэн хариуцах боломжийг олж авах гэсэн монголчууд бидний 320 жилийн хүсэл тэмүүлэл зөвхөн Ардчилсан хувьсгалын ачаар биелсэн билээ. Өчүүхэн жижиг эрх ашгаа хойш тавьж, улс орноо бодож, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэж олон удаа итгэл сэтгэлээ харамгүй өгцгөөсөн.

Заримд нь олон удаа итгэл хүлээлгэж, ардын хүүгийн хүрч зүүдэлшгүй сэнтийд суулгалаа. Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Улсын Их Хурлын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсэж. Одоо бие бие рүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа ардчилагчдыг л харж байна. Бид хаашаа яваад байгаа юм бэ, бидний зорьж байсан ардчилал маань юу авчрав, хүний эрх, эрх чөлөө хаана байна. Үүнийг дахин нэг бодох цаг иржээ. Өнөөдөр олон гэргий дэрээ норгож, үрс нь хичээлдээ явахаас халширдаг болсны хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн байна. Тус намынхан дотооддоо ийн үймж, намын ҮЗХ-г хуралдах эс хуралдахыг гишүүд шийдэх үү, намын удирдлага шийдэх үү гэдэгтээ тулж мэдэхээр болжээ.

Ugluu-logo

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>